Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0153 |
Огноо | 2014-04-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2014/0153
Ё.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ё.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрт гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлын дагуу Ё.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 414 дүгээр захирамжийг хүчингүй болгож, миний эзэмшиж байсан 550 м.кв газрыг миний нэр дээр болгуулах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад миний гаргасан газрыг гэр бүлийн хэрэгцээнд олгох тухай өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, аймгийн Засаг даргад тухайн газрыг надад гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2010-2012 оны аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өргөдлийг шүүж үзэхэд Ё.Д нь газар өмчлөн авах өргөдөл гаргаагүй байна. Тиймээс Х.Ё-ыг хүсэлт гаргасны дагуу 2013 оны 414 дүгээр захирамжаар 1029 м.кв газрыг түүнд Газрын тухай хуулийн 21.3.2-т заасныг баримтлан эзэмшүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
|
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Маргаан бүхий газарт 2010 онд манайхыг буухаас өмнө хэн ч байгаагүй. Нэхэмжлэгч Ё.Д нь манай хашаанд түр сууж байсан. Биднийг эзгүй байх хооронд 2012 оны намар тал хашааг маань буулгаж өөрсдийн хашаагаа барьсан. Би газрыг өмлөх тухай хүсэлтээ сумын Засаг дарга, Газрын албаны дарга нарт гаргаж байсан ч шийдвэрлэхгүй байсаар 2013 онд 1029 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан. Түүнчлэн уг газар нь Газрын тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий А зэрэглэлийн газар тул иргэнд өмчлүүлэх боломжгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгох тухай” 414 дүгээр захирамжийг хүчингүй болгож,
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг буруутгах үндэслэл нь:
Анхан шатны 3-р шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдолтой шаардлагатай нотлох баримт санаачилгаараа бүрдүүлээгүй энэ нь хэргийн материалаас харагдаж байгаа. Шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гаргахын оронд шүүх өөрөө илэрхий хууль зөрчиж аймгийн Газрын алба, Засаг даргын газар эзэмшүүлэх, өмчлөх эрх мэдлийг /хийдэг ажлыг/ хийж газар хуваарилж олгодог шүүх Баянхонгор аймагт бий болж байгаад харамсаж байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, ирээгүй байхад түүнийг оролцуулах эсэх асуудлыг талуудаас санал аваагүй шууд хуралдан шийдвэр гаргасан. Захирамжийг хүчингүй болгож, Ё.Д-т улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн мөртлөө Х.Ё миний газрын гэрчилгээний үнэ, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хэрхэхийг шийдээг/й нэг ч үг үсэг дурсаагүй.
Х.Ё миний барьсан хашаанд Ё.Д нь 1 жилийн хойно эзгүй байхад хэлэлгүй хүчээр буучхаад, 2 жилийн дараа эзгүй хойгуур эзгүйд хүчээр миний хашааны талыг буулгаж овоолчхоод, өөрөө хашаа барьсан, барьсан хашаандаа Х.Ё миний хашааны хагасыг оруулаад авчихсан /одоо ч хэвээрээ байгаа /ийм дээрэм, луйврын аргаар газар авах гэсэн Ё.Д-т шийдвэрлэсэн нь илт нэг талд шүүх үйлчилсэн, энэ бусармаг үйлдлийг шүүх өөрөө хөхиүлэн дэмжсэн шийдвэр гаргасан.
Аймгийн Засаг даргын захирамжийг газрын төлөвлөгөөнд ороогүй, сумын Засаг даргаас санал аваагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гаргасан атлаа шүүх өөрөө энэ шийдвэрээ газар дээрээ өөрөө зөрчөөд аймгийн даргын ажлыг шүүх өөрөө хийж, Ё.Д-т шийдвэр гаргасан.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй сумын Засаг даргаас санал аваагүй нь иргэн миний буруу биш, төрийн байгууллагын энэ алдаанаас болж газар авахаар газрын албанд эхэлж өргөдөл гаргасан миний эрхийг зөрчиж, хувь хүн намайг хохироосон шийдвэр гаргалаа.
Захиргааны хэргийн анхан шатны 3-р шүүх үнэхээр хууль зүйн дагуу шийдвэр гаргадаг юм бол энэ газрыг төлөвлөгөөнд нь тусгаад хууль номынх нь дагуу төрийн байгууллагын алдааг залруулсны дараа эхэлж өргөдөл гаргасан иргэн би эзэмших эрхтэй гэж үзэж байна.
2 дахь хариуцагч Газрын албаны мэргэжилтэн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг шүүх хуралдаан дээр жилийн газрын төлөвлөгөөнд шинээр барих хороо хорин гудамжнууд ордог, хуучин олгосон гудамжны дунд байгаа 1 хашааны газрыг төлөвлөгөөнд тусгахгүйгээр нөхөн олгодог тэгээд ч Ёндонжамцын эзэмшлийн энэ газрын орчмын хашаа газрын алба үүсэхээс өмнө хувьчлагдсан учраас төлөвлөгөөнд тусгагдаагүй газрын алба үүсэхээс өмнө хотын захиргаа газар олгодог байсан газрын төлөвлөгөө байсан эсэхийг мэдэхгүй, хотын захиргаа гэдэг нь одоогийн Баянхонгор сум юм. Тийм учраас сумын Засаг дарга зөвшөөрч тэр газрыг олгосон Ё.Д-т өөр газар олгохоор санал хэлсэн боловч зөвхөн энэ газрыг булаацалдаад зөрүүдлээд байгаа гэсэн тайлбар хэлсэн боловч авч хэлэлцээгүй энэ талаар судлаагүй шийдвэр гаргасан.
Мөн нэхэмжлэгч нь анхан шатны 3-р шүүхэд 550м.кв газрыг өмчлүүлж өгнө үу гэсэн шаардлага гаргасан. Гэтэл хэргийг хянан хэлэлцүүлэх захирамж гаргаснаас бүүр хойш шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн/ шаардлагаа өөрчлөхийг шүүх сануулж/.шаардлагаа өөрчилж байхад шүүх талуудад энэ асуудлыг ойлгуулах битгий хэл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөр нь авч хэлэлцэн иргэн Ё.Д-т шийдвэр гаргаж байгаа нь алдаатай шийдвэр гэж үзэж байна.
Мөн шүүх хурал завсарлахдаа шүүгчид бидэнд та бүхэн харилцан тохиролцоод эвлэрээд асуудлаа шийдэж болно гэсний дагуу газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д-т “энэ жилийн төлөвлөгөөнд тусгасан газраас өөрөө сонгоод ав өмчлөөд өгье” гэхэд Ё.Д зөвшөөрөөгүй зүтгээд байсан нь захиргааны хэргийн анхан шатны 3-р шүүхийн шүүгчтэй урьдчилан өөрийн талд шийдвэр гаргуулахаар үгсэн тохиролцсон байгааг нотолж байна. Тиймээс захиргааны хэргийн анхан шатны 3-р шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж зөв шийдвэр гаргуулахаар гомдол гаргав.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 9-8-14 хаягт байрлах 1029 м.кв газрыг иргэн Х.Ё-д эзэмшүүлсэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 414 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, гурван жил амьдарч байгаа 550 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Баянхонгор сумын 7 дугаар багийн 23-10, гуравдагч этгээд 9 дүгээр багийн 9-8-14 гэх хаягтай гэх боловч бодит байдал дээр нэг газар болох шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр уг газарт 2010 оны 10 сар, 2011 оны 11 сараас оршин сууж, амьдарч эхэлсэн нь тогтоогдсон боловч тэдгээрийн хэн алинд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй. Тодруулбал, шүүхээс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баримтуудад хийсэн үзлэг, тухайн байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдээр Х.Ендонжамц 2013 оны 06 дугаар сарын 06, Ё.Д мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө газар эзэмших, өмчлөх агуулгатай өргөдлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй нь тогтоогджээ. Тиймээс нэгэнт Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх үүсээгүй нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тухайн газарт түрүүлж буусанд нь газар эзэмших эрх хууль ёсоор эхэлж үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Гэтэл хариуцагч 2013 оны 414 дүгээр захирамжийг гаргахдаа хуульд заасан баримтуудыг бүрдүүлж, холбогдох судалгааг хийлгүйгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх/-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулаагүйгээс нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр иргэн Ё.Д, Х.Ё нар нэгэн адил нөхцөлөөр уг газарт амьдарч байхад нэгэнд нь эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан нь буруу байна.
Үүнээс гадна урьд нь тухайн газрыг Х.Ё-д эзэмшүүлэхээр эрх бүхий этгээд шийдвэрлээгүй байхад “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг нөхөн олгосон” агуулгатай захирамжийг гаргасан, ийнхүү гаргахдаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан 0,07 га газраас илүү хэмжээний газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь хуульд нийцээгүй байна.
Анхан шатны шүүх дээрх байдлаар Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Х.Ё-ыг газар эзэмших эрхгүй гэж үзсэн атлаа түүнтэй адил нөхцөлд газрыг ашиглаж байсан буюу эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй Ё.Д-ийн даалгах нэхэмжлэлийг хангаж, тухайн маргаан бүхий газрын зарим хэсгийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь өрөөсгөл болжээ.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзээд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар нөхцөл байдлыг цаашид тодруулан Ё.Д, Х.Ё нарын бодит байдал дээр эзэмшиж байгаа газрыг хэмжин тогтоож, тэрхүү эзэмшиж байгаа хэмжээгээр нь хэн алинд нь эзэмшүүлсэн агуулгатай актыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дахин гаргахыг хариуцагчид даалгаж, үүнтэй холбогдуулан уг шийдвэрийг гаргах хүртэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 414 дүгээр захирамжийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан агуулгаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 414 дүгээр захирамжийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан Ё.Д, Х.Ё нарын оршин сууж, бодит байдлаар эзэмшиж байгаа газрын хэмжээг нягтлан шалгаж, хэмжиж тогтоосны үндсэн дээр тэдгээр иргэдэд тухайн тогтоогдсон хэмжээгээр нь эзэмшүүлсэн захирамжийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шинээр гаргахыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
|