Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2017/01788

 

 

 

 

   2017 оны 09 сарын 26 өдөр

        Дугаар 182/ШШ2017/01788

    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: А.У

 

Хариуцагч: Б.Н

 

Хариуцагч: А.А

 

Хариуцагч: А.А

 

Хариуцагч: Б.А

 

газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Н, А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.У нь 2016 оны 11 сарын 03-ны өдөр иргэн Ч.М-аас Чингэлтэй дүүрэг, **** тоот 252 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авч, улмаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 000******* дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Гэвч худалдан авсан газарт иргэн Б.А, Б.Н, А.А, А.А нар нь өөр амьдрах газар байхгүй гэх шалтгаанаар өнөөг хүртэл амьдарч, газар чөлөөлж өгөхгүй иргэн А.Уийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул иргэн Б.А, Б.Н, А.А, А.А нарын хууль бус эзэмшлээс иргэн А.Уийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ***** тоот газрыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Н, А.Анар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүрэг, ***** тоотод бид амьдардаг ба ***** тоотод байрлах 252 м.кв газар нь бас бидний өмчлөлд байсан. Түүнийгээ барьцаанд тавьж, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, бэлэн мөнгөний боломж олдоогүй байсаар газар худалдагдах болсон. Газар Ч.Мөнхбаяраас А.Уийн өмчлөлд шилжсэн. Чингэлтэй дүүрэг, ***** тоотод байрлах 252 м.кв газар нь А.Аминий өвөг эцэг Б.Б 1976 оноос хойш нийт 952 м.кв газрыг эзэмшиж байгаад Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар 700 м.кв газар өмчлүүлнэ гэсэн заалтад нийцүүлэн хувааж 252 м.кв газрыг бидний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Биднийг гэрчилгээ авахаас өмнө эгч Б.Агийн болон манай байшин уг газар дээр баригдсан байсан. Эгч Б.А нь нэхэмжлэгчийн нөхөр Э гэх хүнтэй уулзаж энэ газар дээр 1976 оноос хойш амьдарч байна, худалдаж авсан 5.000.000 төгрөгийг нь төлж барагдуулъя гэх саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрдөггүй. Иймд нэхэмжлэгч А.Уийн тус шүүхэд гаргасан Чингэлтэй дүүрэг, ***** тоот газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, итгэмжлэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад хариуцагч нарын гаргасан өргөдөл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад      

        

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            А.У нь Б.А, Б.Н, А.А, А.А нарт холбогдуулж Чингэлтэй дүүрэг, **** тоот газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.У Чингэлтэй дүүрэг, **** тоот 252 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн болох нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч нар Чингэлтэй дүүрэг, *** тоотод оршин суудаг ба зэргэлдээх 382а тоот 252 м.кв талбай бүхий газраа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан, зээлээ буцаан төлөөгүйгээс газар өөр этгээдэд шилжсэнийг тайлбарлаж байна. Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тэд дээрх газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан байна.

Чингэлтэй дүүрэг, ***** тоот, 382а тоот газрууд зэргэлдээ газар болох нь кадастрын зургаас харагдаж байх ба Б.А, Б.Н, А.А, А.А нар нь А.Уийн 382а тоот газар дээр ямар нэг эрхгүй оршин сууж байх тул газар чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.А, А.А нар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагч Б.А, А.А нарын эзгүйд хэргийг хэлэлцсэн болно. Б.А, Б.Н, А.А, А.А нар нэг гэр бүлийн гишүүд байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан А.Уийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ***** тоот 252 м.кв талбай бүхий газрыг Б.А, Б.Н, А.А, А.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.А, Б.Н, А.А, А.А нараас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ут олгосугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД