Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02804

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох, 24,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, түүний өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.М миний бие 2007 онд Д.М-той танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 04 сарын 10-нд охин М.С төрсөн бөгөөд Б.О гэх хүүхэн гарч ирэн. Манай гэр бүлд маш их асуудал үүсгэж, охин бид 2 маш их дарамт, доромжлол ирж байсан учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган албан ёсоор салж, 2013 оны 05 сарын 09-ний өдрийн 677 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.М нь охин М.С-ийг насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар сар бүр тэтгэлэг төлөхөөр болсон. Тэр цагаас хойш охин минь Ц.М миний асрамжид өсөж торниж байгаа бөгөөд 2015 оны 9 сард Ерөнхий Боловсролын Шинэ Монгол Сургуульд 1 ангид элсэн орж суралцсан. Энэ жил 2 ангидаа үргэлжлүүлэн суралцаж байна. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 06 өдрийн шүүх хурлаар, сургуулийн тухайн жилийн төлбөрөөс хамаарч тухайн он онд нь сургалтын төлбөрийг жичид нь нэхэмжилж байхаар талууд харилцан зөвшилцөлд хүрч эвлэрсэн бөгөөд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн102ШШ2016/02777 дугаар захирамжаар Д.М нь охин М.С-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тодорхой хувь болох 1,000,000 төгрөгийг төлсөн. 2016-2017 оны хичээлийн жилд М.С нь Ерөнхий Боловсролын Шинэ Монгол сургуулийн 2 ангид үргэлжлүүлэн суралцсан бөгөөд 2016 оны 9 сард Ц.М миний бие сургалтын төлбөр болох 4,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу Ц.М нь хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг Д.М-оос нэхэмжлэн авах эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний энэхүү хүсэлтийг хүлээн авч Д.М-ийн эцгийн үүргээ биелүүлэхэд тусалж охин М.С-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг Д.М-оос гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Тус шүүхэд Ц.М миний бие Д.М-д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. Миний охин М.С нь Шинэ Монгол сургуулийн 3 ангид одоо суралцаж байна. Тус сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт Ц.М миний бие 3,000,000 төгрөг төлж, Д.М нь 1,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн болно. Мөн 2016- 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт миний бие 4,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөрийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг Д.М-оос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02777 тоот шүүгчийн захирамжид ...сургалтын төлбөр зэргийг он, онд нь жичид нь нэхэмжилж байх нөхцөлтэйгөөр үлдээж .... хэмээн дурдаж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл Д.М нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэйгээ мэдэж байсан, тэр ч байтугай сургалтын төлбөрөөс гадна нэмэгдэл бусад төлбөрийг ч төлөх үүрэгтэйгээ маш сайн мэдэж байгаа атлаа цаг тухайд нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийн өөрт ногдох хэсгийг шилжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгч надад маш их хүндрэлтэй байна. Мөн Хариуцагч талаас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахдаа төлбөрийг бөөнд нь төлөх нөхцөлөөр эвлэрэх санал гаргасны дагуу охин М.С-ийн сургалтын төлбөрийг 2017 оны хичээлийн жилээс 2027 оны хичээлийн жилийг дуусах хүртэлх хугацааны нийт төлбөр 45,000,000 төгрөгөөс 50 хувь болох 22.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ингээд нийт 24,500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Д.М-оос гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.М-той 2006 онд танилцаж, 2009 оны 09 сард охин М.С төрсөн. 2012 оны 05 сард Чингэлтэй дүүргийн шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон бөгөөд тэр үеэс хойш тусдаа амьдарч байна. 2015-2016 оны охин М.С-ийн хичээлийн жилийн төлбөрийг 2016 онд нэхэмжилж авсан. Манай охин М.С нь Шинэ Монгол сургуульд сурдаг бөгөөд элсэлтийн шалгалт өгөхөд эхний 100 хүүхдээс 14-т жагссан. Би Д.М-той ярихад Д.М нь энэ сардаа сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байна. Гэхдээ 8 сард төлье, чи тэр хүртэл сургалтын төлбөрийг нь төлчих гэхээр нь би охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн. Гэвч Д.М нь дараа нь надтай холбогдоод хэрэв намайг хүүхдийн тэтгэмжээ авахаа зогсоовол охиныхоо сургалтын төлбөрийг жил бүр 50 хувиар нь тооцож өгч байя гэсэн боловч би үүнийг нь зөвшөөрөөгүй. Учир нь тухайн үед манай охин төрөл бүрийн дугуйланд явдаг байсан учир хүүхдийн тэтгэмжийг зогсоох боломжгүй байсан. Би 2016 онд сургалтын төлбөр 2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч Д.М-ийн эхнэр нь төрсөн гэсэн учир харж үзээд 1,000,000 төгрөгт эвлэрлийн гэрээ байгуулж дараа жилийн төлбөрийг нь харин ээж, аав нь яг 50 хувиар тооцож төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч Д.М нь энэ жилийн сургалтын төлбөрийг төлөхгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн учир шүүхэд хандсан байгаа. Би анх нэхэмжлэл гаргахдаа 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч нар жил бүр 2,000,000 төгрөг авч байхаар бүх төлбөрөө тооцоод авч болдоггүй юм уу гэхэд нь би тэрийг нь бодолцож үзээд охиноо 12 жилээ төгсөх хүртэл бүх төлбөрийг нэхэмжилсэн. Энэ жилийн сургалтын төлбөр 4,500,000 төгрөг болсон бөгөөд тус төлбөрийн 50 хувиар тооцож 11 жилийн сургалтын төлбөр 22,500,000 төгрөг үүн дээр нэмээд анх нэхэмжилсэн 2,000,000 төгрөгөө нэмээд нийт 24,500,000 төгрөгийг Д.М-оос нэхэмжилсэн байгаа. Энэ жилийн сургалтын төлбөр 4,500,000 төгрөгийг би бүрэн төлсөн. Сургууль нь 5 анги хүртэл нь яг 4,500,000 төгрөг байна гэсэн. Харин 6 ангиас хойш нэмэгдэх магадлалтай гэсэн ч би охиныхоо сургалтын төлбөрийг одоо байгаа 4,500,000 төгрөгийг 10 жилээр нь тооцож анх нэхэмжилсэн 2,000,000 төгрөгөө нэмж түүний 50 хувь буюу 24,500,000 төгрөгийг Д.М-оос нэхэмжилж байна гэжээ.

  

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.М нь нэхэмжлэгч Ц.М-тэй огт хамтран амьдарч байгаагүй билээ. Мөн нэхэмжлэгч Ц.М-тэй гэр бүлийн баталгаа байгаагүй, гэр бүл салгуулсан шүүхийн шийдвэр байхгүй байхад нэхэмжлэлдээ худал зүйл бичээд байгааг гайхаж байна. Ц.М нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 677 тоот Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч одоог хүртэл хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байна. Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Гэтэл нэхэмжлэгч Ц.М нь охин М.С-ийг анх сургуульд оруулахдаа надтай ярилцаж зөвлөлдөөгүй, миний санхүүгийн боломж бололцоо хэр байгаа талаар асуугаагүй өөрөө дур мэдэж өндөр төлбөртэй сургуульд оруулчхаад одоо намайг заавал сургуулийн төлбөрийн 50 хувийг төлж, хариуцлага хүлээх ёстой мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд одоо ам бүл дөрвүүлээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд сард олсон орлогоороо байрны лизингийн төлбөрөө төлж, мөн хүүхдийн тэтгэмжээ өгөөд үлдсэнийг нь ахуй хэрэгцээндээ зарцуулж заримдаа хүрэлцэхгүй үе ч их байдаг. Иймд Ц.М-ийн нэхэмжлэлийг хуулийн дагуу хянаж, үнэн зөвийг тогтоож, зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 05 сарын 09-ний өдрийн 377 дугаартай шийдвэрээр гэр бүл цуцлаагүй, зөвхөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр гэр бүл цуцлуулсан мэтээр бичсэн ч тийм зүйл байгаагүй, хамтран амьдрагч нар байсан. Тухайн үед Д.М нь тогтсон ажилгүй байсан учир хүүхдийн тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон. Өнгөрсөн жил нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн бөгөөд тухайн үед бусад гарсан зардлыг ойлгоод эвлэрсэн. Гэвч эвлэрсэн шийдвэрт тэр талаар дурдагдаагүй байгаа. Одоо Д.М нь 2 хүүхэдтэй бөгөөд том нь 2012, бага нь 2016 онд төрсөн. Д.М нь 2014 онд 20 жилийн хугацаатай зээл авсан бөгөөд 2034 онд зээлийн эргэн төлөлт нь дуусна. Өөрөө тогтсон ажилгүй, эхнэр нь 2 хүүхдээ хараад гэртээ байдаг тогтсон ажилгүй. Иймд шүүхийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 38.7, 40.2-т заасныг харгалзан үзнэ үү. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд 48.1-т заасны дагуу нэмэлт зардал гаргуулж болно гэдгээр нэхэмжилж байгаа гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 48-д зааснаар нэхэмжилж байгаа боловч яг энэ төлбөрийг гарга гэж зааж өгөөгүй гаргаж болно гэсэн заалт байгаа. Хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх төлөхгүй асуудалд маргаагүй. Бид ор тас сургалтын төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Гэхдээ хүүхдийн тэтгэмжээс гадна 1,000,000 төгрөгийг өгнө гэж байгаа нь хэн хэнийгээ бодолцсон, хүүхдийн ирээдүйг ч харсан явдал болохыг бодолцож өгнө үү. Энэ хүн хувийн бизнестэй байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй нийгэмд нийцүүлж л байх ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ хувийн ч байна уу хувьсгалын ч байна уу хамаагүй хаана сургах нь өөрийнх нь эрхийн асуудал. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон бага дунд боловсролын тухайд төрөөс үнэ төлбөргүй суралцах эрхтэй гэж заасан байдаг. Гэхдээ нийгмийн амьдрал болоод олж байгаа орлогын асуудалд анхаарч үзнэ үү. Манай талын зүгээс 2 жилийн сургалтын төлбөрийг нэг жилийн 1,000,000 төгрөг, 2 жилийн сургалтын төлбөрөөс нийт 2,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрч, цаашид жил бүр 1,000,000 төгрөгийг өгч явах боломжтой. нэг дор бүгдийг нь төлөх боломжгүй байгаа тул бидний саналыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Д.М-д холбогдуулан охин М.С-ийн Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2016-2017 оны сургалтын төлбөр 4,000,000 төгрөгийн 50 хувь 2,000,000 төгрөг, 2017-2023 оны сургалтын төлбөр 4,500,000 төгрөг х 10 жил = 45,000,000 төгрөгийн 50 хувь 22,500,000 төгрөг нийт 24,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.М нь охин М.С-ийн 2016-2017 оны сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг, 2017-2018 оны сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 22,500,000 төгрөгийг “...Ерөнхий боловсролыг төрөөс үнэгүй олгодог, хүүхдийн тэтгэлэг сар бүр төлж байгаа, төлбөртэй сургуульд суралцуулах талаар харилцан тохиролцоогүй, тусдаа гэр бүлтэй, банкны зээлтэй тул зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн102ШШ2016/02777 дугаар захирамжаар “...зохигч охин М.С-ийн сургалтын гэрээ, жилээс хамаарч эцэг Д.М-оос жич нэхэмжилж байх нөхцөлтэйгөөр үлдээж, М.С-ийн 2015-2016 оны “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд суралцсаны төлбөр 4,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,000,000 төгрөгийг 1,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч 1,000,000 төгрөгийг 2016 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.М-т төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 11-13 дугаар тал/ Уг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нар охин М.С-ийн 2015-2016 оны сургалтын төлбөртэй холбоотой маргаанд эвлэрснийг баталгаажуулсан байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно" гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад сургуульд орсон гэх үндэслэл хамаарч байгаа боловч Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно" гэж заасан тул нэхэмжлэгч нь охин М.С-ийг төлбөртэй сургуульд суралцуулсан нь тэжээн тэтгүүлэгч хүүхдэд нэмэлт зардал гаргах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт эцэг, эх нь хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, зөв дадал хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар зохицуулсан.

 

Өөрөөр хэлбэл эцэг эх хүүхдээ ямар сургуульд суралцуулах нь тэдний сонголт боловч, төлбөртэй сургуульд суралцуулах, төлбөр төлөх үүргийг хамтран хариуцах бол нэг талын хүсэлтээр бус, харин төлбөрийг хамтран хариуцах үүрэг бүхий нөгөө этгээдийн санхүүгийн чадвартай холбоотойгоор түүнтэй харилцан тохиролцох, хамтран шийдвэр гаргах замаар тэгш эрхтэй байж, ингэснээр тэдэнд хүлээх адил үүрэг үүснэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгч хүүхдийг төлбөртэй сургуульд суралцуулахдаа эцэг Д.М-той харилцан зөвшилцөж, үүрэг хариуцлагаа хуваарилахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, цаашид гарах зайлшгүй зардал гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Зохигч охин М.С нь эх Ц.М-ийн асрамжид байж, Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа,  хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй тухайд мараагүйг дурдав.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ийн 2016-2017 оны сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг, 2017-2018 оны сургалтын төлбөрт 1,000,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Д.М-оос 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.М-оос 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,550 төгрөгөөс 280,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 37,100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.М-оос 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР