| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/02137/и |
| Дугаар | 182/ШШ2017/01790 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2017/01790
| 2017 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2017/01790 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ц.Н
Хариуцагч: “ЦТ” ХХК
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Н нь “ЦТ” ХХК-д 2012 оны 03-р сард ажилд орсон бөгөөд 2012 оны 10-р сард захирлын тушаал гарч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэл төлөх болсон. Ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлтод заасан ажлыг хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд 2017 оны 07-р сарын 30-ны өдөр жирэмсэн болсон гэдгээ захиралдаа мэдэгдсэн. Улмаар 2017 оны 07-р сарын 31-ний өдөр амраад 2017 оны 08-р сарын 01-ний өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас халсан гэж хэлээд захирал хамгаалагчаар хөөж гаргасан. Миний бие цалингийн зээлтэй бөгөөд жирэмсний амралт авах хүртлээ ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд тэр асуудал чинь бид нарт хамаагүй чамайг ажлаас халсан, энд байх эрх чамд байхгүй гэж хөөсөн.
Ажлаас халсан шалтгаан нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж байгаа боловч би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Мөн ажилд авсан тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг надад өгч байгаагүй бөгөөд хуулбарласан хувийг л гаргаж өгсөн. Одоо хэрэгт хариуцагчийг төлөөлж буй С.О нь буудлын менежерээр ажилладаг ба надад дургүй, хувийн таарамжгүй харилцааны улмаас намайг ажлаас халуулах хувийн сонирхолтой учир байгууллагын удирдлагад удаа дараа намайг буруугаар тайлбарлаж ойлгуулдаг байсан.
Байгууллагын ажилчид надтай хамтран ажиллах хүсэлгүй байгаа талаар тодорхойлолт бичиж шүүхэд өгсөн боловч энэ хүмүүс бүгд надтай ажилладаггүй хуучин буудалд ажилладаг хүмүүсээр тодорхойлолт бичүүлсэн байна. Хөдөлмөрийн харилцаа бол ажил олгогч, ажилтан хоёрын хооронд үүсдэг болохоос биш хэн нэгэн менежерийн талын хүмүүс надтай ажиллах дургүй гэхээр хөдөлмөрийн гэрээг цуцалдаг зүйл биш гэж ойлгож байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэхийг даалгаж, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЦТ” ХХК нь иргэн Ц.Нийг 2012 оны 08 сарын 08-ны өдрөөс өрөөний үйлчлэгчийн албанд даддагажих ажилтнаар ажиллуулж байгаад 2012 оны 10-р сарын 01-ний өдөр дугаар 150 тоот захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг байгуулж үндсэн ажилтнаар авсан болно. Ц.Н нь манай компанид ажиллах хугацаандаа ажилтнуудынхаа дунд нэр хүндгүй болж, хамт ажиллаж байгаа ажилтнуудтай маргалдан, хагарган бутруулж ажилтнуудын зүгээс хамтран ажиллахгүй гэх гомдол удаа дараа амаар ирдэг байсан. Ц.Нт тухай бүрд нь ажлын шаардлага тавьж сануулж ирсэн. Ц.Н нь 2015 оны 08 сарын 04-ний өдөр ажилдаа ирэлгүй ажил явдал гарсан гэх шалтгаанаар 26 хоногийн дараа ажилдаа буцаж ирэхэд бид эргүүлэн ажилд авсан ба мөн Ц.Н нь 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 сарын 28-ыг хүртэл 36 хоног өвчтэй гэх шалтгаанаар ажлаа орхиж чөлөө авч явж ирэхдээ нурууны хагалгаанд орсон гэх ямар нэгэн эмнэлгийн хагалгаанд орсон өвчтөний түүх эмнэлгийн байгууллагын акт тодорхойлолт нь тодорхой бус, авч ирээгүй. Худал ярьж шалтгаангүй ажилд ирээгүй 36 хоногийн дараа 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 24/16 тоот захиралын тушаалаар дахин ийм шалтгаангүйгээр ажил таслахгүй байх талаар өөрт нь сануулж ажилд эргүүлэн авсан. Мөн 2016 оны 11 сарын 08-ны өдөр зохион байгуулагч С.Одончимэг нь өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ, ажил шалгах явцад Ц.Нт ажлын алдаа дутагдлыг нь засах талаар хэлэхэд, алдаа дутагдлаа ойлгохгүй хэрүүл мараан үүсгэснийг захирлын тушаал гарган зохион байгуулагч С.Одончимэг, өрөөний үйлчлэгч Ц.Н нарт сануулга өгч байсан. Мөн харилцагч байгууллагаас 2017 оны 07 сарын 31-нд өрөөний цэвэрлэгээний талаар гомдол ирсний дагуу шалгахад тус өрөөг үйлчлэгч Ц.Н дутуу цэвэрлэж тоос соруулаагүй нь тогтоогдсон тул удаа дараа ажлын дутагдал гаргаж, үүрэгт ажилдаа тэнцэхгүй болсны улмаас ажлаас халсан. Жирэмсэн болсон тухайгаа байгууллагад хандаж мэдэгдээгүйгээс гадна эмнэлгийн хяналтанд үзүүлнэ гэж нэг ч удаа чөлөө зөвшөөрөл авч байгаагүй гэв.
Шүүх нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилд томилох тухай тушаал, ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, жирэмсний хяналтын карт болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЦТ” ХХК-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэж байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь “ЦТ” ХХК-ийн зочид буудлын үйлчлэгчээр 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан ба “ЦТ” ХХК-ийн захирлын 2017 оны 08 сарын 01-ний тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгджээ.
Ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Үүнд:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан ба хариуцагч нэхэмжлэгчийг ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, алдаа дутагдал гаргасан, өвчтэй гээд ажилдаа ирдэггүй, ажилчид болон харилцагчдаас гомдол байнга ирдгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд хүрсэн гэсэн үндэслэл үүнд хамаарахгүй байна. Энэ зүйлд заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь холбогдох байгууллага болон комиссын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаарддаг болно. Ажил олгогчид ийм дүгнэлт байхгүй байна.
2.Мөн ажил олгогч ажилтныг жирэмсэн байхад ажилд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчжээ. Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний учир эмчийн хяналтанд орсон нь хөтөч картны хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч жирэмсэн болсноо ажил олгогчид хэлж байснаа тайлбарлаж байна.
Иймд нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 39 өдрийн цалинтай тэнцэх олговор 1.212.550 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн “ЦТ” ХХК-ийн захирлын 2017 оны 08 сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ С. БУД