Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2275

 

 

 

 

 

 

 

 

Т.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэртэй, Т.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч НШГАнд холбогдох, “СЭ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

 

Т.Э нь Хас банк ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1480009915 тоот зээлийн гэрээ байгуулж, 42 500 000 төгрөгийн зээл авч төлж чадаагүй тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/05395 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

НШГА барьцааны байрны зах зээлийн үнэлгээний санал авахад нь 250 000 000 төгрөг гэж санал өгсөн. Шинжээч томилох 174 тоот тогтоолын дагуу “СЭ” ХХК байрыг 82 000 000 төгрөгөөр үнэлснийг 3/15722 тоот мэдэгдэлээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн гэж үзэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/058395 дугаар захирамжаар Т.Э, Б.Гэрэлтуяа нараас 41 154 094 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураар төлж барагдуулах талаар 2017 оны 04 дүгээр сарын 28-өдрийн 148/1, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 148/3, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 148/4, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148/5, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148/6, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 148/7 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шийдвэрийг биелүүлээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан.

Төлбөр төлөгч Т.Э, Б.Гэрэлтуяа нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Төлбөр төлөгч Т.Э, Б.Гэрэлтуяа болон төлбөр авагч Хас банкинд үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/15722 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Э, Б.Гэрэлтуяа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Гэрэлтуяагийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэ 82 000 000 төгрөг болох талаар, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу энэ үнийн дүнгийн 70 хувь 57 400 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Шүүх:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан НШГАнд холбогдох, “СЭ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие зээлийн барьцаанд барьцаалсан 2 өрөө орон сууцаа 250 000 000 төгрөгөөр үнэлж санал өгсөн. “СЭ” ХХК нь байрыг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байнна.

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч НШГАнд холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 120/ШШ2016/05395 дугаар захирамжийн дагуу “Хас банк” ХХК-д 41 154 094 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас НШГА барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны 67 тоот 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

 

Түүнчлэн төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг удаа дараа хүргүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасан ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ. /хх 26-29, 31, 33, 35, 39,40, 42, 46/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн санал өгөх талаар төлбөр төлөгч талд мэдэгдэхэд 250 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч “Хас банк” ХХК уг үнийг эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар НШГА Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар “СЭ” ХХК-ийг шинжээчээр томилж, уг компани тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ 2017 оны 5 дугаар сарын 29-ний байдлаар 82 000 000 төгрөг болохыг тогтоосон тайланг ирүүлсэн байна. /хх 47-55/

 

Энэхүү үнэлгээний талаар болон албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ 82 000 000 төгрөгийн 70 хувь 57 400 000 төгрөгөөр тооцон тогтоох болсныг хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч талд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгч Т.Э, өмчлөгч Б.Гэрэлгуа нарын гарын үсэг бүхий баримтаар тогтоогдсон болно. /хх 56/

 

Нэхэмжлэгчийн хувьд уг ажиллагааны талаарх гомдлоо 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй боловч зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлээгүй гэх үндэслэлээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй байна. /хх 65/

 

Хариуцагч НШГА нь уг ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн, эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс багаар тооцож, буруу үнэлсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Эын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА