Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Т, шүүгдэгч Б.Б, тэдний өмгөөлөгч Ц.Нарангэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2275) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ... овогт ..., ... овогт ... ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: - ..., Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд ... оны ...дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Жудо бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны 243б тоотод түр, ... аймгийн ... сум, … дугаар баг, ... баригадын ... газар байнга оршин суух, ял шийтгэлгүй регистрийн дугаар .... - ..., Монгол Улсын иргэн, ... аймгийн ... суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Урбанек” ХХК-д борлуулалтын түгээгч, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар .... Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) Яллагдагч Г.Т, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 02-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын гадна нийтийн хэв журмыг зөрчиж иргэн ... хүч хэрэглэн зодож амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед гэртээ байж байхад Б.Б над руу залгаад Депогийн автобусны буудал дээр уулзъя гэж...буудал дээр ирэхэд автобусны буудал дээр Батсаруул, Майсайхан, Сайханаа, Батболд нар байсан. Тэгээд бид нар хамт Мираж зочид буудлын караокед орж 0.75 литрийн нэг шил Соёрхол архи авч уусан. Гэтэл Майсайхан согтоод байхаар нь Батсаруул, Сайханаа хоёр хүргэж өгөхөөр явсан. Харин Батболд бид хоёр караокед үлдэж 30 орчим минутын дараа караокенаас гарч яваад караокены шатан 2 дээр хоёр Солонгос хүнтэй мөргөлдсөн. Тэгээд би нөгөө хоёр Солонгос хүнийг хэл ам, үйл хөдлөлөөр айлгаж байхад нэг Солонгос залуу нь нэг өрөө рүү ороод хохирогчийг дуудаж гаргаж ирсэн. Гэтэл хохирогч Баасансүрэн гарч ирээд Батболдыг цохиод...би салгасан чинь намайг цохиод авсан. Тэгэхээр нь би хохирогчийн нүүр толгой руу цохисон” гэв. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 02- ны шөнө ажлаа тараад Батсаруул, Майсайхан, Сайхан, Түмэнбаяр нартай хамт “Мираж” зочид буудлын караоке руу орсон. Тэгээд караокед ороод нэг шил 0.75 литрийн архи авч уусан. Гэтэл Майсайхан согтоод унахаар нь Батсаруул, Сайханаа хоёр хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Түмэнбаяр бид хоёр хамт караокед үлдсэн. Тэгээд караокены цаг дуусаж тооцоогоо хийчихээд гараад явж байгаад караокены шатан дээр хоёр Солонгос хүнтэй таарч маргалдсан. Гэтэл нэг Солонгос хүн нь цаашаа нэг өрөө рүү ороод удаагүй хохирогч болох залуу гарч ирээд намайг цохисон. Тэгээд би хохирогч залуутай зодолдсон. Хохирогч Баасансүрэн намайг эхэлж цохисон учраас би хохирогчийг цохисон. Энэ зодоон нь Мираж зочид буудлын гадна олон нийтийн газар болсон. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болж учирсан” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: 1. Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Гэрэлт ирээдүй” ХХК-нд төлөвлөлтийн хэлтэст 2014 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа. 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай “Гэрэлт ирээдүй” ХХК-ийн...дунд сургуулийн...цэвэрлэгч Онон эгчийн төрсөн өдөр болж байна гээд ажлын газрын тогооч Болормаа, Заяа, Машмэргэн нарын хамт тавуулаа 21 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудал, караокед орсон. Тэндээ 0,75 литрийн архи хоёр шил, ус ундаа даруулга захиалсан. Би ажилтай байсан учир уугаагүй, гаднаас орохдоо “Сэнгүр” нэртэй 0,5 литрийн пиво нэгийг аваад уусан. 23 цагийн үед Онон эгчийн хүү, охин хоёр ирээд хэсэг байж байгаад Онон эгчийн хамт гарсан. Араас нь тогооч Заяа эгч, дараа нь би гарсан. Гарч яваад буудлын давхар шилэн хаалганы дотор талд дэд захирал Юүн Хан Оүвүнги /Yoon Han Kyung/ таараад “Сайн байна уу?” гэж Солонгосоор хэлэхэд гадаа байгаа дөрөв, таван залуу “чамтай хамт явж байгаа юм уу” гэж асуухаар нь би “үгүй” гэхэд “намайг элдэв янзаар хэлээд намайг мөрлөсөн” гэхээр нь би хартал 4-5 залуу машины хажууд байхаар нь би очоод “та нар гадны настай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд 160 см-ийн өндөртэй, махлагдуу биетэй, 25 орчим насны залуу “хужаагийн шээс өмөөрдөг чи хэн бэ” гэж хэлээд 2 гараараа миний өмсөж явсан цамцнаас боосон. Би газар унахад дээрээс толгойн дээр нэлээд цохисон. Удалгүй Болороо эгч найз залуугийн хамт гарч ирээд над дээр гүйж ирээд зодож байсан хүмүүсийг салган ноцолдсон. Би ноцолдож байхыг нь хараад газраас босч ирээд 102 дугаарт өөрийн 88066188 дугаараас залган “Мираж” зочид буудлын гадна хүнд зодуулсан тухай дуудлага өгсөн... Тухайн буудлын хамгаалагч ...маргааныг салгахад Түмээ гэх залуу нь миний нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Хамт явсан бололтой залуучууд нь Түмээ одоо болно гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50), 2. Гэрч П.Машмэргэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...“Мираж” зочид буудлын караокед орж үйлчлүүлэхээр болоод тавуулаа хамт орсон. Онон эгчийн 2 хүүхэд түрүүлж ирээд гараад явсан. Бид 4 үлдээд хэсэг дуулж байгаад 23 цаг 30 минутын үед тэндээсээ гарахаар болоод Баасансүрэн, Батзаяа хоёр түрүүлж гараад би Болормаагийн хамт тооцоогоо хийж араас нь гартал гадна Баасансүрэнг 4 хүн нийлж зодож байхаар нь би “хөөе юу болж байна” гэж орилтол намайг 2 эрэгтэй нь хүрч ирээд цохисон. Би тухайн үедээ манараад юу болсон талаар сайн ойлгоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23), 3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 7353 дугаар дүгнэлт: “...хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт мэс заслын 2 ширхэг оёдол бүхий 0,9х0,2 см зах ирмэг тэгш бус шархтай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын 3 нурууг хамарсан тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хаван хавдартай, зүүн нүдний алимны гадна, дотор буланд улаан, ягаан өнгийн тархмал цус харвалттай. “Мөнгөн гүүр” эмнэлгийн 2017.06.03-ны толгойн КТГ-н шинжилгээнд: Дүгнэлт: ...зүүн нүд, хамар орчимд зөөлөн эдэд хаван хавдар ихтэй, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугаралтай, баруун духны орчимд зөөлөн эдэд арьсан доорхи цус хуралттай, духны баруун хөндийн урд хана хугарлын шугамтай, баруун духны хөндий шингэнтэй. ДҮГНЭЛТ: 1. Б.Баасансүрэнгийн биед духны хөндийн өмнөд хана, зүүн нүдний ухархайн дотор ханы хугарал, духанд шарх, баруун зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81), 4. Шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн орчим...Батболд залгаад...Депогийн автобусны буудал дээр уулзъя хүрээд ир гэхээр нь яваад очсон. Намайг очиход найз Батболд хамт ажилладаг гэх Саруул, Майсайхан, танихгүй нэг хүүхний хамт дөрвүүлээ байсан. Тэндээсээ караокед орж ууж идэхээр болоод Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мираж” зочид буудлын доод В1 давхрын караокены 2 тоот өрөөнд ороод 1 шил архи, ундааны хамт захиалсан. Тэрийг уунгаа 1 цаг орчим дуулцгаан ууж идсэн. Эхлээд Саруул, Майсайхан, танихгүй эмэгтэйгийн хамт гэртээ харилаа гэж хэлээд гараад явсан. Би найз Батболдын хамт тэндээ үлдээд 30 орчим минут үлдэгдэл архиа ууж дуусаад гарсан. Гарч яваад гаднах хаалганы шатаар бууж яваад хажуугаар хоёр Солонгос хөгшин эрэгтэй хүн өгсөж явахаар нь би зөрөхдөө мөрлөөд зуурч аваад яаж байнаа гээд хэсэг барьж үйл хөдлөлөөрөө айлгаж байтал нэг нь Солонгос хүн эхлээд ороод араас нь, үлдсэн нэг Солонгос хүн нь яваад “Мираж” зочид буудал руу орсон. Удалгүй “Мираж” зочид буудлаас хохирогч болох залуу гарч ирээд “юу болж байна аа пизданууд минь” гэж хэлээд Батболдын нүүр лүү нь цохиход Батболд зөрүүлээд цохихоор нь Батболд газар унаган дээрээс 2-3 удаа цохисон. Энэ үед Миражаас эрэгтэй, эмэгтэй 3 хүн гарч ирээд нэг эрэгтэй нь “та нар юу болж байна” гээд Батболд дээр ирээд цохихоор нь би очоод тэр эрэгтэй хүнтэй зодолдсон. Зодолдож байтал хамгаалагч нар гарч ирээд бид хэдийг салгасан. Салгачихсан байхад эхлээд гарч ирдэг хохирогч болох залуу над руу дайраад байхаар нь 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Энэ үед цагдаа нар ирээд Батболдыг, хохирогч болох залуу, араас нь гарч ирсэн 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 4 хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74), “...Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115), 4. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед ажлын газрын Майсайхан, Батсаруул, Батсаруулын найз хүүхэн Сайнаа нарын хамт ууж идэхээр нь болоод Түмэнбаярыг утсаар дуудаад хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Мираж” зочид буудлын В1 давхарт байх караокены 2 тоот өрөөнд ороод 1 шил 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи захиалан хувааж уун дуулсан. Дуулж байгаад Батсаруул, Майсайхан, Сайханаа нар түрүүлж яваад Түмэнбаяртай хамт караокедоо үлдээд тэндээ хэсэг ярьж сууж байгаад тооцоогоо хийгээд гарсан. Гараад үүдэнд хоёр гадаад хүнтэй зөрөхөд тэр хоёр хүн Монголоор “хүүхэн байна уу” гэж асуухаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд заамдаж аваад гараа тавьсан. Тэр үед нэг нь гүйж ороод, нөгөө Солонгос хүн нь гадаа шатан дээр зогсож байсан ба Монгол залуу гарч ирээд та нар яагаад давраад байгаан гэж хэлээд намайг цохиод байхаар нь би нэлээд хэдэн удаа цохисон. Тэр хавьд явж байсан нэг хүн боль гээд салгаад хамгаалагч нар нь гараад ирэхээр нь хамгаалагч нараас зугтаагаад замын эсрэг талын МТ клонкын ард нуугдаж байгаад цагдаагийн машин ирэхээр нь яваад очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80), “...Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 6 4 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112), 5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-6), - хохирогчийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 118), - шүүгдэгч Г.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53), - шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 91, 116), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав. Шүүхээс шүүгдэгч Г.Т, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Г.Т, Б.Б нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Сүү” ХК-ийн баруун хойно байрлах “Мираж” зочид буудлын гадна 2017 оны 6 дугаар сарын 02-ны шөнө ялимгүй зүйлээр шалтаглан, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Баасансүрэнг хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: - Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...буудлын давхар шилэн хаалганы дотор талд дэд захирал Юүн Хан Оүвүнги /Yoon Han Kyung/ таараад “Сайн байна уу?” гэж Солонгосоор хэлэхэд гадаа байгаа дөрөв, таван залуу “чамтай хамт явж байгаа юм уу” гэж асуухаар нь би “үгүй” гэхэд намайг элдэв янзаар хэлээд намайг мөрлөсөн гэхээр нь...би очоод “та нар гадны настай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд 160 см-ийн өндөртэй, махлагдуу биетэй, 25 орчим насны залуу “хужаагийн шээс өмөөрдөг чи хэн бэ” гэж хэлээд 2 гараараа миний өмсөж явсан цамцнаас боосон. Би газар унахад дээрээс толгойн дээр нэлээд цохисон... Тухайн буудлын хамгаалагч ...маргааныг салгахад Түмээ гэх залуу нь миний нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Хамт явсан бололтой залуучууд нь Түмээ одоо болно гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50), - Гэрч П.Машмэргэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...“Мираж” зочид буудлаас... би Болормаагийн хамт тооцоогоо хийж араас нь гартал гадна Баасансүрэнг 4 хүн нийлж зодож байхаар нь би “хөөе юу болж байна” гэж орилтол намайг 2 эрэгтэй нь хүрч ирээд цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23), - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 7353 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 81), - Шүүгдэгч Г.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...“Мираж” зочид буудлын... шатаар бууж яваад хажуугаар хоёр Солонгос хөгшин эрэгтэй хүн өгсөж явахаар нь би зөрөхдөө мөрлөөд зуурч аваад яаж байнаа гээд хэсэг барьж үйл хөдлөлөөрөө айлгаж байтал нэг нь Солонгос хүн эхлээд ороод, араас үлдсэн нэг Солонгос хүн нь яваад “Мираж” зочид буудал руу орсон. Удалгүй “Мираж” зочид буудлаас хохирогч болох залуу гарч ирээд “юу болж байна аа пизданууд минь” гэж хэлээд Батболдын нүүр лүү нь цохиход Батболд зөрүүлээд цохихоор нь Батболд газар унаган дээрээс 2-3 удаа цохисон. ....Салгачихсан байхад эхлээд гарч ирдэг хохирогч болох залуу над руу дайраад байхаар нь 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74), - Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...“Мираж” зочиж буудлын... 5 үүдэнд хоёр гадаад хүнтэй зөрөхөд тэр хоёр хүн Монголоор “хүүхэн байна уу” гэж асуухаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд заамдаж аваад гараа тавьсан. Тэр үед нэг нь гүйж ороод нөгөө Солонгос хүн нь гадаа шатан дээр зогсож байсан ба Монгол залуу гарч ирээд та нар яагаад давраад байгаан гэж хэлээд намайг цохиод байхаар нь би нэлээд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80) зэргээр нотлогдон тогтоогдож байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөдөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар -Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Т, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, -Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч мэтгэлцэхгүй, миний үйлчүүлэгч нар хийсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогчид хохиролд нийт 2.530.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Т, Б.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нар нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүйг (хавтаст хэргийн 52, 53) болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд үндэслэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. III. Бусад асуудлаар Эрүүгийн 2017 2601 1170 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт 6 тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ..., ... нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа хэрэглэхийг 6 (зургаа) сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ.