Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1010

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч Т.Б-,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Б ,

Шүүгдэгч Н.З , түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0136/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н З-д холбогдох эрүүгийн 2003000000350 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Э ХХК-д мах шулагч, нормчин ажилтай, ам бүл 6 ах, эгч хүүгийн хамт .... тоотод оршин суудаг, /РД:/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх  овогт Н-н З.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.З  нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Түмэн плаза төвийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарц нь дээр “Nissan Advan” маркийн 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигч Т.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Замын Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гаргасан дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 2 тал/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан ...Баянгол дүүргийн 15 дугаар хороо Түмэн Плаза төвийн урд замд автомашин явган зорчигчийг мөргөсөн... гэх тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Согтуурал шалгасан ...драйгер багаж ашиглан шалгахад 0.00 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5 тал/,

 

Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн ...Хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо Түмэн Плаза төвийн урд явган хүний гарцын дээр үйлдэгдсэн. ...шулуун тэгш, явган хүний гарц, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэгт гэрэлтүүлэгтэй. Нэг чигийн хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 3 эгнээтэй явган хүний замтай, хашлагатай байв... гэх тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/,

 

            Хохирогч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчим Баянгол дүүрийн хороолол Түмэн Плаза төвийн хойно явган хүний гарцаар найз Эрдэнэбатын хамтаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байсан. Би нэг алхамын зайтай урд талд нь явсан гэсэн манай найз араас татах гээд амжаагүй. Гэнэт гэрэл ороод ирсэн. Нэг мэдсэн миний толгойг оёж байх үед би сэрсэн. Ухаан алдсан юм шиг байсан. ...Гэмтлийн эмч үзээд хэвтэх шаардлага байхгүй баруун эгэм хугарсан учраас эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн тул тэр өдрөө гэртээ байж байгаад маргааш нь Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эмчилгээний зардалд жолооч Н.З  2 сая төгрөг дансаар өгсөн. ...Нөхөн төлбөр 2 сая төгрөг авчихбал бол надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажил хийдэггүй бөгөөд машинаараа халтуур хийдэг. Хоногт 50.000 төгрөгөөс дээш орлого олдог. Энэ талаар баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 15 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Хавтас хэрэгт баримтаар өгсөн хохирол төлөгдсөн. Одоо хүртэл миний бие бүрэн эдгэрээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг,

 

 

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Уг машиныг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 7.600.000 төгрөгөөр авсан. Ёсөн шижир Банк бус санхүүгийн нэр дээр бүртгэлтэй одоо 5.320.000 төгрөг үлдэгдэл байгаа. Үнэлгээгээр 840.000 төгрөг болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Nissan Advan Маркийн 00-00 УБӨ улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би дүү Н.З д жолоодох зөвшөөрөл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Миний хувьд З аас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Б ын автомашин худалдан авсан талаарх зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь /хх-ийн 24-26 тал/,

 

Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би найз Б-ы хамтаар Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Өргөө кино театрын зүүн талд нэг бааранд орсон нэрийг нь мэдэхгүй байна. 22 цагийн үед ороод 00 цагийн үед тэндээсээ гарсан. Бид хоёр нэг шил Эдэн гэх 0.75 грамм архи уусан. Түмэн Плаза төвийн ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам гарах гээд хойд талын явган хүний гарц өнгөрөөд урд талын явган хүний гарц руу Б миний урд талд би хойд талд нь алхаж явсан баруун гар тийш хартал нэг машин хурдтай ирж явсан. Гэрэл нь тод харагдаж байсан бөгөөд Би Б-г хойноос татах гэтэл Б явган хүний гарц руу орсон. ...Б надаас 2 алхамын зайд явж байсан болохоор хүрч амжаагүй, хөөё гэхийн завдалгүй, машин Б-г явган хүний гарц дээр мөргөөд 10-20 метр зайд зогссон. Б машины зүүн талд унасан хэвтэж харагдсан. Би очоод толгойг нь өргөөд өвдөг дээрээ дэрлүүлээд толгойноос цус гараад байсан. ...103 машин ирээд эмч Б-г үзээд гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би цуг очоод байж байтал цагдаагаас цуг явсан хүнээр Б мөргүүлээд унасан гэх цэгүүдийг заалгуулна гээд ослын газарт очсон. А, Б цэгийг заагаад буцаад гэмтлийн эмнэлэг дээр очоод гэр рүүгээ явсан. Баруун гар талаас ирж байгаа машиныг 15 метр орчим зайд олж хараад эргээд урагшаа харахад Б явган хүний гарц нь дээр явж харагдсан. Тэгээд хөөё гээд орилох гэтэл машин хамаад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9901 дугаартай “...Т.Б- биед баруун эгэм ясны далд хугарал, нүүр, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

 

Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд хийсэн ...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ, баруун зүүн гар талын хол ойрын их гэрлийн тусгал, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дуут дохио, автомашины хурдны ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна... гэх дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 47-52 тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 592 дугаартай шинжээчийн ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 840.000 төгрөг... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-60 тал/,

 

Мөрдөгчийн ...Nissan Advan маркийн 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явсан Нэргүй овогтой З  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй... гэх магадлагаа /хх-ийн 64 тал/,

 

Түмэн Плаза ХХК-ийн ...Манай Түмэн Плаза дэлгүүрийн камер нь зам руу тусгадаггүй болох нь үнэн болно... гэх бичиг /хх-ийн 77 тал/,

 

Түргэн тусламж дуудлагын хуудас /хх-ийн 80 тал/,

 

Хохирогч Т.Б-ы өвчний түүхийн хуулбар /хх-ийн 82-88 тал/,

 

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 90-94 тал/,

 

Шүүгдэгч Н.З ын 2 сая төгрөг шилжүүлсэн гэх Х.Мөнхцэцэгийн Хаан банкны дансны хуулга  /хх-ийн 96-97 тал/,

 

            Шүүгдэгч Н.З ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би сонсгож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 8 дугаар сарын 28-ны шөнө 1 цаг 13 минутын орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Nissan Advan маркийн 00-00 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр Түмэн Плаза төвийн урд талын явган хүний гарц дөхөж явтал хойд талаас 2 явган зорчигч нэг нь урд, нэг нь хойно нь алхаж яваа харагдсан. Би шууд тормос хишгэтэл машины зүүн хэсгээр мөргүүлсэн. Тухайн үед бороо орсон байсан болохоор гулгаад зогссон. Машинаас буугаад хартал явган зорчигч машины урд талд дээш харсан ухаантай хэвтэж байсан. ...Би тухайн үед дуут дохио өгөөгүй. 55 км/цагийн хурдтай явж байсан. Би хохирогч талд 2 сая төгрөг дансаар төлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, би хохирол төлбөрт нийт 2.400.000 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг зэрэг бичгэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 тал/, гэрч О.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай дүү тулгуур эрхтний группд байдаг бие гайгүй үедээ над дээр ирж тусалдаг сард 80.000 төгрөгийн цалин авдаг. Цаашид байнга ажиллана. З  нь дуу, цөөтэй, архи тамхи хэрэглэхгүй, ажилдаа сайн гэр бүлдээ халамжтай цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, эхнэр хүүхэдгүй сайн хүү байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/, гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Н.З  надтай цуг амьдардаг тогтсон ажил байхгүй. Тулгуур эрхтэний группд байдаг бие гайгүй үедээ ах Баярхүүгийн ажилд тусалдаг. Дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, ажилдаа сайн, гэр бүлдээ халамжтай, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, эхнэр хүүхэдгүй, сайн хүү байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 98 тал/, хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 100 тал/, цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 101 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 102 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 103 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын 55 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай эмчийн үзлэгийн дэвтрийн хуулбар, Эрхэст Мийт ХХК-ний ажлын газрын тодорхойлолт, Н.З ын Төрийн банкны дансны хуулга, хохирогчид гутал хувцасны төлбөрт 400.000 төгрөг бэлнээр өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.З аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27 дахь талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.З  нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Түмэн плаза төвийн урд талын явган хүний зохицуулдаггүй гарц нь дээр “Nissan Advan” маркийн 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 10 минутын үед зам тээврийн осол болсон байх ба уг осол шүүгдэгч Н.З  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор гарчээ.

 

Энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.З ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн уг осолд өртсөний улмаас Т.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу биед баруун эгэм ясны далд хугарал, нүүр, баруун өвдөгний зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 9901 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Иймд шүүгдэгч Н.З ын “Nissan Advan” маркийн 00-00 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад тээврийн осол гарган явган зорчигч буюу хохирогч Т.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Н.З  нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.З  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол, хор уршигт тооцож 1.763.865 /хх-ийн 90-94 тал/, төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Н.З  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 2.400.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хэргийн 15 дахь талд авагдсан хохирогч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эмчилгээний зардалд жолооч Н.З  2 сая төгрөг дансаар өгсөн...” гэх мэдүүлэг, 96-97 дахь талд авагдсан шүүгдэгч Н.З ын 2 сая төгрөг шилжүүлсэн гэх талаар баримт буюу Х.Мөнхцэцэгийн Хаан банкны дансны хуулга, хэргийн 74-75 дахь талд авагдсан Шүүгдэгч Н.З ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би хохирогч талд 2 сая төгрөг дансаар төлсөн баримт байгаа... гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирогчид гутал хувцасны төлбөрт 400.000 төгрөг бэлнээр өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогджээ.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.З аас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б- нь биеийн байдал зовиуртай, бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж мэдүүлж байх тул  цаашид гарах зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Н.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.З  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн..., мөн хуулийнг ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн болон хяналтын прокурор, өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.З д мэдэгдэх нь зүйтэй.

            Хэрэгт хавсарган ирүүлсэн 1331957 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.З д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал овогт Нэргүйн З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З д 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.З д сануулсугай.

4. Хохирогч Т.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Б-д 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг хохирол хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн 00000000 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Н.З д буцаан олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА