Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/01870

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр

     Дугаар 182/ШШ2017/01870

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

            Нэхэмжлэгч: “ПЭД” ХХК

Хариуцагч: Б.Г

 

Хариуцагч: Э.Б

 

            20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зуучлалын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Б.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Э.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “ПЭД” ХХК нь өөрийн үндсэн үйл ажилгааны хүрээнд иргэн Ганбат овогтой Хтай 2017 оны 01 сарын 27-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж БНСУ-ын Хана нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оншилгоо, эмчилгээнд зуучилж үйлчилсэн. Иргэн Г.Хнь гэрээний үүргээ биелүүлээгүй Солонгос улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суух болсон. Манай байгууллага Солонгос дахь эмнэлэгүүдэд өвчтөн үйлчлүүлэгч явуулах гэрээний дагуу өвчтөн хууль бусаар оршин суух тохиолдолд тухайн өвчтөнийг албадан гаргах зардлыг бид барьцааны зүйлээр хохирлыг барагдуулах үүрэгтэй байдаг. Иргэний хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу иргэн Г.Хгийн зуучлалын гэрээний хавсралт барьцааны гэрээнд бүртгүүлсэн иргэн Бямбажав овогтой Г, Энхцэцэг овогтой Б нарын эзэмшилд буй Чингэлтэй дүүргийн Яргайтын 40-595 тоот, Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цолмон 12-29 тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай ахуйн зориулалттай газрыг барьцаалсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөнөөс Г.Халиуныг хууль бусаар оршин суухтай холбогдуулан гарсан зардал, төлбөр 20.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Г.Хтай байгуулсан “Зуучлалын гэрээ” нь БНСУ-д эмчлүүлэх эмнэлгийн байгууллага болон эмчилгээний виз авахад зуучлах үйл ажиллагаа юм. Бид тус чиглэлээрээ БНСУ-ын Юбик компанитай хамтран ажиллах гэрээтэй ажилладаг, энэ байгууллага нь гадаад өвчтөнийг эмнэлэгт үзүүлэх ажлыг эрхлэх зөвшөөрөлтэй, электрон визний эрхийг авдаг компани юм. Энэ хэрээр манайд өндөр шаардлага тавьдаг. Г.Халиун нь зуучлуулсан эмнэлэгтээ очоогүй алга болсон, гэрээний дагуу манайх Юбик компанид 10 сая вон төлсөн. Юбик компани манайхтай гэрээгээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн, мөн БНСУ-ын цагаачлалын алба Юбик компаний электрон визний эрхийг цуцалсан байдаг.

Бид зуучилж буй иргэнийхээ БНСУ-д хууль бусаар оршин суухгүй байх, хууль дүрэм зөрчихгүй байх, эмчлүүлэхээс өөр бусдаар удаан хугацаагаар оршин суухгүй байх зэрэг асуудлыг хариуцдаг ба гарч болзошгүй өөрсдийн эрсдэлээ хамгаалах зорилгоор “Барьцааны гэрээ” байгуулан баталгаа болгодог. Тухайн үед Г.Хөөрт нь барьцаалах эд хөрөнгө байгаагүй учраас Б.Г, Э.Б нарын нэр дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд Б.Г, Э.Батжаргал нар нь өөрсдөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, тус гэрээг сайтар уншиж танилцан, үр дагаврыг нь ойлгон гэрээг байгуулсан юм. Бидний зүгээс хүчээр эсвэл хуурамчаар тус гэрээг байгуулаагүй 2 талын тохиролцоо харилцан зөвшилцлийн үндсэн дээр байгуулсан тул тус гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Барьцааны болон зуучлалын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа: Тус шүүхэд иргэн Б.Гд холбогдуулан “ПЭД” ХХК нь нэхэмжлэл гаргасан бөгөөд барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөнөөс Г.Халиуныг хууль бусаар оршин суухтай холбогдуулан гарсан зардал, төлбөрт хохирлыг барагдуулахаар нэхэмжилсэн байна. Б.Г нь Г.Халиуны хадам ээж бөгөөд Юбиктэй гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

 Нэхэмжлэгч өвчтөнд гадаадад эмнэлгийн үйлчилгээ зуучлах эрх гэрчилгээнд тусгагдаагүй, дүрэмдээ заагаагүй, мөн барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагыг заавал заах ёстой, заагаагүй, холбогдох байгууллагын зөвшөөрөл авахыг аваагүй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ПЭД” ХХК-ийн Б.Г, Э.Б нартай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар болох Газар эзэмших эрхийн 000651289 дугаартай гэрчилгээг “ПЭД” ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Г.Хтай байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтооно уу гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ПЭД” ХХК-ийн Б.Г, Э.Б нартай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үр дагавар болох Газар эзэмших эрхийн 0**** дугаартай гэрчилгээг “ПЭД” ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Г.Хтай байгуулсан зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтооно уу гэв.

 

 

            Шүүх нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, зуучлалын гэрээ, барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Юбик болон “ПЭД” компаниудын хамтын ажиллагааны санамж бичиг, хамтран ажиллах гэрээ, Юбик компаний бүртгэлийн болон эрхлэх үйл ажиллагааны гэрчилгээ, Юбик компаний ирүүлсэн албан бичиг, цахим виза олгосон зөвшөөрөл, эрх цуцалсан тухай цагаачлалын албаны бичиг, үйлчлүүлэгчдэд зориулсан үйл ажиллагааны дотоод журам, хохирлын нөхөн төлбөрийг барагдуулсан тухай баримт  зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “ПЭД” ХХК нь иргэн Г.Хтай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зуучлалын гэрээ байгуулж,       уг зуучлалын гэрээгээр “ПЭД” ХХК нь Г.Хг БНСУ-д эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээнд зуучлах, виз хүсэх материалыг бүрдүүлж өгөх, Г.Хнь тохиролцсон эмнэлгээр үйлчлүүлэх, хураамжийг төлөх, эрүүл мэндийн аяллын хөтөлбөрөөр зорчиход БНСУ-ын хуулийг дагаж мөрдөх, эх орондоо хугацаандаа буцаж ирэх, үүний баталгаа болгон барьцааны гэрээ хийх үүрэгтэй байсан ба энэ дагуу мөн өдөр иргэн Б.Г нь өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн Яргайтын 40-595 тоотод байрлах ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг, Э.Б нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо Цолмон 12-29 тоот хаягт байрлах 468 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар эзэмших эрхийг Г.Хгийн үүрэгт барьцаалсан барьцааны гэрээг “ПЭД” ХХК-тай тус тус байгуулжээ.

“ПЭД” ХХК нь гэрээний үүргийн дагуу Г.Хг БНСУ руу явуулсан боловч Г.Хтохиролцсон эмнэлэгтээ очоогүй, үзлэг, оношлогоондоо хамрагдаагүй хугацаагаа хэтрүүлсний гадна эх орондоо ирэлгүй БНСУ-д байсаар байх ба нэхэмжлэгч Б.Г, Э.Б нарын барьцааны хөрөнгөөс Г.Хг гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардал, төлбөрт Б.Ггаас 15.000.000 төгрөг, Э.Баас 5.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор БНСУ дахь Юбик компанитай хийсэн хамтран ажиллах санамж бичиг, гэрээ, түүний гэрчилгээ, мөн түүнд нөхөн төлбөрт 10 сая вон төлсөн тухай баримт, Юбик компаниас Г.Хг гэрээний үүргийг гүйцэтгүүлэхийг “ПЭД” ХХК-иас шаардсан бичгүүдийг ирүүлсэн байна.

            Хариуцагч Б.Г, Э.Б нар нь зуучлалын болон барьцааны гэрээ нь хууль бус гэрээ гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж, зуучлалын болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Эхний ээлжинд гэрээнүүдэд дүгнэлт өгье.

            Нэхэмжлэгч “ПЭД” ХХК нь иргэн Г.Хнар БНСУ-д эмнэлгийн оношлогоо, үйлчилгээнд хамрагдахад зуучлах, зуучлуулах гэрээг Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-т зааснаар хийсэн байна. “ПЭД” ХХК-ийн гэрчилгээнд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх чиглэл заагдсан байх ба энэ чиглэлээр цааш 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БНСУ дахь Юбик компанитай хийсэн эрүүл мэндийн солилцоо хамтран ажиллах санамж бичиг, хамтран ажиллах гэрээг хийж байгуулсан байдал харагдаж байна. Юбик компаний үйл ажиллагааны чиглэлд гадаад өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд туслах чиглэл тэмдэглэгдсэн байх ба үүнд БНСУ-ын Эрүүл мэнд хамгааллын яамнаас тусгай гэрчилгээ олгогддогийг хэрэгт нэхэмжлэгч ирүүлсэн байна. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-т заасны дагуу хийгдэж буй гэрээнд тусгайлсан шаардлага тавигддаггүй. Иймд зуучлалын гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

Харин газар эзэмших эрх барьцаалж буй тохиолдолд тусгайлсан шаардлагууд байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхийг барьцаалж болох, 35.3.6-д эрхийн гэрчилгээг барьцаалж, бусдад шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх тухай заажээ. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар болон газар эзэмших эрх барьцааны зүйл байж болох бөгөөд түүнийг хуульд заасан нөхцөлөөр барьцаалж болно”, 53.2-т “Хэрэв тухайн газрын түрээсийн болон бусад эд хөрөнгийн эрхийг гэрээгээр иргэн буюу хуулийн этгээдэд шилжүүлсэн бол уул эрхийг олж авсан этгээд нь газар өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр тухайн эрхийн хугацааны дотор барьцаалж болно” гэж заажээ. Энэ нь газар эзэмших эрхэд хамаарна гэж үзнэ.

Мөн түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т барьцааны гэрээнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журмыг заахаар зохицуулсан. Талууд барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг тодорхой заагаагүй ба гэрээний 3.4-т “Барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, түүнийг тодорхойлох: Энэ нь зуучлалын гэрээгээр тодорхойлогдох бөгөөд барьцааны зүйлийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал гэх мэт уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн хураамж, төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж заасан боловч энэ нь оновчтой болж чадаагүй байна. Зуучлалын гэрээний 5.6-д “Зуучлуулагч нь Солонгос улсын хууль, мөн улсын Цагаачлалын хууль зөрчихгүй байх үүрэгтэй ба оргон зайлж, хууль бусаар Солонгос улсад амьдрахыг хориглоно. Эмчилгээ дууссан тохиолдолд Солонгос улсаас олгосон визний хугацаа дуусахаас өмнө эх орондоо заавал эргэн ирэх үүрэгтэй”, 5.7-д “Зуучлуулагч 5.6 дахь хэсэгт заасан үүргийн биелэлтийг хангаж барьцааны гэрээ хийх үүрэгтэй. Гуравдагч этгээдээр батлан даалгуулж барьцааны гэрээ хийлгүүлж болно. Ийнхүү үйлдсэн гэрээ нь энэ гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан, гэрээнд өөр барьцаатай холбоотой заалт алга байна. Нэхэмжлэгч хариуцагчаас БНСУ дахь хамтран ажиллаж буй компанид нөхөн төлбөрт өгсөн 10 сая воныг нэхэмжилж буй бөгөөд үүнийг гэрээнүүдэд заасан барьцаагаар хангагдах шаардлагад оруулсан зүйл харагдахгүй байна. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ байж чадахгүй байна.

            Зуучлалын гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч гэрээний зөвхөн нэг талыг хариуцагчаар татаж түүнийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохыг хүссэн нь үндэслэлгүй, харин барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохыг хүссэн сөрөг шаардлага үндэслэлтэй байна. Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврын асуудлыг хамт шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нөгөө талаар, нэхэмжлэгч нь БНСУ дахь хамтран ажиллаж буй Юбик компанид Г.Хгийн үүргээ зөрчсөний нөхөн төлбөрт 10 сая воныг хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн гэж санамж бичиг,  гэрээ, мөнгө төлсөн баримтыг ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй, түүний шүүхэд ирүүлсэн гэрээ 2 хэл дээр хийгдсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн монгол хэл дээр хийгдсэн байхын зэрэгцээ Юбик компанийн ерөнхий захирал ЧХС (ChH) нь нэхэмжлэгч “ПЭД” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараар 20.000.000 төгрөгийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3, 175 дугаар зүйлийн 175.1-ийг баримтлан “ПЭД” ХХК-ийн Б.Г, Э.Б нараас 20.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг баримтлан “ПЭД” ХХК болон Б.Г, Э.Б нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-ыг баримтлан Б.Г, Э.Б нарын Газар эзэмших эрхийн 0006******, 0006***** дугаартай гэрчилгээнүүдийг “ПЭД” ХХК-аас гаргуулж Б.Г, Э.Б нарт олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг баримтлан Г.Хгийн “ПЭД” ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “ПЭД” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж Б.Г, Э.Б нарт олгосугай.

 

  1. 4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД