| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2019/0881/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/854 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн
улсын яллагч Д.Агар
шүүгдэгч Н.Э
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903010260411 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 22-нд Ховд аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...................”-ын Улаанбаатар татах хэсгийн аж ахуйн цехэд кранчин ажилтай, ам бүл 2; хүүхдийн хамт .............. дүүргийн .......... дүгээр хороо, ............... дугаар гудамж ............ тоотод оршин суух, ялгүй, .................. дугаарын регистртэй, О овогт Нийн Э
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч Н.Э 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “................ ”-ын Улаанбаатар татах хэсгийн байранд тус цехийн кранчин У.Хтэй маргалдаж, улмаар шал угаадаг модоор толгойн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Маргах зүйлгүй тул дахин мэдүүлэхгүй. Ер нь бол Х өмнө нь намайг зодож цохиж байсан. Тэр өдөр ч бас хоорондоо хэрэлдэж маргалдсанаас ийм асуудал болсон. Гэхдээ би хүн цохьсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Одоо Х бид хоёр эвлэрсэн. Надаас нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч Уртнасангийн Х “... 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 10 цагийн орчим ажилдаа гарах гээд хүлээж байтал 3 номерын кран дээр ажилд гараарай гээд дуудагдсан. Тэр үед би хамт гардаг кранчин Эт би шөнийн ээлжинд 5, 6, 7 руу гарна, чи 3 руу гараарай гэж хэлэхэд Э чи мэддэг юм уу, чи ээлж зохицуулдаг болсон юм уу гэж хэлсэн. Би хариуд нь 3, 4 дүгээр кран дээр өдрийн ээлж гардаг шүү дээ гэхэд намайг хараагаад байхаар нь чи одоо юу гээд байгаан бэ гээд очиход шууд үснээс зулгааж дараад байхаар нь би хойшоо түлхээд угаалгын өрөө орж шалны мод аваад очиход чи намайг сайн зодоорой, чи намайг яахыг хараарай гээд байхаар нь би нэг удаа нуруун тус газар нь цохиход миний гарт байсан шалны модыг булааж аваад миний толгойн тус газар 2 удаа цохиод миний толгойноос цус гарсан” /хх-н 6-7/ гэж,
яллагдагч Нгийн Э “... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би бухимдсандаа хүн цохиж гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна” гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн хохирогч У.Хгийн гэмтэлтэй холбоотойгоор “... Хгийн биед зүүн зулайн хуйханд няцарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 10665 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 28/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч Н.Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Эт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Н.Э бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч У.Х “... миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 8/
Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Шүүгдэгч Н.Эийн гаргасан “... торгох ялыг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Олхон овогт Нгийн Эийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Н.Эт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр буюу сард 250.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Н.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Н.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шал угаадаг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Эт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ