Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 05

 

Э-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0005/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Э, өмгөөлөгч П.Амаржаргал нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1839003050204 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1980 онд төрсөн, эмэгтэй, 39 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Тээвэрчдийн 02-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ж-н Э нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-15 дугаар байрны 12 тоотод Ц-тэй маргалдаж, шилэн стиканаар толгойн тус газар нь шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б овогт Ж-н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сард 100000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,

хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус хэргийг үйлдээгүй бөгөөд охин У нь хийсэн. Хохирогч Ц нь хэн стакан шидсэнийг нь хараагүй талаараа хэлж байсан боловч шүүх хуралдаан дээр үгээ нэгтгэж өөр зүйл ярьж байна. Энэ мэтээр надад хийгээгүй хэргийг хүлээлгэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулж өгөхийг хүсэж байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүгдэгч Э-н өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч Б-н мэдүүлэг хавтаст хэрэгт алга болсон байгааг шүүх анхааралдаа авч үзэхийг хүсэж байна. Мөн охин У нь “би хагалчихсан юм” гэж М байцаагчийг орж ирэхэд хэлсэн байдаг ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгээ өөрчилсөн байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм. Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэгт /хх-ийн 80 хуудас/ “У ээж эгч хоёр нь зодоод байсан, намайг салгах явцад стакан шидсэн” гэж мэдүүлсээр байхад энэ талаар огт шалгаагүй. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад хэргийг санаатайгаар нэг талд шалгасан мэт харагдаж байна. Нотлогдвол зохих байдал болох хэн нь стакан шидсэн, хохирогчийн хаана нь оносон зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэргийн бодит байдлыг хоёр талаас нь шалгаж тогтоогоогүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолд гэрчүүдийн мэдүүлэгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн боловч хохирогч Ц шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр мэдүүлэг өгсөөр байтал нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Гэрч М, Л нар нь тухайн процесс болоход хэргийн газарт байгаагүй, дуудлагаар л очсон бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлж үзэхэд хангалтгүй юм. Тухайн хэрэг болох үед зургуулаа архи, пиво уугаад сууж байсан. Дахин 3 гэрч байх ёстой бөгөөд эдгээр гэрчүүдээс У-г хэр согтолттой байсан талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийн зөрүүг арилгах зорилгоор ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Зөвхөн нэг талыг барьж хавтаст хэргийг шалгасан байна гэсэн байр суурьтай байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Э-г гэм буруутайд тооцож, 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх У, У болон гэрч Э нарын мэдүүлгийг садан төрлийн холбоотой учраас нотлох баримтаар үнэлээгүй. Энэ хэрэг нь гэрч М, Л нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, схем зураг, Э-н мэдүүлэгээр тогтоогдож байна. У нь том өрөөний баруун хойд талд хэвтэж байсан талаар тухайн үеийг дүрсэлсэн зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ талаар цагдаагийн ажилтан М-н мэдүүлэгт байдаг ба “өрөөний цаад буланд нэг хүн юугаа ч мэдэхгүй хэвтэж байсан, тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байсан” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Э нь “цагдаа нар орж ирэхэд У нь босчихсон, зууралдаад байж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн У болон Ц-н өгсөн мэдүүлэг дээр У нь том өрөөний цаад буланд хэвтэж байсан талаар мэдүүлдэг. Эдгээр мэдүүлэгүүдээр Э-н мэдүүлэг няцаагдаж байна. Мөн том өрөөний булангаас 6 метр шахуу зайтай байсан. Тэндээс шилэн стканаар хүний нүүрийг ононо гэдэг магадлал муутай юм. У-н хувьд энэ зодооныг цагдаа нар орж ирсэн болохоор болиулах зорилгоор “би шидсэн юм” гэж мэдүүлсэн гэдгийг М цагдаа болон бусад гэрчүүд нотолдог. М-н хувьд энэ хүмүүстэй хамаарал бүхий хүн биш бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа удаа дараа мэдүүлсэн байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Э-д холбогдох хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Э нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-15 дугаар байрны 12 тоотод Ц-н толгойн тус газар шилэн стакан шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би Э-н гэрт очиж өөрийн охин У-г авахаар очсон юм. Тэгтэл Э барьж байсан шилэн стаканаар нүүрэн тус газарт шидэж духны баруун дээд талыг хагалсан. Эмнэлэгт очиж гурван оёдол тавиулсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 9-15 хуудас/, гэрч М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг ороход ахимаг насны эмэгтэйн толгой нь хагарсан байдалтай цус нь гоожоод зогсож байсан. Нилээд биерхүү хүүхнийг зааж “тэр хүүхэн хагалсан” гэж хэлсэн. Тэр эмэгтэй намайг усаар цацаж, хөл тийрээд ойртуулахгүй байсан. Би дарж аваад гавлаад гарах гэтэл гудсан дээр унтаж байсан хүүхэн босож ирээд зууралдаад, “би ээжийнхээ толгойг хагалсан” гээд хэргийг хүлээх гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, гэрч Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ц гуайн толгой руу юм шидсэн гэх хүн нь Э юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, гэрч М-н шүүх хуралдаанд өгсөн “...У их согтолттой, юу болж байгааг мэдэхгүй байдалтай байсан. Э гэх хүн У-г “наад хүн чинь хагалаагүй, тасарчихсан, юу ч мэдэхгүй байгаа гэсэн. Э “би хагалаагүй” гэж хэлээгүй гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 301 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хохирогчийн охин болох У стакан шидсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж судалсны үндсэн дээр Э-н үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, түүнд оногдуулсан ял тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Э-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/214 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧ                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                                Я.АЛТАННАВЧ