| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2021/1065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1140 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 18.7.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1140
2021 10 27 2021/ШЦТ/1140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2002 00000 0277 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
....
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.Б нь .... ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.С-гийн гуйлтаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж, ашиглуулан нийт 5.064.400 төгрөгийг компанийн “Голомт" банкны .... тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж өөртөө 920.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найздаа итгэсэн нь миний буруу” гэв.
Эрүүгийн 2002 00000 0277 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Би сар өдрийг сайн санахгүй байна. Манай найз Туул утсаар яриад ”бага хэмжээний мөнгө танай байгууллагын дансаар гаргах шаардлагатай байна туслаач” гэж гуйсан. Тэгэхээр нь би манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуй нэгж болохоор улсад төлөх ёстой татварыг нь төлөх ёстой шүү дээ гэхэд “төлнө” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Би тэр мөнгийг юуны мөнгө болохыг мэдээгүй, аж ахуйн үйл ажиллагааны төлбөр юм байх гэж бодсон. Ингээд манай компанийн “Голомт“ банкин дахь .... дугаарын дансанд 5.064.400 төгрөг шилжиж орсноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10 хувь болох 460.400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 10 хувь 460.400 төгрөг нийт 920.800 төгрөгийг суутгаж 4.143.600 төгрөгийг ”ХААН банкны ... дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцоход шаардлагатай бүхий л зардлуудыг Зэвсэгт хүчний жанжин штабаас тооцоо гаргаж ирүүлдэг юм. Миний ойлгож байгаагаар энэ тооцоог гаргаж ирүүлж байгаа эмнэлгийн хэлтсээс вакцины төсвийг эндээс гаргаж ирүүлсэн байх. Энэ оны 04-05 сарын үед Зэвсэгт хүчний Хяналт шалгалт үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа А манай хэлтэст хүрч ирээд вакцины үнийг эндээс гарган өгч өөр аж ахуйн нэгж рүү гаргадаг юм шиг байна гэж хэлсэн учир хэлтсийн даргын өгсөн уургийн дагуу би ажил уургийн хуваариар хариуцан ажилладгийн хувьд /Зэвсэгт хүчний хөгжлийн санг хариуцдаг/ вакцинжуулалтын санхүүгийн баримтад шалгалт хийсэн юм. Шалгалтаар нэр бүхий 6 аж ахуйн нэгжид шилжүүлсэн санхүүжилтийн төлбөрийн дунг гаргаж ирэхэд 264.099.900 төгрөг болж байсан бөгөөд ийм хэмжээний мөнгийг завшсан болох нь илэрсэн юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Он, сар, өдрийг нь тодорхой санахгүй байна. Надтай хамт Herbalife сүлжээнд явдаг Д.С гэх эмэгтэй тааралдаад “би нэг ажил хийсэн чинь мөнгөө гаргаж авч чадахгүй байна, та надад туслаач, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой компани байна уу” гэж асуухаар нь би юм бодолгүй найз Б руу утсаар ярьж “миний таньдаг охин мөнгө гаргуулах гэсэн юм гэнээ, татварыг төлнө гэнэ" гэхэд Б гуйж байгаа бол яах вэ дээ” гээд зөвшөөрсөн" гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай компанийн “Голомт” банкны .... дугаарын харилцах дансанд Зэвсэгт хүчний сангийн данснаас 5.064.400 төгрөг шилжиж орж ирсэн. Уг мөнгөнөөс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь болох 460.400 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 10 хувь болох 460.400 төгрөг нийт 920.800 төгрөгийг суутгаж аваад үлдэгдэл 4.143.600 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б гэх хүний ХААН банкны .... дугаарын данс руу шилжүүлсэн. Ямар учиртай хийгдсэн гүйлгээ болохыг манай захирал Б мэднэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх надтай хамт ажиллаж байсан Д Батлан хамгаалах яам руу нэхэмжлэх оруулаад өгөөч гэж гуйсны дагуу “...." ХХК болон Халдвар өвчин судлалын үндэсний төвийн нэхэмжлэхийн хамт яаманд оруулж өгсөн. Д надад энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлийн тушаалыг хуулбарлаж аваад хуулбарын хамт нэхэмжлэхээ өгөөрэй гэсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Ямар учиртай мөнгө вэ гэхэд вакцины мөнгө байгаа юм гээд, найз нь дундаас нь жоохон юм гаргасан юм гээд өгсөн... 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “....” ХХК-нд нэхэмжлэхийн үнийн дүнгээр 5.064.400 төгрөг шилжиж орсноос 20 хувь буюу 920.800 төгрөгийг компани суутгаж аваад 4.143.600 төгрөгийг манай нөхөр Б-гын дансанд шилжүүлж бэлнээр авсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 37-41, 42-45 дугаар хуудас/,
Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд С нэг компани олсон нь .... ХХК байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С-гийн данснаас миний данс руу 1.370.000 төгрөг орж бэлнээр 650.000 төгрөг авсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 33-36 дугаар хуудас/,
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Голомт банк дахь “.... ХХК-ийн ..... тоот дансаар гүйлгээ хийсэн баримтууд /1хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/З4 дүгээр шийтгэх тогтоол /1хх-ийн 196-231 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн
36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох
баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь ...." ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.С-гийн гуйлтаар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр өөрийн компанийн санхүүгийн баримт болох хоосон “нэхэмжлэх” дээр гарын үсэг зуран, тамга дарж, ашиглуулан нийт 5.064.400 төгрөгийг компанийн “Голомт" банкны ... тоот дансаар дамжуулан авч, С.Д, Д.С, С.Б нарыг санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашиглан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлж өөртөө 920.800 төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татварт төлөх шалтгаанаар суутган авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Б.Д, Д.С, М.А, Б.Т нарын өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Б-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төлбөр тооцооны хэрэгсэл болох санхүүгийн баримтыг хуурамчаар бэлтгэх ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Б-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Б-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Ялтан Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА