| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 106/2018/0714/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 42
Х.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Багшбаяр,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр Х.От холбогдох эрүүгийн 1805013240670 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Х.О, 1992 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................../;
Х.О нь Х.Ж, Б.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг хотхон” 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Х.О, Х.Ж, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.О, Х.Ж, Б.М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Оыг 1 жилийн хугацаагаар, Х.Жавзмааг 1 жилийн хугацаагаар, Б.Мөнхтулгыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Х.О, Х.Жавзмаа, Б.Мөнхтулга нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Буянзаяа 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 1806033461759 дугаартай Х.От холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэргийг татаж хянахад:
Х.О нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадна иргэн Л.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Б-ийн мэдүүлэг, шинжээчийн 4920 тоот дүгнэлт, гэрч Г.Б-ийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Гэвч Х.О нь Х.Ж , Б.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг хотхоны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, дээрх хэрэгтээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Иймд Х.О нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шинэ нөхцөл байдлын улмаас хэргийн ажиллагаа үүсгэн, прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын дүгнэлтэд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
Энэ хэргийн шүүгдэгч Х.О нь Х.Ж, Б.М нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг хотхон” 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа Х.Оын үйлдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” зочид буудлын гадна иргэн Л.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь илэрч, энэ үйлдэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалган, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” бол урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болохоор хуульчилсан.
Дээрх үйлдэл нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байснаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, Х.О нь 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заасан ба тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасантай нийцсэн тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл үүсэхгүй байсан байна.
Иймд прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолын Х.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолын Х.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.От холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Х.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН