Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0154

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч С.Н, өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Ж.Ж, өмгөөлөгч Ж.Д, гуравдагч этгээд Ц.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Н-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллан сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа болон сумын төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлж ирсэн. Би удирдлагаас өгсөн албан үүргийг хангалттай биелүүлж байсан.

Тендерийн үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57.1, 57.2-д заасныг зөрчөөгүй. Засаг даргын Тамгын газрын Истана, Ландкруйзер маркийн 2 автомашиныг засуулах үүргийг өгсөн. Тухайн үед төсөв хүрэлцэхгүйн улмаас засварын зардал гаргах боломжгүй хүлээгдсэн, машин засуулах засварын мөнгийг жолоочдоо гаргаад өгсөн байсан. Истана маркийн машиныг урьд нь Засаг даргаар ажиллаж байсан Ж.Төмөрбаатар авч яваад эвдэлсэн. Ж.Төмөрбаатар нь би эвдэлсэн учраас багийн Засаг дарга нарын сонгуулийн дараа засуулж өгье гэж хэлж хүлээлгэсэн, ... сумын Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ажилчдын цагийг бүртгэж, үйлчлэгчийг өглөө 8 цагт ирүүлж цэвэрлэгээ хийлгэдэг болгож, мэргэжилтэн Алдартай уулзаж ЗДТГ-ын 2 дугаар байранд оруулах тухай хэлэхэд би 4 сараас оръё гэж хэлсэн. 2013 оны 4 дүгээр сарын 13-14-нд Төв аймагт Истана маркийн машиныг засуулах үүргийг биелүүлж яваад миний бие өвдөж, 4 дүгээр сарын 15-нд харвалт оноштойгоор эмнэлэгт хэвтсэн.

... Сумын Засаг дарга намайг ажил үүргээ биелүүлсэн эсэхийг комисс томилж шалгаж тогтоогоогүй, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тооцоогүй, би ажлаас үндэслэлгүй халагдсан талаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдлөө өгсөн. Салбар зөвлөлөөс намайг ажилд нь эргүүлэн томил гэж албан бичгээр үүрэг өгсөн байхад сумын Засаг дарга Тамгын газрын даргаар Ц.Болормааг томилсон. 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ажлаас чөлөөлөх захирамжийг 12 дугаар сарын 19-ний өдөр түдгэлзүүлж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б/27 дугаар захирамжаар намайг Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халж, захирамж гаргасан. Сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай", 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай", 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Захирамж түдгэлзүүлэх тухай", 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Ажлаас халах тухай" захирамжуудыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал 670.000 төгрөгийг сумын Засаг дарга Ж.Ж-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 12-ны Б/06 дугаар захирамжид чөлөөлөх гэж бичсэн болохоос халах гэсэн заалт байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид хориглох зүйлийг С.Н зөрчсөн. Тендерийн хороонд сумын Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын А/80 тоот захирамжаар гишүүнээр оролцсон, Засаг даргын Тамгын газар захиалагч учраас гишүүнээр оролцохыг хориглосон, орж болохгүй гэдгийг хэлэх ёстой байсан. 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Тендерийн хорооны 1-р хуралдаан дээр С.Н ... урилгаа илгээгээд, шалгаруулалтаа хугацаанд явуулъя гэж хэлсэн ч тэр өдрөө сонгон шалгаруулалт явуулсан, мөн тендерийн хорооны 2-р хуралдаан дээр ... орчны тохижилт сайжирч сумын өнгө үзэмж нэмэгдэх учир би дэмжиж байна.

гэж хэлсэн байтлаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд "би тендер шалгаруулахад байгаагүй" гэж худал хэлсэн нь албан үүргээ хангалтгүй биелүүлснийг нотолж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -д зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Тендер шалгаруулалтыг хууль зөрчин явуулсан болохыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот тогтоолоор тогтоосон, тендерийн сонгон шалгаруулалт илт хууль зөрчиж байгааг нь мэдсэн хэдий ч 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлбөрийн хүсэлт дээр гарын үсэг зурж, 14 сая төгрөг шилжүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн, сумын Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 21-ний Б/11 тост захирамжаар ... эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж, цалин дээрээ нэмж40 хувийн цалин нэмэгдэл авч байсан. Тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.Төмөрбаатар, "Т-О" ХХК-ийн захирал Ж.Н нар төрсөн эгч, дүүс гэдгийг тендер шалгаруулахад хэлэх ёстой байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс сумын Засаг даргын орлогч Л.Зууннаст, С.Н нарт үүрэг өгч, энэ үүргийг миний бие давхар өгч албан ажлын хэрэгцээнд ашиглаж байгаа Ландкруйзер, Истана маркийн автомашиныг засах хугацаатай үүрэг өгсөн ч биелүүлээгүй.

Би 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргаар томилогдож, үүрэг даалгавар өгч бүртгэл хөтөлж байсан ба шинээр томилогдож байгаа учраас байгууллагын дотоод журмыг шинэчлэн хамт олны хурлаар хэлэлцүүлж, батлуулах үүрэг өгсөн, мөн дотоод журмыг шинэчлэн батлуулаагүй, үүрэг даалгавар яаж биелүүлсэн талаар албан тоотоор хариу ирүүлээгүй. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т "харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ" гэж заасныг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д “энэ хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн бол 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” тухай заасан. С.Н надад биеэ өвдөж байгаа тухай хэлж байгаагүй. 2012 оны 4 дүгээр сарын 11-нд би С.Н-т өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байна, ажлаас хална гэж мэдэгдсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын даргын ажилд сумын Засаг даргын Б/22 тоот захирамжаар томилогдсон. ... Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эсэх нь миний шийдэх асуудал биш, энэ асуудал надад хамаагүй ...” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 12- ны өдрийн "Ажлаас халах тухай" Б/06 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Захирамж түдгэлзүүлэх тухай" Б/26 дугаар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Ажилд томилох тухай" Б/22 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Ажлаас халах тухай" Б/27 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, С.Н-ийг урьд эрхэлж байсан Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.084.807 /есөн сая наян дөрвөн мянга найман зуун долоон/ төгрөгийг Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан С.Н-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Ж давж заалдах гомдолдоо: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл: Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ж.Ж нь С.Н-ийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн" гэсэн үндэслэлээр ажлаас халсан юм. С.Н нь Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хуулиар хүлээлгэсэн нийтлэг үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь дараах баримтаар нотлогдож байгаа.

Нэг. Хуулиар хүлээлгэсэн нийтлэг үүргээ хангалтгүй биелүүлснийг нотлох баримт:

  1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч нь шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх гэсэн үүргээ зөрчиж, тендерийн урилгыг хүргэх ёстой “Э-Ц О” ХХК-д хүргүүлээгүй болохыг тус компанийн захирал Т.Э-ын мэдүүлэг нотолдог. Мөн хуулийн 50.1.2-д заасан төрийн ашиг сонирхлыг дээдлэх гэсэн зарчмыг зөрчиж, С.Н нь сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнөөс түүний зөвшөөрөлгүйгээр 14000000 төгрөгийг гарын үсэг зурж, Засаг дарга Ж.Т-ын төрсөн эгчид шилжүүлэн өгсөн.

Хуулийн 50.1.4 дэх хэсэгт "тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх" үүрэгтэй гэж заасан байтал С.Н энэхүү үүргээ мөн зөрчиж, тухайн үеийн Баянцагаан сумын Засаг дарга Ж.Т-ын төрсөн эгч бөгөөд "Т-О" ХХК-ийн захирал Ж.Н тендерт оролцож, шударга бусаар ялагч болж байгаа бүх үйлдлийг эхнээс нь мэдсээр байж, нуун дарагдуулсан нь хуулиар хүлээлгэсэн төрийн албан хаагчийн үүргээ хангалтгүй биелүүлснийг давхар нотолж байгаа юм. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.6 хэсэгт "тендерт оролцогч" гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гэж заасан нь Баянцагаан сумын Засаг дарга Ж.Төмөрбаатарын төрсөн эгч бөгөөд "Т-О" ХХК- ийн захирал Ж.Н тендерт оролцож ялсан нь анхнаасаа хууль бус ажиллагаа байсан бөгөөд түүнийг мэдсээр байж нуун дарагдуулсан С.Н хуулиар хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлснийг бас дахин нотолдог.

  1. С.Н нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг зөрчиж, нийтийн албан тушаалтны үүргээ хангалтгүй биелүүлж байсан юм.

С.Н нь нийтийн албан тушаалтан мөн болох нь дээрх хуулийн 3.1.4-д зааснаар "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна ... Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 4.1.1-д "төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан" гэж заасан байна.

Тиймээс захиргааны албаны удирдах албан тушаалтан С.Н нь нийтийн албан тушаалтан мөн болж таарч байгаа юм. Иймд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2.4 дэх хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх" үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн С.Н нь энэ хуулийг орон нутагт хэрэгжүүлэх ажилтнаар томилогдож, үндсэн ажил дээрээ 40 хувийн нэмэгдэл авч байсан хүн.

  1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 13.1.4-д "харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" 13.1.9-д заасан албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх зэрэг заалтуудыг зөрчиж байсан нь хуулиар хүлээлгэсэн үүргийг хангалтгүй биелүүлж байсныг нотолж байгаа юм.

Хоёр. Удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж байсан нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр С.Н-т өгсөн үүрэг даалгаврын бүртгэлээр ажлын цаг ашиглалтыг сайжруулах, Засаг даргын Тамгын газрын ландкрузер, истана маркийн автомашинуудыг засварлаж, төрийн үйлчилгээг саадгүй явуулах, дотоод журмаа шинэчлэн батлуулах зэрэг хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж байсныг нотолж байгаа юм.

Иймд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэг талыг барьсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хуульд нийцсэн магадлал гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар, тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Н-ийг “албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба уг захирамжийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/26 тоот захирамжаар “үгийн алдаа гарсан” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлсэн атлаа 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 тоот захирамжаар, ажлаас чөлөөлсөн дээрх үндэслэлийг зааж үүрэгт ажлаас нь халж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Ц.Болормааг тамгын газрын даргаар томилсон байна.

Нэхэмжлэгч С.Н "... сумын Засаг дарга намайг ажил үүргээ биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүрэг, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тооцолгүй ажлаас үндэслэлгүй халсан” гэж маргажээ.

Хариуцагч, сумын Засаг даргын Б/06, Б/27 дугаар захирамжуудад Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах 2 өөр зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг хамтад нь баримталж, төрийн албан хаагчийг үүрэгт ажлаас халсан нь хууль зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх ба маргаан бүхий, дээрх захиргааны актууд дараах үндэслэлүүдээр хууль зөрчсөн нь тогтоогджээ. Үүнд,

Хариуцагч шүүхэд С.Н-ийг ажлаас халсан үндэслэлийг тайлбарлахдаа, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийг зөрчсөн, хууль зөрчиж тендер шалгаруулалт явуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ажлаас чөлөөлөх үндэслэл болсон, харин ажлын цаг ашиглалтыг сайжруулах, албан хэрэгцээнд ашиглаж байгаа Ланд круйзер, Истана маркийн автомашиныг засварлуулах, дотоод журам шинэчлэн батлуулах зэрэг хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлээгүй нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан ажлаас халах үндэслэл болно гэжээ.

Төв аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/228 дугаар захирамжаар Баянцагаан суманд хийгдэх "Сумын ногоон байгууламжит цэцэрлэг" төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх эрхийг тус сумын Засаг даргад шилжүүлсэн байх бөгөөд тус сумын Засаг дарга уг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогч Л.Зууннаст, гишүүдэд С.Н, Г.Алтангэрэл, Ц.Насанжаргал нарыг томилж, уг төслийн сонгон шалгаруулалтыг явуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.9, 47 дугаар зүйлийн 47.3, 47.4 дэх хэсгүүдэд тендерийн сонгон шалгаруулалтын захиалагч нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд байх, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтанд ямар шаардлага тавигдах, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор тус бүрэлдэхүүнд Засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулж болох зэргийг хуульчилжээ.

Энэ тохиолдолд Баянцагаан суманд хэрэгжүүлэх "Сумын ногоон байгууламжит цэцэрлэг" төслийн захиалагч нь тус сумын Засаг дарга байх ба тендерийн үнэлгээний хороонд тус Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Н-ийг оруулсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Г-ын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19.08.025-НД-2002 тоот албан шаардлага, гэрч Л.З-ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Н-ийг “хууль зөрчиж тендер шалгаруулалт явуулсан” гэж буруутгах, мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, сумын Засаг дарга Ж.Ж 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус албан тушаалд томилогдсоны дараа С.Н-т ажлын цаг ашиглалтыг сайжруулах, албан хэрэгцээнд ашиглаж байгаа 2 автомашиныг засварлах, дотоод журам шинэчлэн батлуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн боловч биелүүлээгүй нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар төрийн албанаас халах үндэслэл болсон гэжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Ц.Лувсандагвын мэдүүлэг болон бусад баримтуудаар нэхэмжлэг^ийн удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Иймд, хариуцагчийн С.Н-ийг ажлаас халсан үндэслэл болгосон албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл нотлогдоогүй, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын хууль бус захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Д.БАТБААТАР

Б.МӨНХТУЯА