| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01910/И |
| Дугаар | 102/ШШ2017/02564 |
| Огноо | 2017-09-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/02564
| 2017 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02564 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБТЗН-т холбогдох урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3-р сарын 23-ны өдрийн Б-1-69 тоот тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2017 оны 4-р сарын 07-ны өдөр тус албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас халсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлд заасны дагуу адил чанарын албан тушаалд томилно гэж өдийг хүртэл хүлээлгэж байгаад миний ажиллаж байсан албан тушаалыг бууруулан Вагоны үйлчлэгчийн ажилд томилно гэж байгууллагаас санал хэлсэн. Миний өмнө ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хариуцсан инженерийн албан тушаалыг 2017 оны 4-р сарын 04-ний өдрийн Б-1-99 тоот Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, Сургалт хариуцсан инженер гэсэн 2 албан тушаал болгон салгаж өөр өөр хүмүүсийг томилсон. Миний бие тус байгууллагад тасралтгүй 10 жил ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. Намайг албан тушаал бууруулж томилох саналаа хэлэхдээ хуулийн хугацаа өнгөрүүлсэнд гомдолтой байна. Иймд намайг өмнө ажиллаж байсан мэргэжил албанд дүйцэхүйц ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б1/122 тоот ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг зөвшөөрөхгүй байгаа. Би Зорчигч үйлчилгээний төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хариуцсан инженерээр ажиллаж байсан. Бүтцийн өөрчлөлтөөр миний хийж байсан ажлыг сургалт хариуцсан инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер гэж 2 хуваасан байгаа. Миний албан тушаал байхгүй болсон бол би маргахгүй. Гэтэл Б1/99 тоот тушаалаар, Л.Б, Б.А нарыг томилсон байсан. Би ажил хийж байх хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй, ажлаа сайн хийж байсан. Надад ажил олгох хүсэлтийг Замын даргад гаргасан, өргөдлийг цохож өгсөн боловч хүний нөөцөөс над руу яриагүй. Намайг үндэслэлгүй халсан тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, мөн шагналт цалингаа нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт Зорчигч үйлчилгээний төв гэж нийт 5 нэгжийг хамарсан, 2000 орчим хүнийг ажлын байраар хангасан төв байсныг Замын даргын 2017-02-24-ний өдрийн А-71 тоот тушаалаар татан буулгаж, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр байгуулсан. Б.Б гэдэг хүн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зорчигч үйлчилгээний төв байгуулагдахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр ажилласан. Ингэхдээ зөвхөн салбар нэгжийн байцаагч нартаа зөвхөн сургалтын асуудлыг хариуцуулж байсан. Төвийг татан буулгаснаар шинээр зохион байгуулагдаж байгаа зорчигч үйлчилгээний албанд сургалт хариуцсан ажлын байр шаардлагагүй болсон. Өөрчлөн байгуулсан шинэ албаны бүтцэд ч ийм ажил албан тушаал байхгүй. Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаснаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Б1-ийн 122 дугаар тушаалаар Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаалыг энэ өдрөө гардуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажлыг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, ажил хүлээлгэж өгсөн өдрийг ажлаас гарсан сүүлийн өдөр гэж тооцно. Б.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо шүүхэд нэг сарын дотор гаргана гэсэн хугацааг хэтрүүлж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гомдлыг 2017 оны 5 дугаар сарын 07-ны дотор гаргах байтал шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шүүгчийн шийдвэр захирамж гараагүй. Б.Б нь урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа намайг ажил, албан тушаалаас үндэслэлгүй халлаа, бүтэц зохион байгуулалт болоогүй гэсэн ямарч шаардлага гаргаагүй тул энэ талаар мэтгэлцээгүй, шүүх хурал дээр ажилд эргүүлэн томилуулах гэсэн шаардлагатай гэж байгаа нь мэтгэлцээн явагдахгүй гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд мэтгэлцэнэ. Шүүх ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг хэнтэй байгуулах тодорхойлох эрхэнд халдаж томилох шийдвэр гаргадаггүй. Хуулиар хөдөлмөрийн гэрээг байгуулах нь гэрээний талын асуудлууд, тэгэхээр ажилд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй. Б.Б нь Замын даргад мэргэжлийн ажлаар хангаж өгөөч гэсэн өргөдөл өгсөн бөгөөд төмөр замын мэргэжлийн хүн тул орон тоо гартал вагоны үйлчлэгчээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ажиллаагүй, хэрвээ томилсон ажил нь таалагдахгүй байгаа бол ажил олгогч энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь УБТЗН-т холбогдох урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь “ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлын шаардлага гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй тул “урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах” нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Б.Б нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс Зорчигч үйлчилгээний төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сургалт хариуцсан инженерээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-1-122 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04-р сарын 07-ны өдрөөс цуцалжээ. /хх 7, 13/
Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 02-р сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалаар Зорчигч үйлчилгээний төвийг татан буулгаж, Зорчигч тээврийн албыг балансгүйгээр байгуулсан /хх 44-45/ байх ба төвийг татан буулгасан бүтцийн өөрчлөлтийн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 3-р сарын 7-нд мэдэгдсэн, улмаар 4-р сарын 7-нд ажлаа хүлээлгэн өгсөн нь зохигчийн тайлбар, мэдэгдэл, тушаал гардуулсан баримт /хх 59-60/ зэргээр тогтоогдсон байна.
Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлд зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлээгүй, миний эрхэлж байсан албан тушаалыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер, сургалт хариуцсан инженер гэсэн 2 албан тушаал болгон өөр хүмүүсийг томилсон гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар
ажилтан ажлаас буруу халсан талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд Б.Б нь нь 2017 оны 05-р сарын 07-ны дотор гомдлоо гаргах байжээ.
Харин энэ талаарх гомдлоо 2017 оны 05-р сарын 19-ний өдөр шүүхэд гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй байна.
Нөгөө талаар, хэргийн 61-66 дахь талд авагдсан Д.О-ы ажиллаж байсан талаарх тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, Д.Б-ны амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтууд нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, түүнийг сэргээх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗН- т холбогдох урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 7 751 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Б.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА