Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/712

 

 

 

 

 

 

    2019          08         19                                      2019/ШЦТ/712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,  

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: Ч.А-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ч.А-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905024150759 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.А- нь 2018 оны 11 дүгээр 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 79 тоотод иргэн Б.Н-ын нүүрэнд гараараа цохиж унаган тэлээгээр толгой, биед нь ороолгон толгойд шарх, дээд уруул, доод эрүү, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 7-134б тоотод Б.Т-ийн нүүр тус газар нь гараараа цохиж унаган, гэрийн хугархай униар биед нь цохиж дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цацаа гэх найз эмэгтэйтэйгээ уулзаад сууж байсан чинь А- гаднаас согтуу орж ирэхээр нь би “чи цагдаа дээр торгуулийн мөнгөө очиж олж өг” гэсэн чинь өөдөөс “чамайг намайг бариулахаар явуулсан уу” гэснээ уурлаад зүүсэн байсан тэлээгээ тайлаад гараараа нүүр рүү 2 удаа цохиод намайг газар унагаагаад тэлээгээрээ миний нүүр, толгой, бие рүү төмөр арлаар нь ороолгоод зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...5 дугаар сарын 28-ны өдөр Лхагвадорж ахын хажуугийн айл болох Жавцандуламынд 20 цагийн үед байх ороход Жавцандулам ганцаараа байсан. Тэгээд бид 2 юм яриад сууж байхад гаднаас Батжаргал гэх залуу 0.75 литрийн Хараа архи авч орж ирээд бид 3 хуваагаад ууж байхад гаднаас Отгонжаргал гэх эмэгтэй, А- гэх залуугийн хамт орж ирээд Хараа архийг хувааж уугаад дуусаагүй байхад гаднаас Өнөрөө гэх эмэгтэй, Жижгээ гэх залуугийн хамт орж ирэхдээ 0.75 литрийн Сэржим архи авч орж ирсэн. Бид нар хувааж уугаад би баруун талын орон дээр сууж А- гэх залуу хойморт сууж байгаад ямар нэгэн шалтгаан байхгүй босож ирээд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохихоор нь би нүүрээ дараад орон дээр хажуу тийшээ хараад хэвтсэн чинь миний сууж байсан гэрийн баруун талын унийг татаж хугалж аваад зүүн талын бөөр, нуруу хэсэгт нилээд хэдэн удаа цохиход нэг нь А-оос унийг нь булааж авахад хөлөөрөө хэвлий тус газарт 2 удаа өшиглөж мөн баруун зүүн хөлийн гуя, шилбэнд хэдэн хэдэн удаа өшиглөхөөр нь би гараад зугтаагаад Лхагвадорж ахынд ороход ээж нь болох 80 гаран настай Янжиндулам эгч ганцаараа байсан. Тэгээд би хаалгаа түгжээд унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Ж.Жавзандолгорын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрийн баруун талын орон дээр сууж байсан Тунгалаг гэх эмэгтэй А-ыг зайл гэж хөөснөөс болон маргалдсан. Тэгтэл А- нь гэнэт ширээний араас босож ирэн орон дээр сууж байсан Тунгалагийн нүүрэн тус газар руу нь 1-2 удаа гараар цохисон. Энэ үед Тунгалаг дээш харан орон дээр хэвтсэн чинь орны дээд талын гэрийн унийг хугалж аван хугархай униар Тунгалагийн бөөр, давсаг, нуруу хэсэг рүү нь олон удаа цохиод байхаар нь би аргаа бараад боль гэж хэлсэн чинь чамд хамаагүй шүү ална гэж хэлсэн. Тэгтэл нөгөө Тунгалаг гэх эмэгтэй гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 114/,

Гэрч Л.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Тунгалаг гэрийн хаалгаар ороход зүүн гар талын орон дээр сууж байсан. Харин А- гэрийн хойморь хэсэгт сандал дээр сууж байсан. Хэсэг зуур би согтоод Тунгалагийн сууж байсан орны эсрэг талын орон дээр унтсан. Нойрон дунд хүмүүс хэрэлдээд байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чинь А- нь Тунгалагийн сууж байсан орны дээд хэсгээс гэрийн унь хугалж аваад орон дээр дээш хараад хэвтсэн байсан Тунгалагийн хэвлий хэсэг рүү нь хугархай унийг босгосон байдлаар гартаа барьж байгаад хэд хэдэн удаа цохиж байсан. Тунгалаг маш чанга дуугаар “ёо ёо” гэж хэлэн хашхирч байсан. Бид нар болиоч гэж хашхирсан боловч ойртуулахгүй, А- ална шүү гэж хэлэн хашхирч байсан. Энэ үед Тунгалаг гэрээс гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 117/,

Гэрч М.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Самбуу “А- руу чи миний эхнэр Наранбаярыг авч суучихаад архи уугаад тэнээд байх юм” гэж хэлсэн чинь А- нь “би чиний 2 охиныг юугаар ч дутаагаагүй” гэж хэлсэн. Үнээс болон гэнэт Тунгалаг, А- нар хэрэлдэн бие биенийгээ зайл гэж хэлэн хашхираад байсан. Тэгтэл А- орон дээрээс босож ирэн Самбуу руу “ална” гэж хэлэн цохих гэсэн чинь Тунгалаг чи миний ахыг яахаараа дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлэн дундуур нь орсон чинь А- Тунгалагийг цохиж орон дээр дээш харуулан унагасан. Түүний дараа орны дээд талын гэрийн унийг хугалан авч Тунгалагийн хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохихоор нь би голоор нь орон гарт байсан унины хугархайг булаан авч А-ыг чи хүн зодохоо боль гэж хэлсэн. Энэ үед Тунгалаг “ёо ёо” гэж хэлэн орон дээр хэвтэж байснаа гэрээс гаран зугтсан. Би А-ыг хойш нь түлхэн орон дээр суулгачихаад гарт байсан хугархай униа газар тавин гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 121/,

Шинжээчийн 13999 тоот дүгнэлтэд: “...Б.Н-ын биед толгойд шарх, дээд уруул, доод эрүү, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

Шинжээчийн 6760 тоот дүгнэлтэд: “...Б.Т-ийн биед дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт /2500мл/, дэлүүг мэс заслаар авсаны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 49/,

Яллагдагчаар Ч.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн мөн эхнэр Наранбаяр нь намайг гэртээ харьсангүй гэж уурласнаас болж өөрийн өмднийхээ тэлээгээр нүүр, гар, хөл хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж хохирол учруулсан нь үнэн. ...Би маш их согтуу байсан болохоор яагаад Тунгалагийг зодох болсон, биеийнх нь хаана, хаана хэдэн удаа юугаар цохьж зодсон эсэхээ мэдэхгүй байна. ....би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 72-81/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 10/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11, 15/, хохирогч Б.Н-ын гэмтэл авсан гэх газрын гэрэл зургууд /хх-н 43-46/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 93-99/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 100/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 102-106/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 128-186/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Ч.А- нь 2018 оны 11 дүгээр 20-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 4 дүгээр гудамжны 79 тоотод иргэн Б.Н-ын нүүрэнд гараараа цохиж унаган тэлээгээр толгой, биед нь ороолгон толгойд шарх, дээд уруул, доод эрүү, баруун бугалга, зүүн шилбэнд цус хуралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          - 2019 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 7-134б тоотод Б.Т-ийн нүүр тус газар нь гараараа цохиж унаган, гэрийн хугархай униар биед нь цохиж дэлүүний задрал, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Н-ын: “...А- гаднаас согтуу орж ирэхээр нь би “чи цагдаа дээр торгуулийн мөнгөө очиж олж өг” гэсэн чинь өөдөөс “чамайг намайг бариулахаар явуулсан уу” гэснээ уурлаад зүүсэн байсан тэлээгээ тайлаад гараараа нүүр рүү 2 удаа цохиод намайг газар унагаагаад тэлээгээрээ миний нүүр, толгой, бие рүү төмөр арлаар нь ороолгоод зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, хохирогч Б.Т-ийн “...би баруун талын орон дээр сууж А- гэх залуу хойморт сууж байгаад ямар нэгэн шалтгаан байхгүй босож ирээд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохихоор нь би нүүрээ дараад орон дээр хажуу тийшээ хараад хэвтсэн чинь миний сууж байсан гэрийн баруун талын унийг татаж хугалж аваад зүүн талын бөөр, нуруу хэсэгт нилээд хэдэн удаа цохиход нэг нь А-оос унийг нь булааж авахад хөлөөрөө хэвлий тус газарт 2 удаа өшиглөж мөн баруун зүүн хөлийн гуя, шилбэнд хэдэн хэдэн удаа өшиглөхөөр нь би гараад зугтаагаад Лхагвадорж ахынд ороход ээж нь болох 80 гаран настай Янжиндулам эгч ганцаараа байсан. Тэгээд би хаалгаа түгжээд унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Ж.Жавзандолгорын: “...гэрийн баруун талын орон дээр сууж байсан Тунгалаг гэх эмэгтэй А-ыг зайл гэж хөөснөөс болон маргалдсан. Тэгтэл А- нь гэнэт ширээний араас босож ирэн орон дээр сууж байсан Тунгалагийн нүүрэн тус газар руу нь 1-2 удаа гараараа цохисон. Энэ үед Тунгалаг дээш харан орон дээр хэвтсэн чинь орны дээд талын гэрийн унь хугалж аван хугархай униар Тунгалагийн бөөр, давсаг, нуруу хэсэг рүү нь олон удаа цохиод байхаар нь би аргаа бариад боль гэж хэлсэн чинь чамд хамаагүй шүү ална гэж хэлсэн. Тэгтэл нөгөө Тунгалаг гэх эмэгтэй гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 114/, гэрч Л.Өнөрцэцэгийн: “...хүмүүс хэрэлдээд байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чинь А- нь Тунгалагийн сууж байсан орны дээд хэсгээс гэрийн унь хугалж аваад орон дээр дээш хараад хэвтсэн байсан Тунгалагийн хэвлий хэсэг рүү нь хугархай унийг босгосон байдлаар гартаа барьж байгаад хэд хэдэн удаа цохиж байсан. Тунгалаг маш чанга дуугаар “ёо ёо” гэж хэлэн хашхирч байсан. Бид нар болиоч гэж хашхирсан боловч ойртуулахгүй, А- ална шүү гэж хэлэн хашхирч байсан. Энэ үед Тунгалаг гэрээс гараад зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 117/, гэрч М.О-ын: “...А- орон дээрээс босож ирэн Самбуу руу “ална” гэж хэлэн цохих гэсэн чинь Тунгалаг чи миний ахыг яахаараа дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлэн дундуур нь орсон чинь А- Тунгалагийг цохиж орон дээр дээш харуулан унагасан. Түүний дараа орны дээд талын гэрийн унийг хугалан авч Тунгалагийн хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа цохихоор нь би голоор нь орон гарт байсан унины хугархайг булаан авч А-ыг чи хүн зодохоо боль гэж хэлсэн. Энэ үед Тунгалаг “ёо ёо” гэж хэлэн орон дээр хэвтэж байснаа гэрээс гаран зугтсан. Би А-ыг хойш нь түлхэн орон дээр суулгачихаад гарт байсан хугархай униа газар тавин гэрээс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 121/, шинжээчийн 13999, 6760 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.А- нь хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсанаа санахгүй байгаа, тухайн үед их согтолттой байсан гэж мэдүүлж байх боловч тухайн хэрэг болох үед цуг байсан, болсон асуудлыг харсан, хэрэгт хувийн ашиг сонирхолгүй гэрч Ж.Жавзандолгор, М.О-, Л.Өнөрцэцэг нарын хууль сануулж өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай гэрийн унь, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ч.А- нь гэрийн унь хугалж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А- нь согтуурсан үедээ хохирогч Б.Т-тай маргалдаж гараараа болон хөлөөрөө, гэрийн униар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Б.Н-ыг өмдний тэлээгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Н- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ч.А- нь хохирогч Б.Н-т төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Б.Т- нь шүүгдэгчээс 300.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирлын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн хохирогч Б.Т- нь цаашид эмчилгээ хийлгэх, эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч Б.Т- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.А-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөөгүй, хохирогч Б.Т- гомдол саналтай, хувийн байдал буюу удаа дараа ял эдэлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ч.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-од шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 23 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 хэсэг болон хугарсан улаан өнгийн гэрийн унийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1805060500722 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.А-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

              - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ыг 4 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-од Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-од оногдуулсан 4 жил, 30 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Ч.А-ын урьд цагдан хоригдсон 23 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Хохирогч Б.Т- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1805060500722 тоот хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь хохирогч Б.Н-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хэсэг болон хугарсан улаан өнгийн гэрийн унийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР