Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2276

 

 

 

 

 

 

 

 

 

С.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэртэй, С.Лгийн нэхэмжлэлтэй, хариуцагч СЯ, “ТА-3” төсөлд холбогдох, ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О,

Хариуцагч “ТА-3” төслийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Л нь “ТА-3” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сум дэмжих багт Санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1 200 000 төгрөгийн цалинтай, 8 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэтэл төслийн нэгжээс ажилласан нийт хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээг заасан бөгөөд ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөхөөр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ” гэж заасан. Нэхэмжлэгч С.Л нь хуульд заасан шаардлагыг хангасан, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байсан бөгөөд “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгжээс түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байна. С.Лгийн авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу /15, түүнээс дээш жил шимтгэл төлж ажилласан бол 70 хувиар/ 2 710 188 төгрөг болж байна.

Мөн “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон С.Л нарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ”, 9.2-д “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговор олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор 864 000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Монгол Улсын СЯнаас нэхэмжлэгчид олгогдох байсан ажилгүйдлийн тэтгэмж, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Лтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1 300 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж тодорхой заасан байгаа. Үүний дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үндсэн цалингаас 130 000 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төлдөг байсан. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг С.Лгийн гарт олгох цалин дээр нэмж, нийт 1 170 000 төгрөгийг сар бүр олгосон юм. Тодруулбал энэхүү 1 300 000 төгрөгт ажил олгогчийн зүгээс төлөх ёстой 11 хувь болох 143 000 төгрөг болон даатгуулагчаас төлөх ёстой 10 хувь болох 130 000 төгрөг буюу нийт 21 хувь болох 273 000 төгрөг багтсан. Өөрөөр хэлбэл даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаж 897 000 төгрөгийг тухайн ажилтны гарт олгох ёстой юм. Иймд нэхэмжлэгч С.Лд өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 8 сарын хугацаанд нийт 2 184 000 төгрөгийг гарт нь илүү төлсөн байна.

Хэрэв нэхэмжлэгч энэ талаар хохирсон гэж үзэж байгаа бол бидний өгсөн 8 сарын илүү төлсөн нийт 2 184 000 төгрөгийг буцааж өгөх ёстой. Тодруулбал иргэн С.Л хохирсон биш илүү хөлс авч байсан гэж үзэх үндэслэлтэй. 2 184 000 төгрөгийг бидэнд өгвөл нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилтийг хийлгэж өгч болох юм. Нөгөө талаар, нэхэмжлэгч ажлаас халагдсан биш, шийдвэр гараагүй, ажиллаж байсан гэрээний хугацаа л дууссан. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй юм.

С.Лтэй хийсэн гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ. Учир нь “Тогтвортой амьжиргаа III” төсөл нь тодорхой хугацаатай, уг хугацаандаа тодорхой ажлыг хийж гүйцэтгэн дуусах төсөл учраас нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой. Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “.. гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж, мөн 9.2 дахь хэсэгт “... жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заасан. Энэ нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, ажил олгогч ажилтныг заавал амраах гэсэн зохицуулалт ч биш, өөрөөр хэлбэл тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад СЯ, “ТА-3” төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй.

Харин С.Л амраагүй тул түүнд олгох ёстой амралтын хөлс тооцохгүйгээр гэрээний хөлсийг бүтнээр нь олгосон. Иймд С.Л гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг сар бүр бүрэн олгосон. Манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож, гэрээний үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд цалин мөнгө авч байсан ч ажлын байр, ширээ, сандал байгаагүй ба ажиллаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ТА-3” төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТА-3” төслийн нэгж нь СЯны харъяа нэгж бөгөөд хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай ижил байр суурьтай байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-ийг баримтлан “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгж болон СЯнаас ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Лгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгжийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу нийт ажилласан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлээгүй. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж заасан ба үүнийг заавал хөлсөөр ажиллуулагч хийнэ гэж ойлгогдохгүй байна” гэж дурдсан. Хуулийн дээрх заалт нь ажил олгогч болон ажилтанд аль алинд нь хамаарах, ялангуяа улсын төсвийн асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг СЯанд бүр ч хамаарал бүхий заалт юм. Гэтэл шүүх зөвхөн ажилтанд хамааруулан заасан байгаа нь Нийгмийн даатгалын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүхийн шийдвэрт “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд зааснаар харъяалах нийгмийн даатгалын байгууллагад ажилгүй болсноо бүртгүүлж ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлөө өгөх ёстой байтал хугацаанд нь бүртгүүлээгүй, өргөдлөө өгсөн эсэх талаар нотлох баримтгүй байна” гэсэн. Нийгмийн даатгалаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд “даатгуулагч ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ” гэж заасан. Үүнээс үзэхэд даатгуулагч харьяалах нийгмийн даатгалын байгууллагад ажилгүй болсноо бүртгүүлж өргөдлөө өгөхөөсөө өмнө ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн эсэх нь чухал юм. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэмж авах өргөдлөө өгөх нь ямар ч ач холбогдолгүй.

Иймд шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөлсөөр ажиллах гэрээний хүчин төгөлдөр бус заалтыг баримталсан. Шүүхийн шийдвэрт “хөлсөөр ажиллах гэрээний 4.1 зааснаар хариуцагч хүн амын орлогын албан татварт 130 000 төгрөг суутган авч үлдсэнийг ажилтанд өгч байсан тул хөлсөөр ажиллагч нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөхөөр байжээ. Талууд гэрээгээр ингэж тохиролцсныг буруутгах боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйд нэхэмжлэгч өөрөө буруутай байна” гэжээ. Гэрээний дээрх 4.1-д заасан нь хууль холбогдох журамд үл нийцсэн, хүчин төгөлдөр бус тохиролцоо юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт даатгуулагч болон ажиллуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн хувааж төлөх талаар журамлаж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл тус бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 16 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Түүнчлэн, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр батласан Гадаад зээлийн журмын 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харьяалагдах татварын болон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэх нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн чиг үүрэг байна” гэж заасан. Үүнээс үзэхэд даатгуулагчийн нийгмийн даатгалыг шимтгэлийг хуульд заасан журмын дагуу төлөх үүргээ СЯ болон төсөл хэрэгжүүлэх нэгж зөрчсөн. Хэрэв энэхүү үүргээ зөрчөөгүй бол нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэмж авах эрхтэй байсан.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна” гэж зааснаар учирсан хохирлоо нэхэмжилсэн. Хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Хөлсөөр ажиллах гэрээний 9.1-д “ажилтны жилд авах ээлжийн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ”, 9.2-т “ажилтны ээлжийн амралтын хугацаанд ажлын дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж заасан байхад шүүх нэхэмжлэгч ээлжийн амралт эдлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш ээлжийн амралт эдлүүлэх үндэслэлгүй байгаа тул олговор олгогдохгүй болно. Мөн нэхэмжлэгч ажлын байр, ширээ сандал, компьютер зэрэг ажлын хэрэгслээр хангагдаагүй тул нэхэмжлэгч ажилласан нь тодорхойгүй байна гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийг нийт 9 сар ажилласан гэдэгт талууд маргаагүй бөгөөд зөвхөн ээлжийн амралт олгох нь үндэслэлтэй эсэх дээр маргасан.

Гэрээнд заасан нөхцлийг хангасан тохиолдолд ээлжийн амралтын олговор олгохоор заасан тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хариуцагч ээлжийн амралтын олговрыг олгох үүргээ зөрчсөн тул учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч “ТА-3” төсөл, СЯ нарт холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3 574 188 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч “С.Лтэй хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан ба гэрээний хугацаа дууссан, хохироосон зүйлгүй” гэж маргажээ.

 

Хариуцагч СЯ нь “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын дагуу “ТА-3” төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, орон тоо бүтэц бүрэлдэхүүнийг баталж, төслийн зохицуулагчаас нэхэмжлэгч С.Лг Өвөрхангай аймгийн сум дэмжих багийн Санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллуулахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээг 2 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх 84-85, 4-12, /

 

Нэхэмжлэгч С.Л нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллуулагч нь ажиллагчийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, шимтгэлийг заавал төлөх байтал уг үүргээ биелүүлээгүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлажээ.

 

Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4.1-д “ажилтан С.Лгийн ажлын хөлсийг сарын 1 300 000 төгрөг байх, үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан байх”-аар тохиролцсон байна. Хэрэгт авагдсан “ТА-3” төсөл Сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт /хх54-74/, Төрийн банк дахь С.Лгийн нэрийн дансны хуулга /хх12-18/ гэх баримтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид сар бүр 1 170 000 төгрөгийг олгож, хүн амын орлогын албан татварт 130 000 төгрөгийг суутган авч байсан нь тогтоогджээ.

 

Дээрх гэрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд олгох ажлын хөлсөнд багтахаар зохицуулсан байгаа нь ажиллагч өөрөө даатгалын хураамжийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулахыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зохицуулсан боловч хуулийн дээрх заалт нь даатгалын хураамж төлөхийг ажиллуулагч талд үүрэг болгосон гэж үзэхээргүй байгааг  шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговорт 864 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гэрээнд зааснаар ээлжийн амралтыг гэрээт ажлыг гүйцэтгэж байх хугацаанд эдлэх боломжтой байсан байжээ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зохицуулсан боловч энэ тохиолдол нь нэхэмжлэгчид хамаарахгүй тул шаардах эрхгүй гэж үзнэ. Тодруулбал, урамшуулал олгох журмыг талууд хамтын гэрээгээр буюу ажилтантай тохиролцсоны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд шаардах эрхтэй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний талуудын хувьд хамтын гэрээ болон эрх бүхий албан тушаалтны гаргасан ээлжийн амралтын олговор олгох талаар шийдвэргүй байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан дурдсанаар хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2017/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА