Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 04

 

Э-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0004/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Э нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т, шүүгдэгч Э нарын давж заалдах гомдлоор Э-д холбогдох эрүүгийн 1839000000267 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1967 онд төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-172-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын эрүүгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 01 жил 02 сарын хорих ялаар, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дахь сумын дундын 1 дүгээр шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 03 жил 08 сарын хорих ялаар, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Д-н Э нь  2018  оны 02  дугаар сарын 03,  2018 оны 8 дугаар сарын 10,  2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн

 

 

сумын 5 дугаар багт өөрийн төрсөн эх, ахмад настан Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О овогт Д-н Э-г ахмад настны эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 06 /зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Т давж заалдах гомдолдоо: Миний хүү Э нь гарын дүйтэй, цахилгаанчны 3 дугаар зэрэгтэй, жолооч мэргэжилтэй бөгөөд 2012 оноос хойш машин, дугуй засварын газар нээж ажиллуулах болсон. Хүмүүс хүүг маань хүнд тусархуу, зөөлөн зантай болохоор нь машинаа засуулахдаа архи барьж ирж уулгах болсон. Миний хүү эхнэр, 4 хүүхэдтэй байсан боловч архинаас болж 2015 онд эхнэр нь салсан. Одоо надтай хамт амьдарч байна. Гэр бүлээсээ салснаасаа болоод ч юм уу архи их уудаг болсон. Би хүүгээ архи уулаа гэж их загнадаг. Би өөрөө их ширүүн ааштай хүн юм. Миний хүү архи ууж хүнтэй муудалцаж шүүхээр хэд хэдэн удаа ял шийтгэгдэж байсан боловч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, эрүүл үедээ их халамжтай хүн юм. 2018 оны 02, 8, 10 дугаар саруудад согтуу ирээд агсам тавьж, түлхэх зэрэг үйлдэл гаргасан боловч намайг зодсон зүйл байхгүй. Тэр үед би хүүгээ эрүүлжүүлэх дуудаж өгөөд маргааш нь очиж авсан юм. Миний хүү Э нь бие муутай, архаг сүрьеэтэй, татаж унадаг, бөөрний архаг үрэвсэлтэй, эмчийн байнгын хяналтад байдаг. Энэ талаарх баримттай картаа группд орох гээд сүрьеэгийн эмнэлэгт өгчхөөд аваагүй байна. Иймд миний хүүд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Би цагдан хорих байранд хоригдож байгаа бөгөөд биеийн байдал хүндэвтэр байна. Уушгины сүрьеэтэй, зүрх хатууралтай учир босож суух, хэвтэхэд хүндрэлтэй, зүүн талын гар, хөл уушги, зүрхний цочролд орсон тул хөдөлгөөн муутай болсон. Мөн миний бие сүрьеэгийн диспансерийн эмчийн байнгын хяналтад байдаг бөгөөд намайг амны хаалт, хамгаалах хэрэгсэлгүйгээр олон нийтийн болон үзвэр үйлчилгээний газар явахыг хориглосон юм. Биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Э нь 2018 оны 02 дугаар сарын 03, 2018  оны 8 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд өөрийн төрсөн эх болох Т-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс нийт 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс  цагдан хоригдсон хугацааг нь оруулан тооцсон. Мөн 2018 оны 8 дугааар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн эх болох Т-г зодож, 30 хоног баривчлах ял

 

 

авч байсан. Тухайн үед Э нь ээжийгээ дахин зодохгүй, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж мэдүүлж байсан ч одоо дахин зодож удаа дараа гэмт хэрэг үйлдсэн. Ийм учраас анхан шатны шүүхээс 01 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Э-д холбогдох хэргийг хохирогч Т болон шүүгдэгч Д-н давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Э нь 2018 оны 02 дугаар сарын 03, 2018 оны 8 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт, өөрийн гэртээ төрсөн эх, 75 настай ахмад настан Т-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүү Э согтуу ирж, та нарыг ална, хядна, цагдаа дуудсан байна, та нараас болж би шоронд ордог гээд модон сандал барьж цохих гээд байсан. Тэгтэл хоолны кетчуп барьж аваад миний баруун шанаа руу цохьсон. Сүүлийн үед өдөр шөнөгүй архи ууж, намайг дарамтлаад байх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, гэрч Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ээжийн хамраас нь цус гарч, хувцас нь цус болчихсон байсан. Өмнө нь хутга барьж айлгасан, агсам тавьж, гар хөлийг нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9, 12 хуудас/, гэрч Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ах Э нь ээжид минь агсам согтуу тавьж, хөл гар луу нь цохьсон асуудлаар баривчлагдаж байсан. Сая хацарт нь цохиж, хамраас нь цус гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Э-н үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, үйлдлийг зөв зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хохирогч Т болон шүүгдэгч Э давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т, шүүгдэгч Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э нь шийтгэх тогтоол гарснаас хойш 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

                                                             Я.АЛТАННАВЧ