Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02663

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02663

Улаанбаатар хот

                                          

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Э ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулах, Э ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг гаргуулахыг хүссэн Н ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Н  ХХК-тай “Барилгын ажл гүйцэтгэх гэрээ”  байгуулж Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны цахим архивын гаражийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Н  өргөө ХХК-ний захирал н.Ганзориг шалтгаантай байсны улмаас гэрээнд тамга дарагдаагүй, хугацаа алдаж 11 сарын 1-24-ний хооронд ажил хийгдсэн. Ажил гүйцэтгэх хугацаанд тус компанийн ерөнхий инженер н.Дэлгэрцогт нь нэмэлтээр довжооны 2 751 000 төгрөгийн, теблицний 4 000 000 төгрөгний, пандус, хаяавчны 7 044 840 төгрөгийн ажлыг хийлгэсэн. Үүнээс 2 751 000 төгрөгийг Нийслэл өргөө ХХК төлсөн. Цаг агаарын байдлаас болж уг гаражийн ажил дээр нэмэлтээр теблиц хийх, цутгалт хийсний дараа үлээгүүр тавьж бетоныг хатаах арга хэмжээ авах шаардлагатай болсон. Мөн гаражийн хэмжээ 280 м.кв байсан боловч зураг төсөл өөрчлөгдөж 324 м.кв болж үнийн дүн дээр зөрүү гарсан. Гэрээнд  ажлын хөлсийг 21 000 000 төгрөгөөр тохирсон боловч зөрүүний үнийн дүнг гэрээнд тусгаагүй үлдээсэн байгаа. Ингээд гаражийн ажлын 21 000 000 төгрөг, нэмэлтээр хийсэн теблиц 4 000 000 төгрөг, пандус, хаяавч гүйцэтгэлийн  7 044 840 төгрөгний ажлын хөлснөөс 8 844 840 төгрөг, үлээгүүрийн түрээсийн хөлс  4 200 000 төгрөг, хэв хашмал худалдан авсан, сапудны түрээсийн төлбөрт 15 493 270 төгрөг төлөхөөс 7 177 770 төгрөг нийт 20 222 610 төгрөгийг тэмдэгтийн хураамж 261 000 төгрөгийн хамт нийт 20 483 610 төгрөгийг Н  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н  ХХК-тай 2014 оны 10-р сарын 24-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны архивын барилгын ерөнхий ажил гүйцэтгэгч нь Н  ХХК бөгөөд ажил гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр Э ХХК-ийг ажиллуулсан. Туслан гүйцэтгэгчийн гүйцэгэх ажил нь хүзүүвч, гаражийн угсралт, гадна тохижилт, довжооны цутгалт зэрэг ажлыг 1 м.кв-ыг 75 000 төгрөгөөр 280 м.кв талбай бүхий ажлыг 21 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Эдгээр ажлыг 2014 оны 11 дүгээр сард гүйцэтгээд дууссан. Нэхэмжлэгч ажлын доголдол, үнийн дүн дээр маргаагүй байна. Ажлын үед 2 тал тооцоо нийлж явсан. Манайх 34 сая гаруй төгрөг төлсөн, үүнд 21 сая төгрөг төлөгдсөн байгаа. Нэхэмжлэгч нэмэлт ажлын хөлс, гаднаас авсан техникийн түрээсийн үнэ буюу тоног төхөөрөмж хэв хашмал, үлээгүүр, пандус түрээсийн үнийг нэхэмжилжээ. Гэрээний 3.4-т зааснаар нэмэлт ажил хийгдэх бол 2 тал акт үйлдэж баталгаажуулна, гэрээнд өөрчлөлт оруулахаар бол зөвшилцөж, бичгээр оруулна гэж тохирсон. Гэрээгээр нэмэлт ажил хийхээр тохироогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Э  ХХК-ний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/49 тоот албан бичигт ...ажлаа хийж гүйцэтгэсэн гэдгийг илэрхийлээд Нийслэл өргөө ХХК-тай төлбөр тооцоо дууссан гэдгийг зөвшөөрдөг. Захиалагч Нийгмийн хамгааллын яамны инженер н.Алтанцэцэг “яам нь хувийн хэвшлийн байгууллага болон хувь хүнээс түрээсийн бараа материал авч гэрээ хийн тамга тэмдэг дарж болдоггүй учраас, танайх компани дээрээ гэрээ хийн дараах материалуудыг зээлээр авч ажлаа хурдан хийж гүйцэтгэ, бид санхүүжилт орж ирэхээр түрээсийн төлбөрийг ямар ч асуудалгүй хийнэ гэсний үндсэн дээр хэв хашмал, сапуд, халуун үлээгч зэргийг түрээслэн авч барилгын нэмэлт ажил үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэлээ” гэсэн байдаг. Мөн төсөв орж ирэхгүй байгаа тул мөнгөө өгч чадахгүй байна хэмээн түрээсийг бага багаар төлж байсан” гэдэг. Энэ нь 2 талын хооронд хэлцэл хийгдэж, үүрэг үүссэнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, яам, Э  ХХК-ний хооронд үүссэн харилцаа бөгөөд өөрсдөө тохиролцсон, гуравдагч этгээдээр нэмэлт ажил хийлгэсэн гэсэн үг. Одоо яригдаад байгаа 20 483 610 төгрөгний ажил нь нэмэлт теблицний хөлс, нэмэлт теблицийг өвлийн улиралд хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор пум, сапуд, үлээгүүр  зэрэг барилгын материал түрээслэсэн гэсэн 2 асуудал яригддаг. Үүнийг Н  ХХК хариуцах үндэсгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үнийн дүн 21 000 000 төгрөг байсан. Гэтэл үүнээс 13 766 500 төгрөгийг туслан гүйцэтгэгчид шилжүүлсэн байна. Энэ нь албан тоотод дурьдсан шиг захиалагч яамны инженер н.Алтанцэцэг, н.Мөнхзул нарын зүгээс санхүүжилт орно, энэ болтол асуудлаа шийдэж бай гэсэн хүсэлтийн дагуу бусдын өмнөөс мөнгө төлсөн зүйл болсон. Н  ХХК-ийн нягтлан бодогч С нь акт баримтгүйгээр туслан гүйцэтгэгчид мөнгө шилжүүлсэн бөгөөд сахилгын зөрчил гаргасан асуудлаар ажлаасаа халагдсан. Гэрээнд хамааралгүй мөнгө шилжүүлсэн нь Э ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Иймд Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 13 766 500 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр 13 766 500 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь яамны архивын барилгын довжоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гардаг зам дээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас нэхэмжлээгүй. Н  ХХК-ний нягтлан н.С нь ажлын хөлснөөс 13 766 500 төгрөгийг илүү төлсөн, энэ үйлдэлд сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан нь тухайн байгууллагын дотоод асуудал. Тухайн үед эрх бүхий албан тушаалтнуудын тооцоо нийлсэн акт нь хүчин төгөлдөр байна. Ажлын гүйцэтгэлийн урьдчилгаанд 3 000 000 төгрөг, довжооны ажлын 2 751 000 төгрөгийг  2014 оны 11-р сарын 06-ны өдөр манайд шилжүүлсэн байна. Энэ нь довжооны ажлыг та нар хий гэснийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Ажлын үр дүн гарсан түүний дагуу хөлсөө төлөх ёстой. Пандус, хаяавчны ажлыг 7 044 840 төгрөгөөр хийнэ гэж гэрээ байгуулсан,  үүний хөлсөнд 8 000 0000 төгрөг, нэмэлтээр теблицийг 4 000 000 төгрөгөөр хийсэн, ажлын хөлс 4 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч эдгээр ажлыг нэмэлт ажил гэж үзсэн бол Иргэний хуулийн 345.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгох саналаа хэлэх байсан. Харин ч хүлээн  зөвшөөрч мөнгө шилжүүлсэн. Хэв хашмал, сапудыг 11 322 270 төгрөгөөөр Хэв хашмал ХХК-иас түрээслье гэхэд хүлээн зөвшөөрч 995 500 төгрөг шилжүүлсэн. Мөн 2015 оны 03-р сарын 11-ний өдөр халаагуур үлээгүүрийг н.Б-аас түрээсэлсэн. Үүний урьдчилгаа 500 000 төгрөг төлсөн. Хариуцагч нь тооцоо нийлсэн актанд тусгагдсан дүнг хүлээн зөвшөөрч урьдчилгааг нь төлж, үлдэгдэл мөнгийг төлөөгүй. Яамтай ярьсны дагуу нэмэлтээр хийсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, замын мөнгийг хариуцагчаас нэхэмжлээгүй. Зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ХХК нь Н  ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч Нийслэл өргөө ХХК нь Э ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Н  ХХК нь Э  ХХК-тай 2014 оны 10-р сарын 24-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Чингэлтэй дүүргийн цахим архивын барилгын хүзүүвчний цутгалт, гаражийн угсралт, довжооны цутгалтын  ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсийг 1 м.кв-ыг 75 000 төгрөгөөр тооцож 21 000 000 төгрөг төлөхөөр /хх 8-10/ тохирчээ.

Ерөнхий ажил гүйцэтгэгч Н  ХХК нь туслан гүйцэтгэгч Э  ХХК-иар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан  байна.

Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон болон нэмэлт ажил нийт 54 989 110 төгрөгийн ажлыг 2014 оны 11-р сард гүйцэтгэсэн гэх ба захиалагч нь ажлын хөлс 34 766 500 төгрөгийг төлж, бусад гүйцэтгэсэн ажлын хөлс, барилгын материалын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж маргажээ. 

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нь ажлын хөлс 21 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин 13 766 500 төгрөг илүү төлснөөр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, нэмэлт ажил хийлгэх, барилгын материал түрээслэх, түүний үнийг төлөхөөр тохироогүй гэж тайлбарлажээ.

Талууд “зөвшилцсөний үндсэн дээр гэрээнд нэмэлт оруулна, энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа бичгээр ирүүлэх”-ээр гэрээний 6.2, 6.3 дахь хэсэгт тохирсон байх ба туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын хэмжээ, нэмж хийх ажил, барилгын материал худалдан авах, түрээслэх талаар талууд тохиролцон гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байна.

Аж ахуйн нэгжүүд нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6-р сарын 18-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан Тооцооны үлдэгдлийн баталгааг НХмаягт Т-3 маягтаар 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлдэг байна.

Хэргийн 11-13 дахь талд авагдсан “Тооцоо нийлсэн акт”-ыг Л.С  гаргасан байх ба үүнийг 2 тал харилцан нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нийлсэн тооцооны акт гэж үзэх боломжгүйгээс гадна туслан гүйцэтгэгч компани гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхдээ Хэв хашмал ХХК-иас сэнс худалдан авах, сапуд түрээслэх, Э ХХК-иас сапуд түрээслэх, Б, М нараас үлээгүүр түрээслэхээр захиалагч Н ХХК-тай тохироогүй байна. 

Нөгөө талаас, Э ХХК-иас Нийслэл өргөө ХХК-д 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн 16/49 тоот албан бичигт “...яам нь хувийн хэвшлийн байгууллага болон хувь хүнээс түрээсийн бараа материал авч гэрээ хийж, тамга тэмдэг дарж болохгүй учраас танайх компани дээрээ гэрээ хийж дараах бараа материалуудыг зээлээр авч ажлаа дуусга, санхүүжилт орохоор түрээсийн төлбөрийг төлнө, яам түрээсийн мөнгийг бага багаар өгч байсан...” гэснээс дүгнэвэл нэмэлт ажил гүйцэтгэхдээ бараа, тоног төхөөрөмж худалдан авах, түрээслэх хэлцлийг гуравдагч этгээдтэй тохирсон гэж үзэхээр байна.

 

                                     Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Н ХХК нь ЭХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нягтлан Л.С нь гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс илүү 13 766 500 төгрөгийг шилжүүлсэн зөрчилд нь сахилгын арга хэмжээ авч ажлаас нь халсан” гэж тайлбарлажээ.

Л.С нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ 13 766 500 төгрөгийг Э ХХК-д илүү шилжүүлж байгууллагат хохирол учруулсан асуудал нь ажил олгогч Н ХХК, ажилтан Л.С нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн, түүнд хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг төлүүлэх талаарх маргаан байна.

Харин Э ХХК-д уг мөнгийг шилжүүлснээр түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэргийн 32-39 дэх талд авагдсан цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015/664 тоот актын /хх 87-89/ 40-53 дахь талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 115.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 492-р зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулахыг хүссэн Э ХХК-ний нэхэмжлэл, Э ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг гаргуулахыг хүссэн Н ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 226 783 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА