Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Д.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос   Ч-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905007200329 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, ...... ХХКомпанид харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх,  эгчийн хамт ... аймгийн ... сум ... оршин суух бүртгэлтэй, одоогоор ... дүүргийн ... дугаар хороо ... задгайд оршин суух,  урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 805 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 762 дугаартай магадлалаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214-ө дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч суллагдсан,  Ч-.

 

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Ч- 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан” зочид буудалд иргэн А.Анужинг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.Анужингийн “2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хороололд байдаг “Хан” зочид буудалд өглөө 04 цагийн үед найз залуу Д.Ч-той буудалд орж хоноод өглөө 09 цагийн үед буудлаас гарах гэж байхад намайг буцаад жаахан хэвтэж байгаад яв гээд байсан. Тэгээд байж байтал миний гар утас дугараад манай ажлаас нэг хүн залгаад тухайн үед миний хоолой өвдсөн байсан учраас яриагүй, утсаа шууд хаасан юм. Гэтэл намайг хардаад хэн юм гээд уурлаад өөр хүнтэй болсон юм уу гээд байсан. Тэгэж байгаад намайг шууд хоёр гараараа ээлжлээд толгой руу цохиод нэг мэдсэн чинь миний хамар амнаас цус гараад доошоо тонгойгоод сууж байсан. Тэгээд миний цусыг арчаад гар, нүүрээ угаагаад нүүр аймар хавдсан байсан. Тэгээд ажилдаа явж чадахгүй, дээр нь гэртээ ч орж чадахгүй гээд хэлсэн чинь манай ажил дээр очиж хүйтэн жин тавь гээд Ч- машинаа асаагаад ажил руу нь цуг явж байх үед замд цагдаа таараад үлээлгэсэн. Тэгээд машиныг нь журамлаад өөрийг нь аваад явсан. Би тэгээд тэндээсээ ээжид хэлээд гэр рүүгээ такси бариад харьсан. Тэгээд дараа нь цагдаад хандсан.

... Миний толгой руу хоёр гараараа ээлжлээд хэд хэдэн удаа цохиод тэгээд би ухаан санаа самуурсан. Нэг мэдэхэд миний хамар амнаас цус гоожоод газар явган сууж байсан. Тухайн үед миний зүүн нүд цус хуралттай байсан. Хамар мурийсан байж магадгүй гэж байсан. Өөр намайг толгойн зураг авхуул гэж байсан. Өөр нээх гэмтсэн зүйл байхгүй. Би №1924 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй.

... Манай найз болох Ч- учруулсан. Би тэр зүйл болтол ямар ч гэмтэлгүй байсан. Надад одоо эмчилгээний гаргасан зардал болох 100.000 төгрөг гарсан.Тэр мөнгөө гаргуулаад авчихвал өөр гомдол гэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

“Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би найз залуу болох Ч-той эвлэрсэн. Би эмчилгээний зардалд зарцуулсан 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Өмнө нь Ч- намайг зодож цохиж, дарамталж хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1924 дугаартай:

“1. А.Анужингийн биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Д.Ч-ийн яллагдагчаар өгсөн “2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би Хужирбуланд байх гэртээ байж байгаад шөнийн 00 цаг болж байхад найз охин болох Анужин утсаар залгаад намайг ирж аваад хүргээд өг гэсэн. Тэгээд би хорооллын эцсийн Е mart худалдааны төвийн урдаас аваад явж байгаад гэртээ харихааргүй болоод хамт хонохоор шийдсэн. Би машинаа Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ-ын байрны зогсоолд тавиад хажууд байрлах Тэргэл пабад орж тус бүр 5 шил пиво ууж байгаад 02 цаг болж байхад уг пабын хажууд байрлах Хан зочид буудалд найз охины хамт орсон. Буудлын өрөөнд ороод амарсан. Тэгээд өглөө 09 цагийн үед найз охин Анужингийн утас руу хүн залгаад ярихаар нь хардаад үүнээс болж маргалдсан. Тэгээд би гар утсыг нь булааж аваад үзтэл хальт самардчихаар нь уурандаа нүүрний зүүн талын шанаа, нүдний хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгтэл хамарнаас нь цус гараад уруул нь язарсан байсан. Тэгээд хэрэлдээд уг буудлаас гараад машиндаа суугаад хамт явж байгаад замын цагдаа зогсоогоод үлээлгэсэн чинь надаас согтуурлын зэрэг гараад баривчилгаанд 7 хоног яваад ирсэн. Тэр хооронд манай найз охин Анужин цагдаад өргөдөл гаргасан байсан.

   ... Би яг үнэнийг хэлэхэд нүүрний хэсэгт нь 2-3 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ асуудлыг хурдан шуурхай, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ч- нь А.Анужинг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн газарт нь гараараа цохиж, биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, уруулын зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч А.Анужин, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1924 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Ч-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  А.Анужин мөрдөн шалгах явцад “... Би эмчилгээний зардалд зарцуулсан 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн хэргийн 18-19 дүгээр хуудас/ мөн хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэлд “Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Д.Ч- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Д.Ч-ийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Ч-ийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ч- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

Б.