Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02563

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02563

Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч:  Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Д сууц өмчлөгчдийн холбоо,

 

Хариуцагч:  Б.Б нарт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын 2015 оны 10-р сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалаар тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдон 2017 оны 4-р сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд Д сууц өмчлөгчдийн холбоог шинээр зохион байгуулах ажилд өөрийн хүч бололцоог бүрэн дайчилж ажилласан. Энэ ажлыг хийхэд алдсан оносон аль аль нь байсан байх. Удирдах зөвлөлийн даргаар Б.Б сонгогдсоноос хойш тус сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад, зарим хийж гүйцэтгэж байсан ажлуудыг хэт үгүйсгэж оршин суугчдад буруу ташаа мэдээлэл тараах зэрэг асуудал гаргах болсон. Мөн 2016 оны 11-р сарын 04-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын материалыг авч яваад ямар ч хариу өгөөгүй учир би 2017 оны 1-р сарын 14-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Үүнд хариу өгөлгүй 1 сар гаруй болсон учир сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлыг 2017 оны 2-р сарын 18-нд зарлаж бэлтгэл ажлаа хийсэн. Удирдах зөвлөлийн хурлыг 2017 оны 2-р сарын 15-нд хурал хийхээр зарлал тараасан. Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралд намайг оролцуулаагүй хурлаа хийсэн. Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлыг зохион байгуулна гэсэн боловч 30 гаруй хүн ирж шийдвэр гаргаж чадалгүй тарсан. Харин оршин суугчдаас 2016 оны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны товч тайлан санал хүсэлт авах 340 хуудас хэвлэж тараасан. 2016 оны 2-р сарын 10-ны байдлаар 182 ширхэг хуудас ирсэнээс 141 нь хангалттай сайн, 32 нь хангалтгүй, 9 нь мэдэхгүй гэсэн санал өгсөн байсан. Ингээд 2017 оны 4-р сарын 07-ны орой 20 цагийн орчимд Б.Б утсаар ярьж өрөөндөө дуудсан. Намайг очиход удирдах зөвлөлийн дарга Б.Б, гишүүн О.О, Д.Т, Ц.Ш хяналтын зөвлөлийн гишүүн М, оршин суугч С.Х, Ч нар байсан. Б.Б нь намайг С.Х-т ажлаа хүлээлгэж өг гэсэн тул хэл ам хийлгүй ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 оны 5-р сарын 08-ны өдөр удирдах зөвлөлийн дарга Б.Б, гүйцэтгэх захирал З нарт амралтын мөнгө ажилласан хугацааны цалинг олгож өгөөч гэсэн өргөдөл өгсөн боловч мөн л хариу өгөлгүй одоог хүрлээ. Намайг ямар үндэслэлээр удирдах зөвлөлийн гишүүдийн хэзээний хурлаар халсан тухай шийдвэрээ өгөлгүй одоог боллоо. Хяналтын зөвлөлийн гишүүн М-ийг нягтлан бодогчоор, түүний эгч Золжаргалыг гүйцэтгэх захиралаар томилсон нь хууль бус томилгоо гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 500 000 төгрөг гаргуулж өгөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.З нь 2017 оны 5-р сарын 01-нээс Д сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажлыг сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын сонгон шалгаруулалтаар гишүүдийн дийлэнхийн саналаар дэмжигдэн сонгогдож энэ албыг хүлээн аваад ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авахад өмнөх сууц өмчлөгчдийн холбооны даргыг ажлаас чөлөөлөөд сар гаруй болсон байсан бөгөөд УЗ-өөс оршин суугчдад зар тараан энэ ажлыг хийж чадах хүмүүсийн материалыг хүлээн авч сонгон шалгаруулалт явуулж байна гэснийг үзээд өөрийн бичиг баримт материалыг бүрдүүлж өгсний үндсэн дээр хуулийн дагуу сонгогдсон. Ажил хүлээн авч байхад сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа маш их доголдолтой харилцагч байгуулагуудад их хэмжээний өр үүсгэсэн, оршин суугчдаас их хэмжээний авлагатай, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлээгүй, санхүүгийн тайландаа өглөг, авлагаа тусгаагүй худал тайлан гаргасан, 2016 оны Татварын тайланг цаг хугацаанд нь өгөөгүйгээс торгуулд оруулсан, дансаа хаалгах байдалд хүрсэн байдалтай байсан. Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авахад УЗ-ийн гишүүд энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн байсан гэжээ.   

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж. С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:  Ж.С нь СӨХ-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хийх хугацаанд Д СӨХ-ийн оршин суугчдын зүгээс СӨХ-ийн үйл ажиллагааны талаар байнга гомдол санал мөн facebоок-ээр ирүүлдэг СӨХ-ийн оршин суугчид энэ талаар бүгд гэрчилнэ. Маш их хэл ам гардаг боловч дундын өмчлөлийн эд хөрөнгийг бүрэн бүтэн хамгаалах болон сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдрах боломжоор ханган ажиллах талаар дорвитой ажил хийх сэтгэл чадваргүй, хангалтгүй ажиллаж байсан учраас Ж.С өөрөө цаашид ажиллах боломжгүйгээ ухамсарлан ажлаас халагдах өргөдөл өгсний дагуу зохих ёсоор шийдвэрлэсэн болно. Тус СӨХ-ийн дүрэмд заасны дагуу СӨХ-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарыг 1 сарын турш зарлан, оршин суугч Б.Г, Г, З нараас ирүүлсэн материалыг Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал дээр нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан мөрийн хөтөлбөртэй танилцан хэлэлцээд, оршин суугчдаас танил талын хамааралгүй, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөхгүй шулуун шударга ажиллах, ажилдаа нягт нямбай хандах боломжтой, мөн урьд нь СӨХ-д ажиллаж байсан туршлагыг нь харгалзан З-ыг санал нэгтэй сонгосон болно. Нэхэмжлэгч нь ажилд эргүүлэн томилох шаардлага гаргасан үндэслэлгүй бөгөөд ажлаас халагдах хүсэлтээ гаргасан нь хэргийн материалд авагдсан, өөрөө ч хариу тайлбартаа энэ талаар бичсэн байна. СӨХ-ийн дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирал нь ажлын тайлангаа албан ёсоор хүлээлгэн өгч танилцуулах ёстой боловч, 2017.02.18-ны өдөр зарлан хуралдуулсан бүх гишүүдийн хуралд санхүүгийн тайлангаа оршин суугчдад бэлдэж тайлагнаагүй, өнөөдрийг хүртэл албан ёсоор тайлангаа дүгнэн цэгцэлж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй л байна. Энэ талаар М-ийн шүүхэд өгсөн хариу тайлбарт дэлгэрэнгүй дурдсан байгаа болно. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд ажлаас халагдсан тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан, өөрөө ч тухайн үед хүлээн зөвшөөрсөн болно. Д СӨХ нь гадны байгууллагуудад төлөх их өр төлбөрийг шийдвэрлэж байгаад амралтын мөнгийг боломжтой цагтаа хэсэгчилж өгөх талаар Ж.С-д тайлбарласан бөгөөд ээжийн эмчилгээнд нэн шаардлагатай гэж хэлээд 300 000 төгрөгийг СӨХ-ийн данснаас гаргуулж авсан болно. Ж. С-д нь өөрөө оршин суугаа СӨХ-ийн санхүүгийн байдал өр төлбөр ямар хүнд байдалтай байгааг өөрөө сайн мэдэж байгаа бөгөөд хийх зугаацах өөр ажилгүй, ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гарган шүүхийн ажилд ачаалал үүсгэж, эрүүл хүний ухаанд багтамгүй ичгүүргүй ёс зүйгүй үйлдэл нь оршин суугчдын гайхширлыг төрүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул, намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

                              

            Нэхэмжлэгч  Ж.С-д нь Д сууц өмчлөгчдийн холбоо,  Удирдах зөвлөлийн дарга Б.Б нарт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Ж.С нь 2015 оны 10-р сарын 25-ны өдрийн Д сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын 03 тоот тушаалаар тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх 7-8/ 2017 оны 4-р сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэн өгчээ.

            Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар маргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгснийг зохих ёсоор шийдвэрлэсэн” талаар тайлбарлажээ.

            Ж.С нь 2017 оны 01-р сарын 05-ны өдөр өөр ажил гүйцэтгэх болсон шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ /хх 39/ Удирдах зөвлөлд гаргасан байх ба Удирдах зөвлөлийн 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж, 01 тоот тогтоолоор түүнийг ажлаас нь чөлөөлсөн / хх 40-42/ байна.

            Харин ажлаа 2017 оны 04-р сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажлаа хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан  гэж үзнэ. 

 

            Нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан талаар маргаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд Ж.С нь 2017 оны 05-р сарын 07-ны дотор гомдлоо гаргах байжээ.

 

            Харин энэ талаарх гомдлоо 2017 оны 06-р сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

 

            Нөгөө талаас, ажил олгогч Д сууц өмчлөгчдийн холбооны санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

            Хэргийн 19-22 дахь талд авагдсан оршин суугчдын хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл,  31-33 талд авагдсан Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, 44-54 дэх талд авагдсан СТНАА ХХК-ний албан бичиг, татварын тайлан, мэдэгдэх хуудас зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбоогүй байна.

 

            Хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д  сууц өмчлөгчдийн холбоо, Удирдах зөвлөлийн дарга Б.Б нарт холбогдох тус холбооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ж.С-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА