Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02735

 

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02735

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Г  -ХХК-ний  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:   Т. Ш -т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29 832 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Л.З,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Л.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Ш нь 2014 оны 7 дугаар сард Г  -ХХК-иас турба, сапуд, цагаан хавтан зэрэг 68 682 000 төгрөгний бараа материалыг зээлээр худалдан авсан. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр сапуднаас бусад 38 850 000 төгрөгийн бараа материалыг буцаан өгсөн байдаг. Гараар бичиж тооцоо нийлсэн бөгөөд одоо 29 832 000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч нь Г  -ХХК-иас аваагүй, Юун Бан Ну-гаас авсан гэж хэлсэн байсан. Г  -ХХК-ийг тухайн үед Юун Бан Ну төлөөлж байсан. Худалдаж авсан гэдгийг хэд хэдэн үйлдлээр нотлоно. Үүнд, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Орхон аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол байна. Т.Шнь “манай компани барилгын үйл ажиллагаа явуулдаг учраас зээлээр бараа авч цувуулж төлөхөөр шийдсэн гэсэн тайлбар өгсөн. Шилдэг бренд ХХК-ийн нягтлан н.Мэндбаярын тайлбар “Г  -ХХК-тай тохироод нэр заасан материалыг авсан нь үнэн” гэсэн байдаг. Бараа худалдаж авсан бол хэлэлцэн тохирсон үнийг төлөх ёстой. Иймд Т.Ш-аас 29 832 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлээ зээлээр худалдан авсан, худалдах, худалдан авах гэрээ гэж 2 өөр гэрээ ярьж байна. Тухайн үед цагдаад өргөдөл гаргаж, прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татагалзсан. Юун Бан Ну бол барилгын бизнес эрхэлдэг хүн бөгөөд тухайн материалыг барилгат ашиглатал хадгалаад өгөөчээ гэсэн, тэгээд буцаагаад авсан. Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Худалдах, худалдан авах гэрээг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хийдэг. Бичгээр хийсэн гэрээ байхгүй. Зээлээр бараа худалдан авч байгаа бол гэрээг бичгээр хийсэн байх ёстой. Энэ талаарх баримт компанид нь хадгалагдах ёстой, архивт санхүүгийн бичиг баримт заавал байх ёстой. Үүнийгээ нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Хэрэгт байгаа гэх баримт нь прокурорын тогтоол, нэг гар бичмэл байна. Гар бичмэлийг хэзээ хэн бичсэнийг мэдэхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Г  -ХХК нь Т.Ш-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29 832 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

  Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг хүлээдэг байна.

  Г  -ХХК нь Т.Ш-тай  68 682 000 төгрөгийн барилгын материалыг худалдахаар тохирсон, худалдан авагч нь үнийг төлөхөөр тохирсон, улмаар бараа материалыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй байна.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 02-р сарын 08-ны өдрийн 5/50 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /хх 5-6/, хэргийн 9 дэх хуудасны баримтыг гаргасан байна.

  Прокурорын тогтоол нь холбогдох хүмүүсээс тайлбар авч, тухайн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шалгаж шийдвэрлэсэн баримтаас гадна энэ тогтоол нь иргэний журмаар шийдвэрлэгдэх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт болохгүй.

  Түүнчлэн “нийт 68 682 000 төгрөг, сапуднаас бусад тооцоо дуусав” /хх 9/ гэсэн баримтууд нь Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6-р сарын 18-ны өдрийн 171/111 тоот тушаалаар батлагдсан “Зарлагын баримт”-ын шаардлагыг хангаагүй, хэзээ хэн үйлдсэн, хэний гарын үсэг болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь ч үүнийг хэн үйлдсэн, хэний гарын үсэг болохыг нотлоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэлээ.

   Нөгөө талаас, Г  -ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Мөнхзаяаг 2011 оны 11-р сарын 3-наас захирлаар, Д.Цэрэнпилийг 2016 оны 058-р сарын 08-наас захирлаар томилсныг бүртгэсэн /хх 4/ байх ба БНСУ-ын иргэнийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгээгүй, өөрөөр хэлбэл, Youn Bangnu-г тухайн компанийг төлөөлөх эрхтэй байсан  гэх үндэслэлгүй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Ш-аас  29 832 000 /хорин есөн сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Г  -ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА