| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0884/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/901 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/901
020 12 17 2020/ШЦТ/901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Э.П , түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.П т холбогдох эрүүгийн 2011008680913 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Э.П , 1984 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, нагац ах нарын хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн задгай тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.П нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Ббэлнээр 50.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхтэй хэтэвч, эвхдэг хутга зэргийг хүч хэрэглэн авч, нийт 68.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн уг хэргийг үйлдэх явцдаа иргэн М.Бнүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. 200.000 төгрөгийг хохирогчид өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/,
Хохирогч М.Бнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Хүчит шонхор” захын хажууд талд найзынхаа гэрт очоод 2, 3 хундага архи уучхаад гараад тэндээсээ такси бариад “......” ШТС-ын хажуу талд буугаад гэр рүүгээ орохоор гудамж руугаа ороод явж байтал миний араас нэг толгойны ар хэсэг рүү цохиод унагаад миний цүнхийг онгойлгоод хэтэвчийг аваад зугтаагаад явчихсан. Тэгээд би босоод гэр рүүгээ ороод унтсан. Өглөө босоод түрийвчээ дээрэмдүүлсэн гэдгээ санаад эхнэртээ хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний хэтэвчинд бичиг баримт, 50 орчим мянган төгрөг байсан. ...Миний дээд талын уруул язарсан, толгой өвдөөд байна. ...нэг залуу шилэн хүзүү рүү цохиод авсан. Тэгээд намайг газарт унахад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж байсан.Тэгээд би тухайн үедээ цүнхээ урдаа үүрчихсэн байсан чинь тэр залуу миний цүнхийг булаацалдаж байсан. Тэр үед нь би түүний царайг харсан. Тэгсэн чинь өдөр А цугтаа пиво барьчихсан явж байсан залуу мөн байна лээ. Тэгээд тэр миний цүнхнээс хэтэвчтэй эд зүйлийг минь аваад явахад нь би хэлсэн “чамайг таньж байна шүү” гэсэн чинь тэр цаашаагаа гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18, 22-23/,
Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...орой гэртээ байж байтал М.Бгаднаас нүүр хэсэг нь цус болсон орж ирээд “намайг цохиж унагаад түрүүвч аваад явчихлаа, дотор нь 50.000 төгрөг байсан гэж хэлж байсан. Тэгээд манай гэрээс гараад явсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 25/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4108 дугаар дүгнэлтэд: “...М.Ббиед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 31-32/,
Хяналтын камерын бичлэг шүүсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 35-36/,
“........” ХХК-ны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №ЧД1-20-246 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2017 онд Хархорин худалдааны төвөөс худалдан авсан монгол, ширэн түрийвч 1 ширхэг, 2017 онд Нарантуул захаас худалдан авсан эвхдэг тонгорог 1 ширхэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18.000 төгрөг...” гэх тайлан /хх 38-39/,
Шүүгдэгч Э.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэр өдөр ахтай маргалдаж муудалцаж байсан. Тэгээд түүнийг араас нь цохиж авч байсан. Тэгээд газарт унахаар нь түүнийг нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж авсан. Тэгээд хүзүүндээ зүүсэн гар цүнхнээс нь татаж байгаад дотроос нь хэтэвчтэй мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь аваад зугтаагаад яваад өгсөн. Харин тэр ах миний араас орилж байсан. Би чамайг таньж байна шүү гэхээр нь айсандаа тэр эд зүйлүүдийг нь нэг айлын хашаа давуулаад шидчихсэн юм...” гэх /хх 53-54/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 66-70/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 99/, шүүгдэгч Э.П т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 62/, хохирогч М.Бгомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.П нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн М.Ббэлнээр 50.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхтэй хэтэвч, эвхдэг хутга зэргийг хүч хэрэглэн авч, нийт 68.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн уг хэргийг үйлдэх явцдаа иргэн М.Бнүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/, хохирогч М.Б“...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Хүчит шонхор” захын хажууд талд найзынхаа гэрт очоод 2, 3 хундага архи уучхаад гараад тэндээсээ такси бариад “......” ШТС-ын хажуу талд буугаад гэр рүүгээ орохоор гудамж руугаа ороод явж байтал миний араас нэг толгойны ар хэсэг рүү цохиод унагаад миний цүнхийг онгойлгоод хэтэвчийг аваад зугтаагаад явчихсан. Тэгээд би босоод гэр рүүгээ ороод унтсан. Өглөө босоод түрийвчээ дээрэмдүүлсэн гэдгээ санаад эхнэртээ хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний хэтэвчинд бичиг баримт, 50 орчим мянган төгрөг байсан. ...Миний дээд талын уруул язарсан, толгой өвдөөд байна. ...нэг залуу шилэн хүзүү рүү цохиод авсан. Тэгээд намайг газарт унахад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж байсан.Тэгээд би тухайн үедээ цүнхээ урдаа үүрчихсэн байсан чинь тэр залуу миний цүнхийг булаацалдаж байсан. Тэр үед нь би түүний царайг харсан. Тэгсэн чинь өдөр А цугтаа пиво барьчихсан явж байсан залуу мөн байна лээ. Тэгээд тэр миний цүнхнээс хэтэвчтэй эд зүйлийг минь аваад явахад нь би хэлсэн “чамайг таньж байна шүү” гэсэн чинь тэр цаашаагаа гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18, 22-23/, гэрч Б.Б “...орой гэртээ байж байтал М.Бгаднаас нүүр хэсэг нь цус болсон орж ирээд “намайг цохиж унагаад түрүүвч аваад явчихлаа, дотор нь 50.000 төгрөг байсан гэж хэлж байсан. Тэгээд манай гэрээс гараад явсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4108 дугаар “...М.Ббиед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 31-32/, хяналтын камерын бичлэг шүүсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 35-36/, “.....” ХХК-ны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №ЧД1-20-246 дугаар хөрөнгийн үнэлгээний “...2017 онд Хархорин худалдааны төвөөс худалдан авсан монгол, ширэн түрийвч 1 ширхэг, 2017 онд Нарантуул захаас худалдан авсан эвхдэг тонгорог 1 ширхэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18.000 төгрөг...” гэх тайлан /хх 38-39/, шүүгдэгч Э.П ын “...тэр өдөр ахтай маргалдаж муудалцаж байсан. Тэгээд түүнийг араас нь цохиж авч байсан. Тэгээд газарт унахаар нь түүнийг нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөж авсан. Тэгээд хүзүүндээ зүүсэн гар цүнхнээс нь татаж байгаад дотроос нь хэтэвчтэй мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг нь аваад зугтаагаад яваад өгсөн. Харин тэр ах миний араас орилж байсан. Би чамайг таньж байна шүү гэхээр нь айсандаа тэр эд зүйлүүдийг нь нэг айлын хашаа давуулаад шидчихсэн юм...” гэх /хх 53-54/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 66-70/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.П нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.П ын үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэгт хуульд зааснаар доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.П т үйлдсэн гэмт хэрэг тус бүр оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.П т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч М.Бнь “...хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийн хүлээн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Э.П ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.П ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2, 2020 оны 9 сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91, нийт 93 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.П Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч 68.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.П т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.П т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр буюу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.П т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.П ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э.П нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН