Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 43

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

хохирогч “Ө” ХХК-ийн төлөөлөгч Ц.М,

яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Ч.М,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Б.Мд холбогдох эрүүгийн 1810015840557 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.М, 1986 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................................/;

Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө” ХХК-д борлуулагч жолоочоор ажиллах хугацаандаа:

2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 157.710 төгрөгийн барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд тооллогоор 810.815 төгрөгийн барааг тус тус дутаасан,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг байгууллагад тушаалгүй завшиж, “Ө” ХХК-д 1.589.855 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтас хэрэгт “Ө” ХХК-иас Б.М-нхариуцан ажиллаж байсан автомашинд үзлэг шалгалт хийсэн “Тооллогын комиссын протокол” гэх баримтыг нотолсон баримт нь хоёр өөрөөр авагдсан байна. Тухайлбал, хохирогч “Ө” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тооллогын комиссын протокол” /хх-142/, тус компанийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18/158 дугаартай Б.М-г ажлаас халах тухай тушаалыг /хх-28/ нотлох баримтаар гаргаж өгсөн бол яллагдагчийн өмгөөлөгч Ч.Мээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Тооллогын комиссын протокол” болон Б.М-нажлаас халах тушаалыг /хх-100-102/ тус тус гаргаж өгчээ.

Дээрх хоёр өөрөөр үйлдсэн “Тооллогын комиссын протокол” гэх баримтыг үндэслэж гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 152 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзнэ.

Иймд дээрх баримтуудыг ямар учраас хоёр өөрөөр үйлдсэн болохыг тодруулж, шалгах шаардлагатай.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Цоглог” дэлгүүрээс хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний буцаалт хийсэн 326.800 төгрөгийн барааг компани буцааж аваагүй тул автомашин дотор байсан. Иймд дээрх барааг дутсан тооцоонд давхардуулсан гэх яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Яллагдагчийн өмгөөлөгчийн дээрх нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэсэн атлаа тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, хэргийг шүүхэд ирүүлснийг тэмдэглэж, Б.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, яллагдагч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “Ө” ХХК-д борлуулагч жолоочоор ажиллах хугацаандаа:

2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 157.710 төгрөгийн барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд тооллогоор 810.815 төгрөгийн барааг тус тус дутаасан,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрий дуустал хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг байгууллагад тушаалгүй завшиж, “Ө” ХХК-д 1.589.855 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээс гадна “Шинэбаланс аудит” ХХК-ийн гаргасан тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлгийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон байхад шүүх тооллого хийсэн баримт, ажлаас халсан тушаалууд он, сар зөрүүтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Учир нь, Б.М-г ажлаас халсан тушаалын он, сар 2018 оны 5 дугаар сарын 14, 18 гэж өөр, өөрийг эрүүгийн болон иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг тушаалд Б.М-н ажлыг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгосон талаар ижил дурдсан. Мөн уг он, сарын зөрүүтэй байдлыг “Ө” ХХК-ийг төлөөлөн хохирогчоор оролцож байгаа Ц.Маас мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулсан ба шүүхийн хэлэлцүүлгээр дахин тодруулах бүрэн боломжтой юм.

Мөн “Тооллогын комиссын протокол”-ыг хэргийн оролцогч нараас гаргаж өгсөн байх боловч тооллогоор ямар байдалтай байсан нь өөрчлөгдөөгүй.

Эдийн засгийн шинжээчийн 152 дугаартай дүгнэлт нь дээрх ажлаас халсан тушаалын огноо, тооллого хийсэн протоколын огноо зөрүүтэй байгаагаас хамаарч өөрчлөгдөх үндэслэл болохгүй нь хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт эдийн засгийн шинжилгээ хийж 152 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээчийг оролцуулан, дээрх байдлыг тодруулан гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах, шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлэх, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Б.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тушаал, тооллогын комиссын протокол дээр огноо нь өөр байгаа боловч агуулгаараа ижил байгаа. Цоглог дэлгүүрийн буцаалтад зөвхөн хөөсөн чихэр байгаа. Орлогын дүнгээс хугацаа нь дууссан чихрийг буцаалтаар авахуулж, үлдэгдэл мөнгийг нь бүрэн тушаасан. 300.000 гаруй төгрөгийн дутагдалтай өглөөний хоол нь бол “Ариун туулай” ХХК-иас зөвшөөрөл авч буцаах баримт байхгүй. Тооллогын явцад хугацаа нь дууссан бараа гарч ирсэн. Баримтгүй учраас яллагдагч Б.М барааг өөрийн автомашиндаа байлгаж байгаад хугацааг нь дуусгасан. Б.М нь эд хариуцагч учраас бараагаа хариуцах ёстой байсан ...” гэв.

Яллагдагч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбар байхгүй ...” гэв.

Яллагдагч Б.М-нөмгөөлөгч Ч.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 5 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд ажлаас чөлөөлсөн тушаал болон тооллогын комиссын баримт маргаантай байгаа, ямар нэгэн зөрүү байхгүй гэж ярьдаг боловч тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын агуулгуудыг нэмсэн. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд Батболд болон Алтантуяа гэдэг хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авъя гэж удаа дараа прокурорт хүсэлт гаргасан боловч Алтантуяа гэдэг хүнийг ажлаасаа халагдсан гэдэг үндэслэлээр гэрчээр асуухаас татгалздаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад Алтантуяагийн утасны дугаар байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Б.Мд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхээс “Тооллогын комиссын протокол” гэх нэг үйл баримтыг нотолсон баримт нь хоёр өөрөөр авагдсан талаар тодруулах, “Цоглог” дэлгүүрээс хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний буцаалт хийсэн 326.800 төгрөгийн барааг хэрхсэн талаар нэг мөр шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.  

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт нь “Тооллогын комиссын протокол”-д үндэслэсэн эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Учир нь, “Тооллогын комиссын протокол” нь агуулгын хувьд ижил байгаа хэдий ч он, сар зөрүүтэй, сүүлд гарсан тушаал шийдвэрийг нөхөж бичсэн зэрэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байх ба хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэх нь эргэлзээтэй, дээрх эдийн засгийн шинжилгээ нь “Тооллогын комиссын протокол”-д үндэслэсэн эсэх, хэрэв үндэслэсэн гэж үзвэл хоёр өөр баримтаар дүгнэлт хийсэн нөхцөл байдал үүсэж байх тул шүүгчийн захирамжийг үгүйсгэх боломжгүй байна.

Мөн хугацаа дууссан шалтгаанаар буцааж өгсөн бараа бүтээгдэхүүн байгаа эсэхийг тогтоох нь хэргийн талаар заавал нотолбол зохих байдал мөн.

Шүүгчийн захирамжид дурдагдсан дээрх бүх үндэслэлүүдийг шалгахаас гадна дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.  

Тодруулбал, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Яллах дүгнэлтэд Б.М нь 2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 157.710 төгрөгийн барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд тооллогоор 810.815 төгрөгийн барааг тус тус дутаасан,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг байгууллагад тушаалгүй завшиж, “Ө” ХХК-д нийт 1.589.855 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч дээрх үйлдлүүдийн аль нь бараа, бүтээгдэхүүн дутаасан, аль нь завшсан гэдгийг ялгаж, салгасны эцэст Эрүүгийн хуульд заасан завших гэмт хэргийн шинжид хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлтээ үйлдэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, бараа дутаасан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжид хамаарахгүй бөгөөд тооллого, тооцоог үнэн зөв, эргэлзээгүй гаргасны эцэст гэмт хэргийн шинжийг тодорхойлох шаардлагатай.

Түүнчлэн, яллагдагч Б.М-ндутаасан, завшсан гэх мөнгөн дүнг тооцож үзэхэд 1.636.035 төгрөг болж байхад прокуророос 1.589.855 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоно” гэж заасныг зөрчиж, хохирлын хэмжээг бүрэн гүйцэд эргэлзээгүй тогтоогоогүй байна гэж үзэхэд хүргэв.

Иймд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1531 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН