| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02501/И |
| Дугаар | 102/ШШ2017/02546 |
| Огноо | 2017-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02546
| 2017 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/02546 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 18б-р байрны 9 тоотод оршин суух, Номинтав трейд ХХК-д нягтлан бодогч ажилай, регистр НВ82050741, Боржигин овогтой Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 5-64 тоотод оршин суух, Элгэн ХХК-д жолооч ажилтай, регистр НД81042877, Хөх овогтой Т.Е-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагч Т.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Е-тай 2000 онд танилцаж, хамтран амьдарсан. Хамт амьдарсан хугацаанд 2002 оны 8-р сарын 26-нд охин Е.У төрсөн. Бид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд тэр үеэс охин маань миний асрамжинд өсч бойжсон. Бид хамт амьдрах боломжгүй тул Т.Е-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Е шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Е.У нь миний охин мөн тул тэтгэлэг төлнө. Өмнө нь ч өгч байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Т.Е-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.М, Т.Е нар нь 2000 оноос хамтран амьдарч байгаад 2002 оны 08-р сарын 26-нд охин Е.У-г төрүүлж өсгөжээ.
Тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос тусдаа амьдарч байгаа, Т.Е нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Хариуцагч хүүхдийн тэтгэлэг талаар маргаагүй бөгөөд хуульд заасан журмаар хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж, эцэг Т.Е тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Е.У-г 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Е тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Е-с 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА