| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02564/И |
| Дугаар | 102/ШШ2017/02675 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2017/02675
| 2017 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/02675 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9, Ж ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 21-845 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ГН77022200, Ватад овогтой С.А- холбогдох худалдах, худалдан гэрээний үүрэгт 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-, хариуцагч С.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С- нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулж, 240 000 төгрөгний үнэ бүхий NP-10 интернет төхөөрөмжийг авсан. Урьдчилгаа 20 000 төгрөг төлөөд үлдэгдэл мөнгийг 12 сарын хугацаанд сар болгон 20 000 төгрөг төлөхөөр тохирч гэрээг байгуулсан. С.С- нь гэрээ байгуулснаас хойш 5 сарын мөнгө 100 000 төгрөг төлсөн боловч үлдэх 120 000 төгрөгийг төлөөгүй. Төлөөгүй дүнд гэрээгээр тохирсон алдангийг 0.3 хувиар тооцож 60 000 төгрөг нийт 180 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч алдангиа хасаад 120 000 төгрөгийг С.С-гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийн гэрээ хийж төхөөрөмж авсан нь үнэн. Манайх гэртээ нэг ч хэрэглээгүй, Зүүн хараад байдаг дүүдээ өгсөн. Хэрэглэхэд интернэт нь удаан хэцүү юм байна гээд буцаагаад надад өгсөн. Төхөөрөмж бол одоо манайд байгаа. Манай дүү 5 сарын мөнгө төлсөн байсан. Төхөөрөмжийн мөнгийг тухайн үед бүрэн төлөөд авах чадалгүй байсан. Би утасдаад хэлэхээр буцаах боломжгүй гэсэн. Би одоо ажилгүй, 2 хүүхэдтэй, төлөх боломжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЖХХК нь С.С-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 120 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
ЖХХК нь С.С-тай 2014 оны 8-р сарын 22-ны өдөр 1132063 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж /хх-6-7/, 240 000 төгрөгний үнэ бүхий NP-10 интернет төхөөрөмжийг худалдах, худалдан авагч 20 000 төгрөг төлж, үлдэх 220 000 төгрөгийг 2015 оны 7-р сарын 17-ны дотор сар бүр 20 000 төгрөг төлөхөөр тохирчээ.
Худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 100 000 төгрөг төлсөн боловч үлдэх 120 000 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Харин нэхэмжлэгч гэрээгээр тохирсон алдангийг тооцож 60 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөрт 120 000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч “интернетийн хурд удаан байсан, эрхэлсэн ажилгүй” гэж тайлбарлаж байгаа нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.А-120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж ЖХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, С.С-гаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосгай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА