| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0682/З |
| Дугаар | 434 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 434
2020 оны 06 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2020/0434 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” НҮТББ
Хариуцагч: Б О, А Ж С
Нэхэмжлэлийн шаардлага: “М” НҮТББ-ын “Б О, А Ж С 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дугаар тушаалын “М” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, түүний өмгөөлөгч Г.М, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай сургууль анх 1998 онд байгуулагдсан бөгөөд одоо 12 бүрэлдэхүүн сургууль, нийт 13087 оюутан, үүнээс гадаадын 200 гаруй оюутан, 600 гаруй эрдэмтэн багш, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдсанаас хойших 20 гаран жилийн хугацаанд олон чиглэлээр мэргэшсэн 5000 гаруй оюутныг төгсгөн эх орныхоо бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оролцуулж байгаа бөгөөд Монгол Улсын боловсролын салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг томоохон сургуулиудын нэг болсон.
М нь Б орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулыг дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт Зайсангийн аманд 15.5 га талбайг эко сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар хууль журмын дагуу сургалтын бааз болгон ашиглах эрхтэй болсон.
Гэтэл Б О, А Ж С–ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, 2017 оны 05 дугаар сарын 16-ны А/128 дугаар тушаалуудаар манай сургуулийн ашигладаг газрын зарим хэсгийг цуцалсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0633 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2019/0078 дугаар магадлалыг тус тус үндэслэн Б О, А Ж С–ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны А/308 дугаар тушаалаар “М” –ийн авто зогсоол баригдаагүй 7210.87 м2 газрыг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээсэн.
Үүний дагуу бид үйл ажиллагаагаа явуулах гэж байтал тушаал гарснаас хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/35. дугаар тушаал гарган, өмнө нь гаргасан А/308 тушаалаа хүчингүйд тооцон, манай сургуулийн нэр дээр олгосон байсан /10.0 га 15.5 га/ 2 газрыг бүхэлд нь хүчингүй болгосон байна.
Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тушаал гаргах гэж байгаа талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанид албан бичиг ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1068 дугаар албан бичгээс энэ талаар олж мэдсэн учраас хуулийн хугацаанд гомдлоо гаргаж байна.
Манай сургууль дээрх газруудыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах” 2016/0109, 2016/375 дугаар гэрчилгээ, хавсралтад бичигдсэн геодезийн солбицлын дагуу дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулан ашиглаж байтал Б О, А Ж С газар ашиглах эрх цуцалсан шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “урьдчилсан мэдэгдэх, оролцоог хангах” тусгай зарчмуудыг баримтлаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19.1 дүгээр зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах тогтолцоо бүрдүүлэх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан иргэнийхээ өмнө хариуцахаар зохицуулсан байдаг тул Б О, А Ж С Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан зорилгыг зөвхөн хуульд заасан журмаар хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Гэтэл Б О, А Ж С 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дугаар тушаалаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12, 27.1 зүгээр зүйлд заасан үндэслэлээр, хууль бусаар газар ашиглах эрхийг цуцалж, манай сургуулийн сургалтын бодлого төлөвлөгөө, гадаад харилцааны хамтын ажиллагааг тасалдуулж, олон зуун оюутнуудын сурч мэдэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Адил эрх, үүрэгтэй төрийн байгууллагууд нэгнийхээ гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн шүүхийн шийдвэр биелүүлсэн мэт дүр үзүүлж, тушаал гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дутуу хийсэн атлаа газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлгүй тушаалыг дахин гаргаж, төр, хууль шүүхийн өмнө хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчин, дахин хохироож байгаад харамсаж байна.
Манай сургуулийн зүгээс Зайсангийн аманд газар ашиглах эрхтэй болсноос хойш, хууль дүрэм журмыг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаагүй бөгөөд харин хамгаалалттай газар нутагт байгаагаа ухааран цэвэрлэгээ үйлчилгээг өдөр тутам хийж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн.
Гэтэл төрийн байгууллагын туйлбаргүй бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалан өнөөдрийг хүртэлх хугацаанд эдийн засгийн ихээхэн хохирол амссаар байна. Тус яамны зүгээс бидэнд өмнө учруулсан хохирлоо барагдуулаагүй ч газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахаар нь хүлээцтэй хандаж байтал дахин биднийг үл тоосон шийдвэр гаргасан тул тус яамны сайдын тушаалтай холбоотой үүссэн хохирлоо тооцон нэхэмжлэх болно.
Иймд Б О, А Ж С–ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дугаар тушаалын “М” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын боловсролын хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий актыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасныг үндэслэн гаргасан гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий актад энэ талаар заагаагүй буюу 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн болохыг анхаарч үзэхийг хүсэж байна.
Маргаан бүхий актын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” гэж заасан байдаг бөгөөд зөвшөөрөгдсөн зураг төслийн баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Б О, А Ж яам, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас заавал төсөл бичүүлж авдаг. Нэгдүгээрт, хариуцагч нь маргаан бүхий актад заагаагүй хууль зүйн үндэслэл ярьж байна. Хоёрдугаарт, актад заасан үндэслэл нь огт байхгүй буюу үндэслэлгүй байна. Гуравдугаарт, Хог хаягдлын тухай хуульд заасныг зөрчсөн тухайд үйл ажиллагаа явуулж байгаа бол бүгд хаягдал гаргана. Тэр хавиар тарааж хаяагүй. Энэ талаар хариуцагч баримтжуулж авсан зүйл байхгүй. Олон нийтэд, байгаль орчинд ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-д захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэсэн зохицуулалттай. Уг газрын ашиглах эрх нь “Э” ХХК дээр үүссэн. Үүнээс хойш эрх шилжиж явсныг тооцвол 10 гаруй жил болж байгаа тул үндэслэлгүй юм. Богдхан уулын ам болгонд хэдэн зуугаар отоглох болон аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулсан байдаг бөгөөд дотроос нь түүж цуцалсан. Улсын Их Хурлын 1996 оны тогтоолоор нэгэнт суурьшил үүссэн учир суурьшлын бүс болгон өөрчлөн тогтоосон байдаг. Улсын Их Хурлын тогтоол нь хуулийн дараа орох хүчин чадалтай шийдвэр. Энэ талаар хариуцагч нар шүүхэд тайлбарлахгүй байна. Хариуцагчийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-ын өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч анхнаасаа хууль зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөж шийдвэрлэсэн тухайгаа ярьж байна. “Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг Б О, А Ж Я 4 удаа хүчингүй болгосон. Эдгээр тохиолдлуудад миний бие өмгөөлөгчөөр ажиллаж эрхийг нь сэргээлгэж байсан. 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Дараа нь зөвшөөрөхгүй байгаа учир боловсрол тал руу нь чиглүүлэхээр 2016 онд М- д шилжүүлсэн. Гэтэл 2017 онд эрхийг нь цуцалсан. Шүүхийн үзлэг хийсэн материал хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. Тухайн үед эко ой болгох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн хүмүүс оюутнуудыг удирдан ажиллаж байхад Б О, А Ж С, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлээс хүмүүс очиж суурилуулсан модыг нь миний нүдэн дээр сугалан ачиж явсан бөгөөд гэрээний зөрчил гараад их хэмжээний төлбөр төлж байсан.
Хохирсон асуудал дээр 5 жил тутамд тодотгол хийх ёстой гэсэн шаардлага гарч ирээгүй, түүнчлэн 2 жил дараалан ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлах ямар ч үндэслэл байхгүй.
Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг; газрын төлбөрөөс чөлөөлнө” гэснийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар “өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй асрамжийн болон бүх шатны боловсролын байгууллагыг улсын тусгай хамгаалалттай газраас бусад газар дахь эзэмшиж, ашиглаж буй газрынх нь” гэж өөрчлөгдсөн.
Хэрэв тусгай хамгаалалттай газрын төлбөрийг нэхэж байгаа бол 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш яригдах асуудал. Ямар нэгэн байдлаар зөрчилтэй байх ёстой гээд цуцлах ёстой заалтуудыг бүгдийг нь хэрэглээд байж болохгүй. Бид хуульч нар учраас хууль хэрэглээний асуудлаар хууль зүйн үндэслэлтэй юм ярих ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл нь нэхэмжлэгч талд хамаагүй. Газар ашиглах эрх цуцалснаа мэдэгдсэн тухайд;
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн бол яагаад 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахиад сэргээсэн юм. Мөн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр www.mnе.mn сайтаар мэдэгдсэн гэж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан гэдэг. Төрийн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлийг баримталж, сонсох ажиллагааг хийсэн талаар баримт байхгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар ашиглалтын хориглох үйл ажиллагааг тогтоосон. Хэрэв уг хориглолтыг зөрчвөл газар ашиглах эрхийг дуусгавар болгодог. Энэ нөхцөл тогтоогддоггүй. Мөн хог хаягдлын тухайд;
Уг амралтын газрыг миний бие мэддэг болсноос хойш Хан-Уул дүүргийн хог хаягдлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэг ч удаа цэвэрлэж байгааг мэдэхгүй. Харин төрийн бус байгууллага, оюутнууд, сургууль өөрсдөө санаачлаад хогыг цэвэрлэж байсныг, цэвэрлэснээс хойш 2 цагийн дараа ямар болчихсон байдгийг энэ хүмүүс мэдэхгүй. Хэчнээн муу
хэлүүлдэг ч гэсэн энэ олон хүний тухтай байдлыг хангах, газар ашиглах эрхээ хэвээр үлдээхийн тулд М олон жилийн турш тэмцэж ирсэн. Одоо бол “Э” ХХК-тай холбоотой асуудал биш. Өөрсдөө М-д олгочихоод гэрээний дагуу 5 жил болоогүй байхад цуцалсан. Шүүхээс буруу, зөв олгосон талаар судласны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг бөгөөд өмнөх шүүхийн шийдвэр нь зөвхөн авто замтай холбоотой асуудал биш. Нэгэнт дүгнэсэн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр акт байна. Шүүхийн шийдвэрт анхнаасаа аялал жуулчлалын зориулалтаар олгох ёсгүй байсан учир хүчингүй болголоо гэсэн зүйл байхгүй. Төрийн байгууллага газар ашиглах эрхийг бусдад өгсний дараа ийм асуудал үүсгэсэн байна. Иймд хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгжийг хохиролгүй болго эсхүл газар ашиглах эрхийг сэргээх акт гаргах тухай заасан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу албадан сэргээлгэх арга хэмжээ авсан.
Б О, А Ж Я нь 1995, 2002 оноос авахуулаад Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам, тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх олгох журам зэрэг олон дүрэм, журам баталсан бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт газрыг дандаа аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Эдгээр журмуудын нэгийг ч хүчингүй болгоогүй байж иргэн, аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хүнд байдалд оруулж байгаа нь хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль бус актыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.
“М” НҮТББ нь Богдхан уулын Зайсангийн аманд эко сургууль, аялал жуулчлалын зориулалтаар 15.5 га болон 10.0 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 15.5 га талбай бүхий газрыг эко сургууль зориулалтаар, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр
тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар 10.0 га талбайг ашиглах эрх олгожээ.
Б О, А Ж Я 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох” тухай А/5. дугаарын тушаалын гол үндэслэл нь сайдын эрх хэмжээ болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал болон эко сургууль гэсэн хуульд заагаагүй шинэ нэр, томъёо зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж, төрийн холбогдох байгууллагаар баталгаажуулснаар нотлогддог.
Б О, А Ж Я захиргааны акт гаргах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Б О, А Ж Я “mne.mn” сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар хүргүүлж, гардуулсан болно.
Иймд дээх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б О, А Ж С–ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох” тухай А/35. дугаар тушаалын хавсралтын 44, 45 дугаар хэсэгт “М” НҮТББ нь Зайсангийн аманд байрлах 15.5 га нь Б О, А Ж С 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/11. дугаар, 10 га нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/18. дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүйд тооцсон байна.
“Э” ХХК-ийн ерөнхий захирал Л.М гаргасан газар цуцлуулах хүсэлтийн дагуу газрыг цуцалж, “М” НҮТББ-д /захирал Л.М/ газар ашиглах эрхийг маргаан бүхий байршлыг дээрх 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар гэрээгээр дуусгавар болсон газрыг олгож, хууль зөрчсөн.
Энэхүү үйл баримт нь “Э” ХХК-иас “М”НҮТББ нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг захиралтай гэдэг нь 2 компанийн ирүүлсэн албан бичиг, хүсэлтээр нотлогддог.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “Э” ХХК-иас газар ашиглах эрхийг “М” НҮТББ нь шилжүүлж авсан гэж ярьсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрх олгоно, эрх цуцална гэсэн 2 зохицуулалт байдаг бөгөөд газар ашиглах эрхийг шилжүүлж байгаа нь хууль зөрчсөн. Мөн аялал жуулчлал, эко сургуулийн зориулалтаар эрх олгосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн, гэрээнд төлбөр тусгаагүй нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Хууль зөрчиж гаргасан захиргааны акт нь гараад 5 жилийн хугацаа болоогүй учир Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хамаарч байгаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Маргаан бүхий захиргааны акт болох Б О, А Ж С–ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосны дотор дээрх тушаалын хавсралтын 44-д М-д Зайсангийн аманд аялал жуулчлал, сургуулийн зориулалтаар олгосон 15,5 га газар”, хавсралтын 45-д М-д Зайсангийн аманд аялал жуулчлал, сургуулийн зориулалтаар олгосон 10,0 га газар” тус тус багтжээ.
Нэхэмжлэгч “М” НҮТББ нь дээрх тушаалын өөрт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ” ...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулаагүй. ...Зөрчил гаргаагүй. ...өмнө нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгогдсон газрыг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгож, хууль зөрчсөн. ...Эрх зүйн үр дагавар, үнэлэлт, дүгнэлт нь өөр өөр шинжийг агуулсан акт гаргасан нь М болон түүнд суралцагч олон зуун оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ... Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох зарчмыг хэрэгжүүлээгүй.
...Тушаал хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагч нь “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал болон эко сургууль гэсэн хуульд заагаагүй зориулалтаар газар олгож, хууль зөрчсөн. ...Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал байгалийн цогцолбор газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон нь төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх ашиг зөрчигдсөн. ...Мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан.... Тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргааны үйл баримтаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн А/116 дугаар тушаалаар[2] М-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Зайсангийн аманд 15,5 га газрыг эко сургуулийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/0109 дугаар гэрчилгээ[3] олгон, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч М-ийн хооронд газар ашиглах 2016/149 дугаартай гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн А/189 дугаар тушаалаар[4] М-д Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Зайсангийн аманд 10,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/375 дугаар гэрчилгээ[5] олгон, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, газар ашиглагч М хооронд газар ашиглах 2016/151 дугаартай гэрээг 2021 оны 6 дүгээр сарын 9-ныг хүртэл хугацаагаар байгуулсан, Б О, А Ж С–ын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/308 дуаар тушаалаар[6] Монгол Улсын үндэсний их сургуулийн авто зогсоол баригдаагүй 7210,87 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж шийдвэрлэсэн атлаа 14 хоногийн дараа маргаан бүхий Б О, А Ж С–ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дуаар тушаалаар [7] Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал, жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр М-д олгосон 25,5 га газар ашиглах эрхийг /газар ашиглах эрх олгосон тушаалуудыг/ хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд ... Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар, 37 дугаар зүйлийн 1-д
“Сум, дүүргийн Засаг дарга нь газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулах”-аар тус тус заажээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг хуульчлан тогтоосон, тодруулбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмыг дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, 12 дугаар зүйлийн 1, 5, 6-д зааснаар дархан цаазат газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, дээрхээс өөр барилга, байгууламж барих, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглодог байна.
Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон гол үндэслэлээ Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон нь хууль зөрчсөн гэж тайлбарлан маргаж байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “М” НҮТББ нь маргаан бүхий газарт аялал, жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хүсэлт гаргаж, аялал жуулчлалын цогцолборын ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар батлуулсан, дээрх төлөвлөгөөний дагуу маргаан бүхий газарт Жуулчны 6 байр, жуулчны баазын зориулалттай конторын 2 байр, ажилчдын байр, үйлчилгээний зориулалттай барилга, аялал жуулчлалын гэрүүд, гүний худаг зэрэг хүн түр буудаллах, отоглох, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байрыг барьсан, тэдгээрт байнгын үйл ажиллагаа явуулдаггүй болох нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт нь отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх буюу байнгын бус, түр үйл ажиллагаа явуулахаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх дээрх орон байрыг аялагч болон хүн түр буудаллах, отоглох, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар ашиглаж байх тул дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа буюу өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Зайсангийн аманд нэхэмжлэгчид 15,5 га газрыг эко сургуулийн зориулалтаар ашиглуулахаар
олгосон, нэхэмжлэгч нь дээрх газартаа сургалт, судалгааны төв байгуулахаар төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан Ерөнхий төлөвлөгөөгөөр тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд эко сургуулийн зориулалтаар 15,5 га газар олгосныг Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших, ашиглах эрх нь газар эзэмших ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ба нэгэнт үүссэн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох ёстой.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлон заасан байх бөгөөд 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болох хуулийн зохицуулалттай байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдэд эерэг нөлөөлөл бүхий өөрийн гаргасан хууль бус захиргааны актаа хүчингүй болгох эрхтэй байх хэдий ч ийнхүү хүчингүй болгоход тодорхой хязгаарлалтыг тавьсан, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1-48.2.5-д зааснаар хууль захиргааны хэм хэмжээний актаар , эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй, Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан тохиолдолд хүчингүй болгох хуулийн заалттай байна.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны А/35. дугаар тушаалд дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн алийг баримталснаа заагаагүй байх тул энэхүү захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан” хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг
зөрчсөн байна гэж үзнэ.
Хариуцагч нь “...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол,... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон” гэж маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болгосноор бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газартай хил залгаа, бусад этгээдийн газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаагаа явуулж байгаа, тухайн орчны газар барилгажсан, суурьшлын бүс бий болсон бодит нөхцөл байдалд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор газрын унаган төрх сэргэж, байгаль орчны тэнцвэрт байдал хангагдаж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхол сэргэх боломжгүй тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон ... байх” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч нь дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад / бий болоогүй байхад /дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль бус болжээ.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдан мөрдөгдсөн, мөрдөгдсөнөөс хойш дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох хуулийн зохицуулалтад өөрчлөлт ороогүйн зэрэгцээ Байгаль орчны сайд 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэхүү журмаар дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох, түүнтэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн, энэхүү журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр өмнө нь газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байхын зэрэгцээ энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчимтай нийцээгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь
тухайн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгчтэй хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгосон газар ашиглах эрх хэвээр хадгалагдаж, тэдгээр нь үйл ажиллагаа явуулсаар байхад нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хууль болон Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг тус тус зөрчжээ.
Нэхэмжлэгч нь “... захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахдаа ... урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах тусгай зарчмыг баримтлаагүй ...” гэж тайлбарлан маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “ ... сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан. ... захиргааны акт гарсныг Өдрийн сонины 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаарт байршуулан, баталгаат шуудангаар явуулсан...” гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасан арга, хэлбэрээр явуулаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “нөхцөл байдлыг тогтоох”, “сонсох” ажиллагааг явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Харин захиргааны актыг нэхэмжлэгчид шуудангаар /албан бичгээр/ хүргүүлж, Өдрийн сонины дугаарт “тушаал нь хүчингүй болсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийг нийтэлсэн” байх тул захиргааны актыг мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй байна.
Дээрхээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь газар ашиглах эрх дуусгавар болгох болон өөрийн гаргасан захиргааны актаа хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад нэхэмжлэгчид газар
ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгосон нь хууль бус болжээ.
Иймд маргаан бүхий Б О, А Ж С–ын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/35. дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, уг маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 53-54 дүгээр хуудсанд
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 202-208 дугаар хуудсанд
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 9, 68 дугаар хуудсанд
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 209-215 дугаар хуудсанд
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 13, 43 дугаар хуудсанд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 20-21, 73-75 дугаар хуудсанд