Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0281

 

Ч.Цийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Ц, хариуцагч Т сумын Засаг дарга Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Цийн нэхэмжлэлтэй, Ө аймгийн Т сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийнилтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Т сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2, 23.10, 26.2-т тус тус заасны дагуу багийн Засаг даргад нэр дэвшиж иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн 54.6 хувийн санал авсан.

Сумын Засаг дарга Б.Б 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 захирамжийг гаргахдаа намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан.

Татгалзсан үндэслэл нь багийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчин зохион байгуулагдсан гэж тайлбарласан. Сумын багийн иргэдийн Нийтийн Хурал хуулийн дагуу явагдсан болохыг анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэсэн байхад хувийн үзэл бодлоор шийдвэрлэж, шүүхийг хүндэтгэхгүй байна гэж бодож байна.

Иймд Т сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээртэй захирамжийг хүчингүй болгож, Сайн Төгрөгийн 4 дүгээр багийн Засаг даргыг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т сумын Засаг дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Ц өөрөө хууль бус хурал хийлгэсэн. 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тов зарлаад 4 хоногийн дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулж багийн Засаг даргыг сонгох асуудал хэлэлцсэн нь иргэдэд хуулийн хугацаанд нэр дэвших боломж олгоогүй, бүх иргэдэд хуралдааны зар хүргээгүй.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд хурлын дарга нь өөрөө гарын үсэг зураагүй, гарын үсэг нь зөрүүтэй хүчингүй тогтоол байсан. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй хурал болсон.

Энэ багийн Засаг даргыг томилуулах талаар хоёр шатны шүүхээр орж хэлэлцээд Засаг дарга надад хуулийн дагуу шийдвэр гаргахыг даалгасан.

Хурал нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна гэж үзэж миний бие багийн хурлыг дахин хуралдуулж хариу ирүүлэхийг багийн иргэдийн Нийтийн Хурлаас хүссэн. Харин одоог хүртэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас албан ёсоор хариу ирүүлээгүй байна. Ч.Цийг багийн Засаг даргаар томилж цалингийн нь тогтоож өгсөн шийдвэр гаргаагүй байхад ямар захирамжийг үндэслэж цалин гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13-р шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Т сумын Засаг дарга Б.Бт даалгаж, нэхэмжлэгч Ч.Цийн Т сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээртэй захирамжийг хүчингүй болгох, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т сумын Засаг дарга Б.Б давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Т сумын Засаг дарга Б.Бт даалгасугай.

2. Нэхэмжлэгч Ч.Цийн Т сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээртэй захирамжийг хүчингүй болгох, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10,531,510 төгрөгийг Б.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх хэсэгт нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Т сумын Засаг дарга Б.Бт даалгасугай гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргаж байна.

Учир нь шүүгч энэ хэргийн материалыг шалгахдаа нотлох баримтуудыг бүрэн шинжлээгүй, эргэлзээ бүхий асуудлыг шалгаагүй, нэхэмжлэгчийн хэлсэн, ярьсаныг харгалзсан шийдвэрийг удаа дараа гаргаж байна.

Тухайлбал багийн иргэдийн Нийтийн Хурлын тов зарласан 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоол, багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол, өмнө нь гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Алтанцэцэгийн гарын үсгийн хэлбэр бичилтийн хувьд өөр өөр байгааг хянан шалгаагүй, ялангуяа хурлын тов зарласан тогтоол дээрх гарын үсэг нь С.Алтанцэцэгийнх бишхуурамч тогтоолоор хурал хийсэн нь нотлогдож байхад иргэдийн санал нэрээр хурлын дундах үйл ажиллагааг харгалзан Ч.Цийг томилох шийдвэр гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Энэ хурал нь эхнээсээ хүчингүй тогтоолтой, хэсэг бүлэг хүмүүсийг уруу татан өөртөө санал өгүүлсэн хүчингүй хурал болсныг харгалзан үзээгүй. Мөн хурлын явцад нэр дэвшигч С.Батбаатартай ах дүү багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Алтанцэцэг нь хурал удирдан явуулж, эхнэр Б.Оюунжаргал нь хурлын тэмдэглэлийг бичиж хурлын нарийн бичиг хийж, хүүхэд Б.Нямсүрэн нь санал хураалтыг явуулахад оролцож тооллогын комиссын гишүүнээр ажиллаж ашиг сонирхлын зөрчил үүсэж байхад харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ингэж хууль зөрчдөг, хууль бусаар гарч ирсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр хууль ёсны болгож байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан хууль дээдлэх гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын үүднээс хууль бус хурал, сонгуулийг хүлээн зөвшөөрөөгүй.

Иргэн Ч.Ц нь хууль бус хурал хийлгэж иргэдээс санал аваад түүнийгээ хуулиар хамгаалуулж ажиллах гэж байгаа үйлдлийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэх байх, аймгийн иргэдийн хуралд нэр дэвшиж ялагдчихаад миний нэр төрийг унагаахын тулд иргэдийн дунд янз бүрээр ярьж, хийж байгаа ажлыг байнга үгүйсгэж байгаа хүн хамтарч ажиллаж чадахгүй байх, миний биеийг хэд хэдэн шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгч, мөн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, прокуророор шалгуулж, мөнгө нэхэмжилж нэр төрд халдаж ажил хийлгэхгүй дарамталж байгаад гомдолтой байх бөгөөд нэр төрөө сэргээлгэмээр байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 17.1.2-т баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах, 26 дугаар зүйлийн 26.3-т энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох... 26.4-т Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй гэж заасан. Түүнчлэн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна: 26.6.1-т шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх26.6.2-т шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх26.6.3-т ялгүй байх гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар уламжилсан багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тус тогтоолыг хүлээж аваад томилохоос татгалзах эрхтэй хэдий ч багийн Засаг даргад нэр дэвшигчийн нь хувьд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй бол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй бол, түүнчлэн ялтай байхдаа нэр дэвшсэн тохиолдолд түүнийг томилохоос татгалзахаар байна.

Тодруулбал, багийн ИНХ-ын Засаг даргад уламжлах тухай тогтоол, ИНХ-ын хуралдааныг хууль бус гэж үзэж, эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс маргаж, эрх бүхий байгууллагаас хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоож шийдвэрлэсэн, мөн багийн ИНХ өөрөө тогтоолоо хүчингүй болгосон тохиолдолд, түүнчлэн багийн Засаг даргад нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй талаарх үндэслэл бүхий шалтгаан байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохоос татгалзах эрхтэй байна.

Нэгэнт Т сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нар /Ч.Ц, Б.Б/ аль аль нь мэдэж, оролцсон байх ба ИНХ-аар багийн Засаг даргыг сонгох асуудлыг зөвшөөрч, оролцож хэлэлцсэн[1], нэхэмжлэгч нэр дэвшиж өрсөлдсөн, одоо тус хурлын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх тул хариуцагчийн Хуралдаан хууль бус болсон тул томилох боломжгүй гэх гомдол тайлбар нь нэхэмжлэгчийг Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаар магадлалаар ... уг хуралдааныг нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн аль аль нь мэдэж оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч багийн Засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байна. Үүнээс үзвэл хариуцагч, гуравдагч этгээд нарын тов зарласан тогтоол дээрх гарын үсэг зөрүүтэй, анхдугаар хуралдааныг товлон зарлах хугацааг баримтлаагүй гэсэн гомдол, тайлбар нь хариуцагчийн нэр дэвшигчийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааны үйл баримтад шууд шийдвэрлэх хамааралгүй байна..., ...товлон зарласан тогтоолд зааснаар зохион байгуулалтын асуудалд багийн Засаг даргыг сонгох зэрэг асуудал хэлэлцсэн нь хууль зөрчөөгүй, тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч ...этгээдүүд бүгд хуралд болон хэлэлцэх асуудлыг зөвшөөрч, оролцож нэр дэвшиж өрсөлдсөн байгаа тул дээрх гомдлыг хүлээж авах үндэсгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилох эсэх асуудлаар хуульд заасан шийдвэр гаргаж хариу өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу Ө аймгийн Засаг даргын А/379 дүгээр захирамжаар Ч.Цийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж хариуцагч Т сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, түүнчлэн Т сумын 4-р багийн ИНХ-ын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гараагүй, Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 02 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад хариуцагчаас ...энэ хурал эхнээсээ хүчингүй тогтоолтой, хурлын дарга, нарийн бичгийн дарга, тооллогын комиссын гишүүн нь ашиг сонирхлын зөрчилтэй,...Ч.Ц нь миний нэр төрийг унагаах зүйл ярьж, намайг шүүх цагдаад өгч шалгуулж, хийж байгаа ажлыг үгүйсгэж байгаа тул хамтарч ажиллаж чадахгүй... гэж тайлбарлан нэхэмжлэгчийг томилох шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4-р багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ...а/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар аймгийн Засаг даргад хандсанаар нэхэмжлэгчийг 4-р багийн Засаг даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэсэн Т сумын Засаг даргын а/79 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн а/379 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, дээд шатны албан тушаалтан нэгэнт хүчингүй болгосноор хариуцагч Т сумын Засаг даргын а/79 дүгээр захирамж нь үйлчлэлгүй болсон байх тул шүүх тус захирамжийг дахин хянах шаардлагагүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж заасан.

Хэдийгээр багийн засаг дарга нь төрийн жинхэнэ албан хаагч биш боловч багийн Засаг даргыг томилохоос татгалзаж шийдвэрлэсэн сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнӨ аймгийн Засаг даргын шийдвэр нь хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан шийдвэр гэж үзэж болохоор байх ба эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болох талаар тогтоогоогүй, өөрчилж, хүчингүй болгоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс ...ард түмний итгэл сонголтыг авсан байхад намайг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол 22 сарын цалин 10531510 төгрөгийн орлого олох байсан. Бүтэн 2 жилийн хугацаа алдаж хохирч байна. Томилоогүйгээс учрах зөвхөн цалин ч биш өөр хохирол ч бас амсаж байна. Иймд цалин болон хохирлоо гаргуулмаар байна... гэж, хариуцагчаас ...томилж ажиллуулаагүй тул цалин нөхөж олгохгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс ...хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол амсч байна гэж хохирол, түүний хэмжээний талаар маргаж байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч нь захиргааны албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын талаар маргах, өөрөөр хэлбэл хариуцагчаас хуулийн дагуу томилохгүй байгаа эс үйлдэхүйн улмаас учирсан цалин хөлс болон бусад хохирлын талаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн а/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ...авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзах тухай өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4-р багийн Засаг даргаар томилохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Т сумын Засаг даргад нэхэмжлэгч Ч.Цийг Т сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгасугай гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Цийн Т сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн а/79 дүгээр захирамжийг хүчингүй болгох, 2013 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 сар хүртэлх нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин 10531510 төгрөгийг Б.Баас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, давж заалдах журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмааргомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ