Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2017/01792

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 26 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01792

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: М.Г

Хариуцагч: Т.Н

 

511.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г, хариуцагч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие охин Г.Сүнжидмаа, малчин М.Г нарын санал болгосноор 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Т.Нтай, түүний эхнэр Д.Оийг байлцуулан 180 ширхэг төмөр хашааг суурь, баганатай угсарч гагнах, гүйдэг том хаалга хийх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээ ёсоор Т.Н 180 ширхэг төмөр хашааг шонд бэхэлж гагнах, хашааны гүйдэг том хаалга хийх, ажлыг 7 хоногт чанартай хийж дуусгах үүрэг хүлээж, ажлын хөлсийг 600.000 төгрөгөөр санал нийлэн, урьдчилгаа 50 хувь буюу 300.000 төгрөг Т.Нд өгөхөөр тохиролцсон юм. Гэрээ байгуулахын урд өдөр Т.Н, эхнэрийн хамт миний охин Г.С руу гар утсаар ярьж “урьдчилгаан дээр мөнгө нэмж өгөөч, маргааш банкны зээлийн хүү төлөх гээд мөнгө олдохгүй сандарч байна. Би ажлыг хурдан, сайн хийнэ” гэж гуйсан тул охин надтай ярьж урьдчилгаанаас илүү 130.000 төгрөг өгөхийг гуйсан. Гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурдаг өдөр Т.Н эхнэр Д.Оийн хамт ирж, Д.О “зээлийн хүү төлөх мөнгө олдохгүй, ямар ч арга байдаггүй та харж үзээч, байдал маш хэцүү байна, манай нөхөр ажлыг сайн хийнэ, бид итгэл алдахгүй, ажлыг чанартай хурдан хийнэ” гэж амласан.

Миний бие Т.Нд итгэж, гэрээ байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т.Н, Д.О нарт нийт 430.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Хашааны суурь цутгах, шон суулгах ажил 2017 оны 07 дугаар сарын 18-ны орой эхэлсэн, араас нь гагнуулах зорилгоор Т.Ныг 19-ний өдрөөс ажиллуулсан. Н 21-ний өдөр охиныг маань хүнсний зүйл аваачиж өгөхөд 10.000 төгрөг гуйж аван, явсан хойно нь архи ууж тэр өдөр, дараагийн өдөр ажил хийгээгүй байна. Миний бие 23-ны өдөр ферм дээр очиж ажил үзэх, Т.Ны захисан таслагчийн ир, гагнуурын электрод аваачиж өгөхөд тэр хаалгыг дуусгаагүй, миний хэлснээс өөр загвараар, үзэмжгүй хийсэн байсан. Т.Н надтай уулзмагц “Долоо хонолоо, үлдэгдэл мөнгө авна, манай хоёр хоолны мөнгөгүй болсон” гэж хэлсэн. Миний бие түүнд хандан  Одоо чамд мөнгө өгөхгүй. Ажлаа дуусахаар чинь өгнө гэж хэлсэн. Тэр юм дуугараагүй. Маргааш өглөө нь буюу 24-ны өглөө 07 цаг 30 минутын үед манай малчин М.Г над уруу утасдаж “Чука ах босоод юу ч хэлэлгүй пүүгээгээ үүрээд яваад өглөө. Одоо зам хүрч байна” гэж мэдэгдсэн. Нас тогтсон хүн худал ярьж, гэрээгээр хүлээсэн үүргээ дур мэдэн зөрчиж, гэрээний нөгөө талдаа урьдчилж мэдэгдэлгүй ажлаа хаяж яван хохироон, ажилд саад болж, үргүй их хэмжээний зардал гаргаж, ажил зогсоон дахин гагнуур хийх хүн хайж надад асар их төвөг учруулж, нэмэлт үргүй зардал гаргуулж байгаа тул Т.Ныг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, урьдчилгаа 430.000 төгрөг, охиноос авч архи ууж хоёр өдөр ажил тасалсан 10.000 төгрөг, түүнд авч өгсөн хүнсний барааны үнэ 71.000 төгрөг, нийт 511.000 төгрөгийг Т.Наас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие М.Гтай гэрээ байгуулсан бөгөөд ажлыг 14 хоногт хийж гүйцэтгэх байсныг дутуу хийсэн. Гэрээ байгуулах үед 50.000 төгрөгийг авсан нь үнэн, харин урьд нь өр нэхэгдээд байна гээд охиноос нь 380.000 төгрөгийг авч байсан. Гэрээг 14 хоногийн хугацаатай байгуулсан ба улсын баяр наадмын өмнө хийсэн бөгөөд энэ хугацаанд хундаам цутгах хүнгүй гээд баяр ч болж байна баярын дараа болно гээд 5 өдөр явуулсан. Ажиллаж байх хугацаандаа охиныг нь ирэхэд 10.000 төгрөгийг авсан ба ажлаа хэл үггүй хийсэн. Таслагчийн ир байхгүй сууж байгаад тэр хооронд нэг шил архи уусан ч маргааш нь ажлаа хийдгээр нь хийсэн. Торон төмөр олж ирвэл хаалгыг гоё болгож өгье гэхэд хуучин материал өгсөн тул би ийм юмаар хийхгүй гээд хаяад явсан. Надад хүнс аваачиж өгсөн боловч 2 гуяны мах нь манаачид үлдсэн. Би ганцаараа хоол хийж идэж байгаагүй. Би хаалгыг нь хийж бусад зүйлийг хийгээгүй нь үнэн гэв.

 

Шүүх нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Г хариуцагч Т.Ныг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, ажлын урьдчилгаанд өгсөн 430.000 төгрөг, охиноос нь авсан 10.000 төгрөг, түүнд авч өгсөн хүнсний барааны үнэ 71.000 төгрөг, нийт 511.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр М.Г нь Т.Нтай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Т.Н 180 ширхэг төмөр хашааг суурь, баганатай угсарч гагнах, гүйдэг том хаалга хийх ажлыг 7 хоногт хийж, М.Г ажлын хөлсөнд 600.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байна.

Нэхэмжлэгч хариуцагчид гэрээ байгуулсан өдөр 430.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн, мөн түүний охин 10.000 төгрөгийг өгсөн гэх бөгөөд Т.Н нь 440.000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

 Т.Н нь гэрээнд заасан ажлаас хашааны гүйдэг төмөр хаалгыг дутуу хийснээс өөр ажил хийгээгүйгээ тайлбарладаг ба өөрөө ажлыг орхин явж гэрээг цуцалсан байна. Иймд гэрээгээр шилжүүлсэн нэхэмжлэгчийн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч төмөр хаалгыг дутуу хийсэнд 50.000 төгрөг тооцож хасахыг зөвшөөрч байна. Т.Н нь ажиллах хугацаандаа нэхэмжлэгчийн малчныд байрласан бөгөөд түүний хоол хүнсийг хэрхэн зохицуулсан нь гэрээнд тодорхойгүй байхад хариуцагчаас хоолны зардлыг гаргуулах боломжгүй, хоолны зарлагын баримт он, сар, өдөргүй, энэ гэрээнд хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Харин хариуцагчаас үлдэх 390.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар 205.1-ийг баримтлан Т.Наас 390.000 төгрөгийг гаргуулж М.Гт олгож, нэхэмжлэгчийн 121.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 15.980 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 12.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД