| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02281/И |
| Дугаар | 102/ШШ2017/02547 |
| Огноо | 2017-09-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02547
| 2017 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/02547 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол 42-р байрны 35 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Боржигон овогтой Э.Д- ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол, 3-р байрны 89 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогтой Н.О-т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Д нь Н.О-тай 2016 оны 01 дүгээр 15-ны өдөр Баянбүрдийн хажууд байрлах, хуучнаар Мобиком байсан, одоо зочид буудлын зориулалтаар ашиглах боломжтой объектыг түрээслэхээр амаар тохирсон. Нэг сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч, эхний сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөг, барьцаа 3 000 000 төгрөг нийт 6 500 000 төгрөгийг өгч баримт үйлдсэн байдаг. Зочид буудлыг 2016 оны 04-р сарын 15-ныг хүртэл 3 сар ажиллуулсан боловч ашиг орлого олохгүй, халуун ус нь байнга тасарч, халаалт муутай зэргээс цаашид түрээслэх боломжгүй болсон. Ингээд 2016 оны 04-р сарын 15-ны өдөр зочид буудлыг хүлээлгэн өгсөн. Барьцааны 3 000 000 төгрөгөө авах гэсэн боловч өнөөдөр, маргааш гэсээр байгаад өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Хариуцагчийн цахим үнэмлэхний хаягаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй байсан. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байж Н.О-ын Баянгол дүүрэг дэх хаягийг олсон. Н.О-с барьцааны 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь Н.О-т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Э.Д нь 2016 оны 01-р сарын 16-ны өдөр зочид буудлын түрээсийн төлбөр болон барьцаанд 6 500 000 төгрөгийг Н.О-т хүлээлгэн өгч баримт үйлджээ.
Талуудын хооронд барьцааны 3 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй гэх маргаан гарч, хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2017 оны 8-р сарын 1-ний өдөр гардаж авсан байна.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг Н.О-т 91116959 дугаар утсанд мессэжээр 2017 оны 9-р сарын 20, 9-р сарын 24-ний өдөр тус тус хүргүүлсэн, мөн 9-р сарын 25-ны өдөр түүний утсаар холбогдож дахин мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.О-с 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж Э.Д-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.О-с 62 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА