Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/609

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Л.Н,

шүүгдэгч  П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П.Бд холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сангийн аж ахуйд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оршин суух хаягтай, тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Алтай” хотхоны зүүн урд замд улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч П.Бгаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч Л.Нээс: “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа тараад явж байсан. Гэрлэн дохиогоор гарч явахад хажуугаас машин ирээд мөргөсөн. Тэгээд би унахдаа гараараа тулаад унасан. Миний хувьд 320.000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа болохоор гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч Л.Нийн: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн урд талын уулзварыг баруун талаар нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд ногоон гэрэл асахаар нь алхаж явтал зүүнээс баруун чиглэлтэй уулзвар нэвтэрч явсан улсын дугааргүй Ванитте маркийн автомашин ирээд миний баруун ташаа хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Б.А: “...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед байх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны зүүн урд уулзварт Ванитте маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан. Жолооч П.Б машиныг жолоодож явах үед уулзварын явган хүний гарцан дээр манай машин зогссон. Тэгэхээр нь би “юу болов” гэтэл манай жолооч П.Б “хүн шүргэх шиг боллоо” гэж хэлсэн тэгээд би машинаас буугаад хартал эмэгтэй хүн машины хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №11194 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №664 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

                                                                  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэдгийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 47 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 60 дугаар хуудас/,

-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн  50 дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/,

-Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 55-58 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж П.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны зүүн урд замд улсын дугааргүй “Nissan Vanette Van”  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Нийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Нийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Алтанзаяагийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11194 дугаартай шинжээчийн:

  1. Л.Н-н биед зүүн шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №664 дугаартай:

  1. Ванитте маркийн улсын дугааргүй автомашины жолооч П.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Л.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Ванитте маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

            Прокуророос шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

            Иймд шүүгдэгч П.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Л.Нийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 315.470 төгрөгийн нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч П.Б нь 320.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Л.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болох дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харъяа  Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. С овогт П.Бг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Бгийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болох BC1021700 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Л.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ