Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02717

 
     

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 15,132,840 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Гэвч уг орон тоог хассан гэж Улаанбаатар төмөр замын дарга 2016 оны 09 сарын 14-ний өдөр №Б-1-208 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг ажлаас халсан. Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн №102/1111112016/05685 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн №114 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн №001/ХТ2017/00214 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажилдаа орох, ажилгүй байсан хугацааны цалингаа авах гэж удаа дараа очиж уулзан, өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь шийдэж өгөхгүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд 2016 оны 11 сарын 14-өөс 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн цалин 15,132,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь УБТЗ-ын даргын орон тооны зөвлөл буюу хууль зүйн зөвлөхөөр ажиллаж байсан. Гэвч бүх орон тоог хассан гэх үндэслэлээр 2016 оны 09 сарын 14-ний өдөр Б1-208 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарч ажлаас халсан. Уг тушаалыг манай тал хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 5680 тоот шийдвэр, 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Давж заалдах шатны шүүхээс гарсан 114 тоот магадлал, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Дээд шүүхийн 214 тоот тогтоолоор ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацаа дууссан гэж байгаа боловч аль хугацааг хөөн хэлэлцэх хугацаа дууссан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа ажилд нь эргүүлэн тогтоохгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хэрнээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж цалинг нь өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа цалингаа нэхэмжлээгүй. Учир нь нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа тэтгэмж гэж өгсөн байсан энэ тэтгэмжийг  2016 оны 11 сарын 14 хүртэл хугацааны цалинд тооцоод цалин нэхэмжлээгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 11 сарын 09-ний өдөр гарсан. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдах болон дээд шүүхэд гомдол гаргасан. Ингээд 2017 оны 02 сарын 23-нд тогтоол гарч шүүхийн ажиллагаа дууссан. Дээд шүүхийн шийдвэрийг ямар ч байгууллага биелүүлэх үүрэгтэй. Энэ нь Үндсэн хуулийн 50.2.2, Шүүхийн тухай хуулийн 42.1-т тусгагдсан байдаг ч хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Ажилд нь эргүүлэн аваагүй. Ямар нэгэн байдлаар ажилгүй байсан үеийн олговор олгоогүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш хариуцагч талтай уулзаж, шуудангаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч холбогдож байсан ч хариуцагч тал нь тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Ингээд 2017 оны 05 сарын 30-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь ажилтны цалин бус, албан тушаалтны буруугаас ажилтан ажилгүй байсан хугацааны олговор байгаа. Ажил олгогчийн зүгээс дээрх буруутай үйл ажиллагаагаа засаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа. Хариуцагч тал ажилд аваагүй байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа нь эхлээгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь ажилд авсны дараа яригдах ёстой. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа эхлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2016 оны 11 сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн дундаж цалинтай тэнцэх олговор 15,132,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гарагсан тайлбартаа: Иргэн П.Х нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. П.Х-ын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Үүнд: П.Х нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. "УБТЗ" ХНН нь 2016 оны 09 дүгээр сарын 14-нд П.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан боловч тэрээр 2017 оны 06 дугаар сарын 30 -ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд П.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 15,132,840 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх зөвлөх П.Х-ыг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 09 сарын 14-ний өдрийн Б-1-208 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлснийг П.Х-ыг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Х-ыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын орон тооны зөвлөх зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 114 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00214 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-15 дугаар тал/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ннэхэмжлэгч П.Х-ыг ажилд томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаас хойш буюу 2016 оны 11 сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас шаардсаныг ажилгүй байсан хугацаанд тооцоно. 

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг түүний 1056731 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэн сүүлийн 3 сарын /2016 оны 06, 07, 08 дугаар сар/ цалин нийт 4,681,650 төгрөг : 3 сар = 1,560,550 төгрөг, ажилгүй байсан хугацаа 9 сар ажлын 15 хоног нийт 15,105,961 төгрөг байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд Нэхэмжлэгч П.Х-ын Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

 

            Иймд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 15,105,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгож, нэхэмжлэийн шаардлагаас үлдэх 26,879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчид нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 15,105,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,879 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд нэхэмжлэгч П.Х-ын Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,150 төгрөгөөс 233,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,535 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 233,480 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР