Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн улсын яллагч Д. Дэлгэрмаа шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бийн Эод холбогдох 201725030760 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөвсгөл аймгийн Бийн Э, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Э нь албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Э нь Монголын үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн нярав, аж ахуйн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан мөнгөнөөс 20.178.742 төгрөг 20 мөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би анх 2008 оны 07 сард тус сургуулийн жижүүрээр ажилд орсон. 09 дүгээр сард намайг сургалтын албаны менежер хийж байгаад 2011 онд тухайн сургуулийн аж ахуй болон кассын нярав хийдэг байсан. 2017 оны жилийн эцсээр ийм дутагдал гаргасан. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулах болно гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...би Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захиралын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Намайг тус албан тушаалд томилогдоход Э нь сургуульд аж ахуйн ажилтан, няравын ажлыг гүйцэтгэж байсан..., 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтаар касснаас бэлэн 19.219.842 төгрөгийн дутагдал анх илэрсэн ба Ас арвай аудитын дүгнэлтээр 20.178.742.20 төгрөг дутагдуулсан гэсэн дүгнэлт гарсан тул энэ мөнгөө Б.Эоос нэхэмжилнэ. Б.Э нь дээрх мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлсэн тул дээрх бэлэн мөнгөө нэхэмжилнэ...’’ гэх мэдүүлэг /xx-ийн 17-18х/ Гэрч Ядмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ‘’...Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс тус сургуульд дотоод хяналт шалгалиын ажилд томилогдсон. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сургуулийн нярав Эын хариуцлаганд байгаа бэлэн мөнгөнд хяналтын тооллого хийсэн..., Кассын нярав хариуцаж байсан бэлэн мөнгөнөөс 20.178.742.20 төгрөгийн дутагдал илэрсэн...” гэх мэдүүлэг /xx-ийн 20-22х/ Гэрч Д.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2003 оноос 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн нягтлан бодогчоор ажилласан. Б.Эоос өмнө нь 2 нярав ажиллаж байсан бөгөөд тэр хоёр нярав ажлаас гарахдаа байгууллгад ямар нэгэн өр дутагдалгүй гарсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр кассын мөнгөө баталгаажуулахад 20 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан...” гэх мэдүүлэг /xxийн 25-26х/ “АС Арвай аудит” ХХК-ний аудитын №96 дугаартай дүгнэлт /хх-ийн 64х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №145 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-34х/ Гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 6х/ Хөдөлмөрийн дээд сургуултийн захиралын тушаал /хх-ийн 78-80х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар “аж ахуй нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 жил хүртэлх хугацаагаар хасах буюу хасахгүйгээр 3 дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 5 жил хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт…Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй…гэж тус тус заасныг үндэслэн Б.Эын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.Эыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Э нь Монголын үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд гэмт үйлдлийн замаар нийт 20.178.742 төгрөг 20 мөнгөний хохирол учруулсан байх ба үүнээс 5.252.875 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 103-104х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул үлдэх 14.925.867 төгрөг 20 мөнгийг Б.Эоос гаргуулж, Монголын үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд олгуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Эод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэм буруугаа хүлээж буй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 94х//, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар, хохиролын зарим хэсгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хөвсгөл овогт Бийн Эыг аж ахуй нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг тодорхой албан тушаал эрхлэх буюу аж ахуй нэгж, байгууллагад няраваар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх буюу аж ахуй нэгж, байгууллагад няраваар ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эоос нийт 14.925.867 төгрөг 20 мөнгийг гаргуулан Монголын Үйлдвэрчний холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд олгосугай. 6.Шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Эод цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай. 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ