| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/02152/и |
| Дугаар | 182/ШШ2017/01815 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2017/01815
| 2017 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2017/01815 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ш.Ж
Хариуцагч: Л.Б
зээлийн гэрээний үүрэгт 2.402 ам.доллар буюу 5.836.860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Ш.Ж нь Л.Бд тухайн үед бичгээр гэрээ хийгээгүй боловч, шаардлагын улмаас чин сэтгэлээсээ туслалцаа хүссэн мөн хэн хэнийгээ сайн мэдэх харилцаа, хоёр талын итгэлцлийн үндсэн дээр нь ам хэлцлээр тохиролцож, дүү А-аас 2013 оны 06 дугаар сард 2.150 ам.долларыг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, мөн хугацаа, хүүтэйгээр түүнд зээлээр өгсөн. Л.Б нь тухайн үедээ хүүг нь уван цуван төлж байсан. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өглөө гэрт нь очиж, зээлийг төлөх талаар ярилцаж, Л.Б нь үндсэн зээл 2.150 ам.доллар, түүн дээр 5 сарын хүү 752 ам.долларыг нэмж нийт 2.902 ам.долларыг 3 сарын хугацаанд төлж дуусгавар болгохоор харилцан тохиролцож, үүнийгээ баталгаажуулж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн. Түүнээс хойш 3.000.000 төгрөг цувуулж өгсөн. Энэ нь тухайн өдрийнх нь ханшаар нийт 1.400 ам доллар болсон.
Төлбөрийн үлдэгдэл 1.502 ам.доллар дээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 1 жилийн хүү 900 ам.долларыг нэмж, нийт төлбөрийн дүн 2.402 ам.доллар болж байна. Урьд нь төлбөрийн 3 сарын хүүг зогсоосон, 2017 оны 5,6,7 дугаар сарын хүүг тооцоогүй, иргэн Анхтуяад Л.Бгийн тооцоог Ш.Ж төлж байгаа, ходоодны хорт хавдрын мэс засалд орж, байнгын эмчийн хяналтанд, эмчилгээ хийлгэж байгаа зэрэг нөхцөл байдлыг Л.Б сайн мэдэж байгаа. Л.Б нь Ш.Жгийн хүүгийнд хавтгай дэлгэцтэй зурагт түр хэрэглүүлж байсныг хүүхэд нь эвдсэн тул түүнийг нь 400.000 төгрөгөөр бодож, тооцооноос хасна. Мөн Ш.Жгийн хүүд нэг хөөрөг өгсөн бөгөөд уг хөөрөг нь байгаа, төлбөрийг төлөнгүүт буцааж өгнө. Ширхэг дугуйг аваагүй гэдэг. Ер нь Отай холбоотой тооцоогоо түүгээрээ хийх нь зүйтэй юм. Иймд Л.Бгээс 2.402 ам доллар буюу 5.836.860 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсаны дагуу 2.150 ам.долларыг харилцан итгэлцсэний үндсэн дээр Ш.Жгийн хүү Г.Оаас авсан нь үнэн бөгөөд тухайн үед Г.О ээжээрээ дамжуулан хүнээс мөнгө авсан гэдгийг хэлж байсан. Амьдралын гачигдал, ажлын байдлаас шалтгаалан уг мөнгийг бүрэн төлж амжихгүй байсан ч харилцан ойлголцож боломжоороо төлбөрийг барагдуулах талаар Г.От мөнгө шийдэн өгч байсан. Орлогын эх үүсвэргүй байсан учир бүрэн барагдуулаагүй үлдсэн тал бий. Хөөрөгний хувьд хамтран зарж, өрийн төлбөрт өгөх саналыг Г.От тавьж зарах талаар ярилцсан. Г.О тухайн үед “Би энэ хөөргийг нуух, толгой хийлгээд өөрөө барья, төлбөрөөс хасаж тооцьё” гэдэг санал тавьсныг би өрнөөс хасагдсан гэж тооцоолж өнөөдрийг хүрсэн. Төлбөрийг барагдуулах талаар санаачлага гаргаж байсны нотолгоо бол зээлийн хүүг боломжоороо шийдвэрлэж байсан. Г.Оийн ээж Ш.Жгийн эрүүл мэнд хэцүү байгааг ойлгож байгаа. Мөн 600.000 төгрөгийн үнэтэй шинэ телевизор болон автомашины 4 ширхэг дугуй зэрэг зүйлсийн үнэ өртөгийг зохих хэмжээгээр хасаж тооцох нь зүйтэй байх. Зээлийн тооцоог эцэслэж дуусгах талаар яаралтай арга хэмжээ авахыг хичээж байгаа ч үнэхээр ажлын байдал тааруу байгаагаас шалтгаалан шийдвэрлэж чадахгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2.402 ам.доллар буюу 5.836.860 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ш.Ж хариуцагч Л.Бд 2013 оны 06 дугаар сард 2.150 ам.долларыг тодорхой хугацаатай, хүүтэй зээлдүүлсэн байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 2.902 ам долларын үлдэгдэл тооцоотой байснаа нэхэмжлэгч хариуцагч нар тооцож баримт үйлдсэн байна.
Түүнээс хойш хариуцагч нэхэмжлэгчид 3.000.000 төгрөг төлсөн нь 1.400 ам доллар болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба одоо 1.502 ам долларын өр төлөгдөөгүй үлдсэн байна. Талууд зээлийн хүүг төлөх талаар бичгээр тохиролцоогүй байх тул хүүд нэхэмжилсэн 900 ам долларын нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй байна. Харин хариуцагчийн зурагтыг эвдсэний үнэ 400.000 төгрөгийг хасаж төлүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул 1.502 ам доллартай тэнцэх төгрөг 3.676.070 төгрөгөөс 400.000 төгрөгийг хасаж, 3.276.070 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгож шийдвэрлэв. Бусад тооцоог Л.Б нь Ш.Жгийн хүү Г.Отай жич хийвэл зохино.
Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД