Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02662

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02662

Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Л.М-д холбогдох эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М 2003 онд танилцаад, 2005 оноос хамт амьдарсан. Мөнхбаттай суухаас өмнө би нэг охиной байсан, түүнтэй амьдарснаас хойш 2006 оны 1-р сарын 14-ний  өдөр хүү М.Т, 2011 оны 07-р сарын 10-нд охин М.А нар төрсөн. 2015 оны 2-р сараас бид хоорондоо таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан. Энэ хугацаанд Л.М нь ирж, очдог байсан, эвлэрэх байх гэж бодоод уулздаг болсон. Ингээд уулзаж байх үедээ охин Нарансолонгыг олж, 2016 оны 5-р сарын 2-нд төрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд  М нь хүүхдүүдээ харж хандаж, тусалж дэмжиж байгаагүй. Н-ыг өөрийнхөө хүүхэд биш гэж маргадаг, шинжилгээ өгөх гэж 2 удаа очсон боловч М ирээгүй. 3 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 2 хүүхдийнхээ тэтгэлэгийг энэ удаа тогтоолгомоор байна. Охин Н асуудлыг жич шийдвэрлүүлье. Хүүхдүүд маань хохирч байна гэв. 

 

Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ч.Б 2005 оны 9-р сард нэг гэрт орж амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2006-01-14-нд хүү М.Тэргэл, 2011-07-10-нд охин М.А нар гарсан. Энэ хугацаанд Ч.Б нь байнга архи ууж, гадуур хонож, энэ байдлаас болж бидний дунд хэрүүл их гардаг болсон. Тухайн үед хоорондоо ярилцаад түр тусдаа амьдархаар болсон боловч Б бүр салах шийдвэр гаргасан. Өөрийн 2 хүүхэд болох М.Т, М.А нарыг би авна гэхэд хадам ээж болон өөрөө өгөхгүй гэсэн. Өөрийн хүүхдүүдээ би өөрөө авч асран хамгаалж, өсгөх хүсэлтэй байна. Салснаас хойш гарсан Н нь миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь Л.М-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь охин Б.Н-ын эцгээр тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг дараа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

  

Ч.Б, Л.М нар нь 2005 оноос хамт амьдарч байхдаа 2006 оны 1-р сарын 14-ний  өдөр хүү М.Т, 2011 оны 07-р сарын 10-нд охин М.А нарыг төрүүлж /хх 6/ өсгөжээ.  

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа гэх ба тусдаа амьдрах хугацаанд бага насны 2 хүүхэд эхийн асрамжинд өссөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд хуульд заасан журмаар хүү М.Т, М.А нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, эцэг Л.М-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Л.М нь 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй гэх боловч энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, М.А, М.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Л.М-аар тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.М-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА