Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/02674

 

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Ё.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б-т холбогдох,

Зээл, зээлийн хүү нийт 6,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.О, хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ё.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Е.У миний бие С.Б-тэй 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон бөгөөд миний бие тухайн үед Булган аймагт байсан учир өөрийн найз Б.Ц-ыг төлөөлүүлэн С.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, С.Б-ийн Хаан банкны 0000000 тоот дансанд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрөөс 2013 оны 6 дугаар сарын хүү 250,000 төгрөг, 2013 оны 07 сарын хүү 250,000 төгрөгийг 2 удаа төлсөн байдаг. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үндсэн төлөлт, болон хүүг огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Иймээс үндсэн зээлийн төлбөр 5,000,000 төгрөг, 5 сарын зээлийн хүү 1,250,000 төгрөг, нийт 6,250,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариүцагч С.Б-ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ё.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ё.У нь 2013 оны 05 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр С.Б-т зээлэхээр тохирсон байдаг. Ё.У нь Булган аймагт амьдардаг тул өөрийн найз Ц-аар өөрийгөө төлөөлүүлж С.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Ё.У нь С.Б-т мөнгө зээлэхдээ 5,000,000 төгрөгийг н.Ц руу шилжүүлсэн. С.Б нь энэхүү зээлээс 06, 07 сар буюу 2 сарын хүү 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.У-ын ээжээр нь дамжуулж төлсөн. Гэвч үүнээс хойш дахин нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Нэхэмжлэгч талаас удаа дараа шүүхэд өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зөрүүтэй тайлбар өгч байдаг. Иймд хариуцагч С.Б-ээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, 5 сарын хүү 1,250,000 төгрөг нийт 6,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Б, Ё.У нарын хооронд 2013 оны 05 сарын 15-ны өдөр Б.Ц-аар дамжуулсан 5,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн төлөлт болон хүүгийн хамт төлж барагдуулснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 оны 05 сарын 15-ны өдөр Ё.У, С.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч С.Б нь 2013 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болон хүү нийт 6,250,000 төгрөгийг Ё.У-д бэлнээр өгч Ё.У нь авсан. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ё.У биш н.Ц нэхэмжлэл гаргаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Ё.У нь хариуцагч С.Б-ээс зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,250,000 төгрөг нийт 6,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийг бүрэн төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ё.У, хариуцагч С.Б нар 5,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 05 сарын 15-ны өдөр зээлдэгч Ё.У-г Б.Ц төлөөлөн зээлдэгч С.Б-тэй зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5 дугаар тал/ Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигч 2013 оны 05 сарын 15-ны өдөр С.Б нь Ё.У-ын төлөөлөгч Б.Ц-тай зээлийн гэрээг бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2 сарын хүү нийт 500,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй. 

 

Хариуцагч “...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарласан хэдий ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/05016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч “...зээл, зээлийн хүү нийт 6,250,000 төгрөгийг төлсөн” гэх хариу тайлбар, татгалзлаа шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

Иймд хариуцагч С.Б-ээс зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,250,000 төгрөг нийт 6,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.У-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.Б-ээс 6,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.У-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.У-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 114,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР