Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02617

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02617

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: П.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг  тус тус хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М/, гэрч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                            

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компанид 2013 оны 5 дугаар сарын 06-нд захрлын туслахаар ажилд орж, 7-р сараас хүний нөөцийн менежерээр ажилласан. Ажиллаж байхдаа 2016 оны 12 сар хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сараас эхлээд Хүний нөөцийн албаны даргын зүгээс дарамт шахалт үзүүлэх болсон. 2017 оны 4 дүгээр сард албаны даргадаа “жирэмсэн” гэдгээ хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 20-нд эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон, 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Намайг 2017 оны 6 дугаар сарын 02-нд ажилдаа ирэхэд ажлаас халах тушаалын төсөл үзүүлээд, гаргасан зөрчлийн актууд чинь “хангалттай” гэсэн. Ингээд би 6 дугаар сарын 06-ноос 6 дугаар сарын 10-нд зөрчлийн маягтуудтай танилцаж тушаалыг харсан. Ажиллаж байх хугацаанд надад арга хэмжээ авсан нэг тушаал өгсөн, үүнээс өөр тушаал гараагүй. Иймд намайг өвчтэй байх хугацаанд, мэдэгдэлгүйгээр 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн тушаалаар ажлаас халсан. Тушаалыг 6 дугаар сарын 05-нд өгсөн. Намайг үндэслэлгүйгээр халсан тул хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн тогтоолгож,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин 3 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн 5 дугаар сарын үр дүнгийн цалинг хассан учир 300 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сараас амралтаа аваагүй учраас ээлжийн амралтаа бодуулж авахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Н нь Д ХХК-д захирлын туслахаар ажиллаж байгаад хүний нөөцийн менежер болсон. 2016 оны 12 сараас эхлэн дарамт шахалт эхэлсэн гэжээ. П.Н-гийн гаргасан зөрчилд 2016 оны тушаалын төслүүд,  зөрчлийн актууд хувийн хэрэгт нь байдаг. Удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, зөрчил гаргаж 5 зөрчлийн акт тавигдсан. Зарим актуудтай танилцаж, хүлээн зөвшөөрсөн, амаараа тайлбар хийсэн. Ажлаа хийж чадахгүй байгаа учраас өөр ажил санал болгож байсан. Н 2017 оны 5 дугаар сарын 20-нд ажилдаа ирсэн. Маргааш нь эмнэлэгийн магадлагаа ирүүлсэн бөгөөд 6-7 хоногтой жирэмсэн гэдгийг мэдэгдсэн. Дахин зөрчил гаргасан нь жирэмсэн байхтай нь холбоогүй учраас 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                     

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Н нь Д ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 

            П.Н нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад Д ХХК-ний захирлын 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн 17/396 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 7, 36-38, 65/

 

            Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалаа П.Н-д тавигдсан 2017 оны 1-р сарын 28-ны өдрийн зөрчлийн акт, 2017 оны 2-р сарын 02-ны өдрийн зөрчлийн акт, 2017 оны 4-р сарын 11-ний өдрийн зөрчлийн акт, 2017 оны 5-р сарын 17-ны өдрийн зөрчлийн акт, 2017 оны 5-р сарын 20-ны өдрийн зөрчлийн актуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.10.4 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Үүнд:

 

            -Хүний нөөцийн менежер П.Н нь ажилтан бүртгэж ажилд авахдаа зааврыг бүрэн өгдөггүй, шинэ ажилтныг дагалдуулах журам, дарааллыг гүйцэт танилцдуулдаггүй, хүний нөөц бүрдүүлэх ажлыг бүрэн хийдэггүй зөрчлийг гаргаж түүнд 2017 оны 1-р сарын 28-ны 17/19 тоот зөрчлийн акт тавигдсан байх ба актыг үндэслэн захирлын 2017 оны 1-р сарын 28-ны өдрийн 17/082 тоот тушаалаар “сануулах” арга хэмжээ авсан /хх 42-43/ байна.

 

            -2017 оны 2-р сарын 02-ны өдөр ...ажиллагсдын хувийн хэрэг бүрдүүлэх ажил шаардлага хангахгүй, худалдааны төлөөлөгч ажилд авах зар тавихдаа ганцхан утас тавьсан нь ажлын бус цагаар хүмүүсийг холбогдох боломж олгоогүй зөрчилд акт тавьж танилцуулсан байх ба хувийн хэргийн бүрдэлт шаардлага хангахгүй талаар тайлбар /хх 44/ гаргасан байна.

 

            -2017 оны 4-р сарын 11-ний өдрийн хүний нөөцийн албаны хурлаар П.Н-г оролцуулан түүний ажил байдлыг хэлэлцжээ. П.Н нь хүний нөөцийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангалтгүй хийж байгаа, үүрэг даалгаварыг биелүүлдэггүй талаар хэлэлцэж, өөрийн харилцаа хандлагаа бусдад ойлгуулж чадахгүй, ажлын ачаалал даахгүй, сургалтанд суусан ч өөрийгөө өөрчилж чадахгүй байгаагаа илэрхийлж, цаашид ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, тэмдэглэлтэй танилцсан байна. Хурлаар хэлэлцсэн асуудлаар  зөрчлийн акт /хх 45-48/  үйлдэгджээ. Энэхүү зөрчил нь 2017 оны 2-р сарын 13-ны өдрийн ДХА-17/01 тоот ажилтнуудын хувийн хэргийн бүрдлийг шалгуулах тухай албан даалгавар, түүний биелэлтийн талаарх /хх 91-93/ баримтаар тогтоогджээ.

 

            - 2017 оны ажиллагсдын ээлжийн амралтын хуваарийг гаргаж, тушаал гаргуулаагүй зөрчилд 2017 оны 5-р сарын 17-ны өдөр 17/05/04 тоот зөрчлийн акт тогтоогдож, өөрийн буруугаас гаргаагүй талаар зөвшөөрч акттай танилцсан /хх 49/ байна.

 

            -Түүнчлэн 2017 оны 4-р сарын 06-наас хойш хүний нөөцийн албанаас гаргаж байгаа тушаалыг холбогдох ажилтанд танилцуулах, нийт ажиллагсдын хүүхдийн тоо гаргах  үүргийг П.Н-нд өгсөн байх /хх 50, 51/ ба энэ үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр 2017 оны 5-р сарын 20-ны өдөр 17/05/17 тоот акт тогтоогджээ. Хэргийн 107-111 дэх талд авагдсан тушаалуудыг хүний нөөцийн менежер Б.Ц танилцуулсан нь гэрчийн мэдүүлэг, тухайн ажилтанд тушаал танилцуулсан тухай баримтаар тогтоогдсон байна.  

 

            Нэхэмжлэгч нь хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны зорилго, Үндсэн үүргийн хүрээнд хийгдэх ажлын 2.2.4 дэх хэсэг “хүний нөөцтэй холбоотой захирлын тушаал шийдвэрийг боловсруулж, батлуулах, биелэлтийг хангуулах”, 2.2.5 дахь хэсэг “салбар, хэсэг, нэгжүүдийн орон тоо, нөхөн хангалтыг гадаад, дотоод эх үүсвэрээс бүрдүүлэн хэвийн байлгах”, 2.2.6 дах хэсэг “ажилтнуудын ээлжийн амралт...зэрэг асуудлыг удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх”, 2.2.8 дахь хэсэг “ажилтны хувийн хэргийн бүрдлийн карт хөтлөж байх, баяжилт хийх, хадгалах”, 2.2.12 дахь хэсэг “хүний нөөцийг шилж сонгох, шинээр ажилд авах үйл ажиллагааг зохион байгуулах”, 2.2.13 дахь хэсэг “алба нэгжийн захиалгын хуудсын дагуу хөдөлмөрийн бирж болон бусад хөдөлмөр зуучлалын төв, интернет, сонин сэтгүүлээр ажлын байрны зарыг тогтмол өгч нөөц бүрдүүлэх зэрэг ажлуудыг үндсэн үүргийн хэмжээнд /хх 34-35/ гүйцэтгэх үүрэгтэй байжээ.

 

            Д ХХК-ний дотоод журмын 13-р зүйлийн 13.1-т энэхүү журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн /эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй/ ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар /хх 66-72/ , Хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д ажилтан нь Байгууллагын дотоод журам болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол сахилгын зөрчилд тооцож шийтгэл ногдуулахаар /хх 36-38/ тохирсон  байх ба П.Н нь дээрх зөрчлийн актуудаар тогтоогдсон зөрчлийг удаа дараа гаргасан буюу эрхэлсэн ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

            Нөгөө  талаас,  хүүхдийн  баяр  тэмдэглэхтэй  холбоотойгоор   ажиллагсдын

хүүхдийн тоо гаргах ажлыг даалгасан, түүнийг биелүүлээгүй нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг  биелүүлээгүй зөрчил гэж үзэхээс гадна энэ ажлыг гэрч, хүний нөөцийн менежер Б.Ц гүйцэтгэсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 5-р сарын 20-23, 2017 оны 5-р сарын 24-29-ний өдрүүдэд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн нь эмнэлэгийн хуудсаар /хх 8/ тогтоогдсон байх ба өвчтэй байхад ажлаас халсан гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, 2016 онд зөрчил гаргасан гэх зөрчлийн акт нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

 

            Хэргийн 40-41 дэх талд авагдсан “ажилласан жилийн нэмэгдэл олгох шинэчилсэн журам, ажлын байрны тодорхойлолт /хх 53-55/ зэрэг баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байна.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д ХХК-ний Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн толгоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн П.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА