Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2199

 

        ЕБС-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01451 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЕБС-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Г, Ө.Ш, Ж.А, Д.О, Б.Д, Ц.Т нарт холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагч Ж.А, Ө.Ш, Ц.Т нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч төлөөлөгч Г.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар сургууль нь Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 558 тоот гэрчилгээ, 2008/558 тоот гурвалсан гэрээгээр хуулийн дагуу газар ашигладаг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар сургуулийн ашиглаж байгаа газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 300 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Тус сургуулийн ашиглаж буй газарт хууль зөрчиж олгосон эрхийг Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 09/336, 09/337, 09/338, 09/339, 09/340, 09/341 тоот албан бичгүүд, сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 71, 72, 73, 74, 75, 76 тоот албан бичгээр газар чөлөөлөх шаардлагыг Ц.Г, Ө.Ш, Б.Д, Д.О, Ж.А, Ч.Т нарт хүргүүлж газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна.

   Газрын кадастр зөрүүтэй гэх боловч ахин лавлагаа гаргуулж авсан бөгөөд ямар нэгэн эрхийн актгүй, сургуулийн газарт оршин сууж, сургуулийг уг газраа ашиглахад нь саад учруулж байгаа учир хариуцагч Ц.Г, Ж.А, Ц.Т, Ө.Ш нарыг сургуулийн газраас албадан нүүлгэж, газар чөлөөлж өгнө үү. Харин хариуцагч Б.Д, Ц.О нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учраас тэдэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Соёмбот 1-15 тоотод амьдардаг. Би 1997 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуульд багшаар тасралтгүй 11 жил ажилласан. Тус сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга, 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж ирсэн. Энэ хугацаанд өөрийн гэр оронг тус хорооны нутаг дэвсгэр болох Соёмбот 1 дүгээр гудамж 15 тоот газарт албан ёсны бүртгэлтэй амьдарч ирсэн. Надад хуулийн дагуу олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших 0183518 тоот эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот шийдвэрийг үл хэрэгсэн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, шүүхийн шийдвэрүүд гаргуулан маргалдаж байгааг үл зөвшөөрч байна. Маргалдагч 2 тал 32 дугаар сургууль иргэд бидний эрх ашиг хууль ёсны оршин амьдарч байсан газрыг цаг хугацаа хол зөрүүтэй олгогдсон хэм хэмжээ, зураг зүйн зөрүүтэй зураглал мэтээр иргэн хүний газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байгааг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-15 тоот нь 32 дугаар сургуулийн аж ахуйн хашаанд орохгүй, энэ газар сургуулийн аж ахуйн хашаа байгаагүй, сүүлд хуйвалдаж кадастрын зурагт оруулчихаад одоо иргэдийг хөөж байна. Энэ газарт би 21 жил амьдарсан байхад өмнө нь сургуулийн хашаа байгаагүй. Би 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 захирамжаар уг газрыг эзэмших эрхтэй болсон. Миний хаяг, оршин суугаа бүртгэл бүгд энэ хаягт байгаа, тиймээс хууль ёсоор оршин сууж байгаа гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан иргэд оршин суух газраа сонгох эрхтэй байхад газар чөлөөл гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Соёмботын 1-16а тоот буюу хуучнаар  5 дугаар хэсгийн задгайд 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 32 дугаар сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: нэхэмжлэл дээр бичсэн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болон 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлууд надад хамааралгүй. Миний эзэмшлийн газар одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх ХУД-ийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/479 тоот захирамж надад хамааралгүй. Миний бие гэр бүлийн хамт хуулийн дагуу газар эзэмшиж амьдардаг бөгөөд хууль зөрчсөн, хууль бусаар амьдраагүй тул надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сургууль 2005-2006 оноос манай аж ахуйн хашаа гэх болсон, гэтэл бидэнд 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 224 захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Албан ёсны гэрчилгээтэй, хэрвээ ямар нэгэн маргаан давхцал байсан бол энэ үед гэрчилгээ олгохгүй байсан. Тэгээд ч энэ газар сургуулийн аж ахуйн хашаанд хамаарахгүй, шүүхээс хийсэн үзлэгээр шатсан агуулах байсан газар бол аж ахуйн хашаа байсан, гэтэл биднийг аж ахуйн хашаанд сууж байгаа гэдэг үндэслэлгүй. Сургууль аж ахуйн гэсэн баримтыг 2008 оноос хойш бүрдүүлсэн байна. Тиймээс кадастрын зураг зөрүүтэй. Энэ хаягт олон жил амьдарсан иргэдийг үндэслэлгүйгээр газар чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байна. Энэ хаягт оршин сууж байгаа нь оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэх бүхий баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Улаанбаатар хотод ирж 32 дугаар сургуульд үйлчлэгчээр 2007 он хүртэл тасралтгүй 10 жил ажиллаад өндөр настны тэтгэвэрт суусан. 1998 онд 32 дугаар сургуулийн захирал Н.Э байсан. Уг сургуулийн газрын хажуугийн гудамжны хоосон хог хурсан доголыг нөхөр хүүхдийн хамт цэвэрлэн буусан. Энэ газартаа 17 жил хүү, хүргэн, бэр, хүүхдүүдийн хамт 13 ам бүлээрээ амьдарч байна. Миний энэ газар 32 дугааар сургуулийн газарт хамаарахгүй. Иймээс хүү н.Ариунболд газрыг барьцаалан 2 давхар байшин барьж амьдарч байна. 32 дугаар сургууль улсын обьект бөгөөд байгууллагын захирал Т.Мөнхбаяр нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан хүний эрхийн хууль болон хувийн өмчийн хуулийг ноцтой зөрчиж хүний үзэл бодол ашиг сонирхлын төлөө улсын байгууллагын нэрийг барьж Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаж байна. Бид нар өөрийн эзэмшлийн газартаа кадастрын зураглал хийлгэн, улсын төлөөлөл болон хороо дүүргийн зөвшөөрөлтэйгээр нийт 616 айл албан ёсоор зөвшөөрөгдөж Улсын Их Хуралд өргөн барьсан гэжээ.

    Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нотлох баримтыг хуралдаан дээр гаргаж мэтгэлцэх журмаар шийдвэрлэнэ гэжээ.

    Хариуцагч Ө.Ш, Ч.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ш, Ц.Т нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбын 1-16 тоотод олон жил оршин суусан иргэд. Эдгээр хүмүүсийн оршин сууж байгаа газар сургуулийн аж ахуйн хашаа гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн гэрчилгээгээр олгогдсон сургуулийн байшин байрлах А талбайн хувьд маргаангүй, харин Б талбай болох аж ахуйн хашаа гэх газар тодорхойгүй. Хэрвээ аж ахуйн хашаа байсан юм бол яаж ашиглаж байсан нь тогтоогдохгүй, аж ахуйн хашаанд буулгасан гэвэл үүнийг нотлох баримтгүй тул хариуцагч нарын оршин сууж байгаа газрыг сургуулийн аж ахуйн хашаа байсан гэдэг эргэлзээтэй. Мөн кадастрын зураг зөрүүтэй, 0,79 га газар гэсэн байж, м.кв зөрүүтэй. Нэхэмжлэгч өөрийн аж ахуйн хашааны газар гэдгээ нотлоогүй тул хариуцагч нарыг газар чөлөөлүүлэхээр шаардах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэдийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ дүүрэг энэ хаяганд оршин суудаггүй. Манай дүү нар амьдардаг. Надад хамааралгүй. Миний бие .. дугаар сургуулийн аж ахуйн хашаанд 2008 оны 10 дугаар сард гэрээрээ ирж буугаад одоог хүртэл ажиллаж амьдарч байгаа. Миний бие .. дугаар сургуулиас газар чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир миний хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн .. дугаар дунд сургуулийн аж ахуйн хашаанд амьдардаг. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар чөлөөлөх хүсэлтийг хүссэн үед чөлөөлөх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г, Ж.А, Ө.Ш, Ц.Т нараас нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар дунд сургуулийн газрыг албадан чөлөөлүүлж,    

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар дунд сургууль нь хариуцагч Б.Д Д.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Г, Ж.А, Ө.Ш, Ц.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Ш, Ч.Т нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх өндөр настан Ө.Ш-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хоороо, Соёмоботын 1-16 тоотод хууль ёсоор оршин суудаг гэж үндэслэлгүй дүгнэсэн  нь хуульд нийцэхгү төдийгүй Ө.Ш нь 1998 оноос 2015 он хүртэл 17 жил амьдарч байгаа тухайгаа иргэний үнэмлэхний хаяг, оршин суугаа газрын тодорхойлолтоор нотолж, түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг энэхүү хаягаар хүргүүлэн, зарлан дуудсан баримтуудыг хэрэгт хавсаргасан атлаа энэ хаягт байдаггүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

2. Мөн нэхэмжлэгчийн 0,098 га талбайг сургуулийн аж ахуйн хашааны газар гэсэн нь тодорхойгүй, уг иргэдийн оршин сууж байгаа газар болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хоороо, Соёмботын 1-15, 16, 16а тоот нь нэхэмжлэгчийн аж ахуйн хэсэгт хамаарахгүй, уг газарт аж ахуйн хашаа байрлаж байсан гэдэг эргэлзээтэй мөн нэхэмжлэгчийн ашиглах зөвшөөрөл бүхий газрын талбайн хэмжээ зөрүүтэй уг газарт хөл бөмбөгийн талбайн тохижилт хийнэ гэж төлөвлөн хадгалж байсан гэх зэргээс харахад хөл бөмбөгийн талбай байгуулахаар хадгалж, хамгаалж байсан талбай гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх бүрэн дүүрэн бодит дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

3. Нэхэмжлэгч сургуулийн агуулахын барилга, аж ахуйн хашаа нь өөр газарт байсан тухай холбогдох гэрч болон хариуцагч нараас тухай бүрт тайлбарласан. Агуулахын байр байсан гэх үл мэдэг ул мөр байгаа нь өөрийн эзэмшлийн газраа хэрхэн яаж ашиглаж байсан нь харагдаж байна. Мөн уг маргаан бүхий газарт олон жил суурьшиж байсан иргэд 1-2 давхар үл хөдлөх хөрөнгүүдийг барьж ашиглаж байхад сургууль хориглоогүй, болохгүй талаар мэдэгдээгүйгээр өөрийн эзэмшлээ биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Харин өөрийн эзэмшил байсан бол хэрхэн хамгаалж байснаа баримтаар нотлоогүй.

4. Анхан шатны шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ маргаан бүхий газарт олон жил суурьшиж байсан иргэдийн хөрөнгөө оруулж барьж ашиглаж байгаа 1-2 давхар үл хөдлөх хөрөнгүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх тухайгаа шүүхийн шийдвэрт тусгаагүй нь ойлгомжгүй, тодорхойгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хоороо, Соёмботын 1-16а тоотод 1993 оноос хойш амьдарч байна. Миний өвөө Д.С тус газарт олон жил амьдарсан бөгөөд надад бусдын эзэмшлийн  газар үлдээгээгүй. Монгол Улсын иргэн амьдрах газраа чөлөөтэй сонгох, сонгосон газраа амьдрах, газар, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх зөрчигдөж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын .. дугаар сургууль нь хариуцагч Ц.Г, Ө.Ш, Ж.А, Д.О, Б.Д, Ц.Т нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ерөнхий боловсролын .. дугаар сургууль нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газрын  0,79 га талбай /А талбай буюу 0.690 га газар, Б талбай буюу 0.098 га газар нийт 0.79 га талбай/ -г сургуулийн зорилгоор ашиглах эрхтэй болсон нь 2008 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 558 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх 6-13 хуудас/

Нэхэмжлэгч дээрх газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хууль бусаар оршин сууж буй нэр бүхий 6 иргэний хууль бус эзэмшлээс уг газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч Ц.Г, Ө.Ш, Ж.А, Ц.Т нар эс зөвшөөрчээ.

Зохигчид нэхэмжлэгч Ерөнхий боловсролын .. дугаар дунд сургуулийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг А талбай буюу 0.690 га газрын талаар маргаагүй, харин Б талбай буюу сургуулийн аж ахуйн хашаа буюу 0.79 га газрын талаар маргадаг.

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын .. дугаар сургууль нь Байгаль орчны сайдын 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 0,69 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах тухай гурван талт гэрээ байгуулжээ. Уг тушаалаар тус сургуулийн аж ахуйн газрыг орхигдуулсаныг нэхэмжлэгчээс нийт 0,79 га газрыг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2/27 тоот Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах гэрээ”  байгуулжээ. /хх 173- 178/

Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн 0,79 га буюу нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв талбай бүхий газарт хариуцагч нар тус тус оршин сууж байгаа болох, нэхэмжлэгчид газар ашиглуулах гэрээгээр олгосон 0,79 га газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцсан болон хариуцагч нар дээрхи газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан байдал баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Харин хариуцагч тус бүрийг чөлөөлөх шаардлагатай газрын хэмжээг тодорхой бичихгүй байх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учруулахаас гадна, тухайн этгээдүүдийн эрх ашгийг хөндөхгүй байхад ач холбогдолтой тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулав.

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаархи Иргэний хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв хэрэглээгүй нь алдаатай болсон тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4” гэснийг “Иргэний хуулийн 106.1” гэж залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ө.Ш, Ж.А, Ц.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

            “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын .. дугаар дунд сургуулийн 0,79 га буюу нэгж талбарын 18642307777224 дугаар бүхий 899 м.кв талбай бүхий газраас хариуцагч Ж.А, Ц.Г нарын тус тус эзэмшиж буй 0.03 га газар, хариуцагч Ө.Ш, Ц.Т нарын эзэмшиж буй газрыг тус тус албадан чөлөөлүүлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Ш, Ж.А нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                            Д.БАЙГАЛМАА