Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0875

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0875

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ч-Э ХХК

Хариуцагч: М у З г, А м, г т г К х

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ч-Э ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.М, Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар маргаж байгаа. Манайх нөхөн олговор авах талаар хүсэлтээ бүх төрийн байгууллагад гаргадаг. Засгийн газар буюу Уул уурхай яамнаас тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоод хүчингүй болсон гэдэг. Манай буруутай үйл ажиллагаанаас болоод тусгай зөвшөөрөл хүчингүй болсон юм шиг ойлгогдож байгаа. Тусгай зөвшөөрөл биднээс шалтгаалж дуусгавар болоогүй гэдгийг шүүхээр тогтоолгох хүсэлттэй байна. Бид 004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Ч-Э ХХК-ийн эзэмшиж байсан 4167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 2002 онд олгогдоод 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. 2014 оны 02 дугаар сарын 25-нд үйл ажиллагаа зогсох хүртэл ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан. Хайгуулын лиценз болгох шатандаа байсан. Яагаад ашиглалтын лиценз авч чадаагүй вэ? гэхээр 2011 онд Засгийн газраас 101 дүгээр тогтоол гарсан. Тус тогтоолоор Амарбаясгалан хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосон. 4167 хайгуулын лицензийн талбай хамрагдсан. Хамрагдсан талаар Ашигт малтмал, газрын  тосны газраас мэдэгдэж байсан. Ингээд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Амарбаясгалан хийдийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо холбоотой тус тогтоол тухайн үед Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтыг ишилсэн байдаг. Энэ хууль дараа нь 2014 онд шинжлэн найруулагдаад шинэ зохицуулалт бий болсон. 2014 онд орсон шинэ зохицуулалт юу вэ? гэхээр хэрвээ хийдийн хамгаалалтын бүсэд орсон бол тэр талбай дээр нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг шууд хориглосон. Үүнээс өмнөх хуулинд шууд хориглоогүй учир маргаан байхгүй үйл ажиллагаа явуулаад байж байсан. Хамгийн гол нь тус компанийн асуудлыг хохирлыг шийдвэрлэх талаар 2013, 2014 онд албан бичиг явуулж байсан. Хариу нь шийдвэр гаргасан байгууллагад харилцан тохиролцоод нөхөн олговрыг асуудлыг шийдвэрлэх тухай хариу ирдэг. 2014 онд төлөвлөгөө тайлангийн асуудал яах вэ? гэж албан бичиг явуулдаг. Үүнд хариу ирүүлж байдаг. Хамгийн сүүлд Засгийн газарт гомдол гаргахад Уул уурхай яамнаас хариу албан бичиг өгсөн байдаг. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр албан бичигт танай талбай Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулиар тогтоосон хилийн заагт орсон байна. Түүнээс гадна Амарбаясгалан хийдийн хамгаалалтын бүсийн тогтоосон бүсэд орсон байна гэж дурдсан. Мөн түүнээс гадна танай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна гэж заасан байдаг. Ийм учир танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл тус компанийн талбайг буцаан аваад дараа нь болохоор та нар хугацаа дуусгасан танай лиценз дуусгавар болсон учир танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ийм учир бодит байдал дээр буцаагаад хугацаа сунгах гэж албан бичиг явуулж байсан боловч хүлээж авахгүй байсаар байгаад албаар хугацаа дуусгасан.

2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Хугацаа дууссан гэдэг хариу ирдэг учир 2014 онд батлагдсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага болохоор танайх өөрсдөө зүгээр байж байгаад хугацаа дуусгасан гэж хэлдэг учир хуулийн заалтыг бариад тус талбай дээр тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, харин Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолд заасны дагуу талбайг нь төр буцаан авсан учир цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох хүсэлттэй байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бидний ярьж байгаа хайгуулын 4167 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших хуулийн хугацаа 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Үүнээс өмнө 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 201103 тоот гэрээг 2012 02 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулж хоёр жилийн хугацаа сунгагдсан. Сунгагдах хугацаанд 2011 оны Засгийн газрын тогтоол гарсан талаар аж ахуйн нэгжид өөрт нь мэдэгдсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн сүүлийн хурал дээр яригдсан. Хариуг бид нар өгсөн. Давхцалтай байгааг мэдэгдэх нь бидний үүрэг юм. Давхцалтай байгаа талбай дээр нөхөн олговрын ярих асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний асуудал юм. Энэ талаар хуульд зохицуулсан харилцаа юм. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дүгээр тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж нөхөн олговор олгох тухай журмын 3 дугаар зүйлд нөхөн олговор олгохгүй байх нөхцөлүүдийг заасан. Үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа мэдсэн бол 90 хоногийн дотор хүсэлтээ Засгийн газарт гаргаж өгөх ёстой. Шийдвэрлээгүй орхигдуулсан гэж байна. Одоо болохоор өөрсдөө зүгээр сууж байгаад дуусгавар болгосон юм шиг яриад байгаа буруу байна. Манайх үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан харилцаа гэж яриад байна. Журмын 3 дугаар зүйлийн 3.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй бол гэж заасан. Мөн журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д заасан үүргээ биелүүлээгүй бол нөхөн олговор олгохгүй гэж  заасан. Бид нарын зүгээс гэрээ сунгагдах юм уу, гэрээ байгуулах үед давхцал байна гэж компанид мэдэгдсэн. Энэ талаар хавтаст хэрэгт баримтаар байгаа. Мэдэгдсэн байхад журманд заасан хүсэлтээ  Засгийн газарт ирүүлээгүй орхигдуулсан. Ингээд хөөн хэлэлцэх хугацааны асуудал гарч ирсэн. Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хууль болон 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын 101 дүгээр тогтоолтой давхцалтай байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д Засгийн газрын эрх хэмжээг зааж өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Засгийг газартай хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 19.2, 26.9-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Гэтэл мэдэгдсэн байхад энэ асуудлаа өөрсдөө шийдвэрлээгүй нь аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзэхээр байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг хангахгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.

Бичгээр гаргасан хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Тусгай зөвшөөрлийн тайлан мэдээ болон бусад зүйлийг авахгүй байсан гэдгээр тайлбарлаж байна. Лиценз анх 2001 оноос хойш эзэмшээд өөрөөр хэлбэл 2011 он хүртэл 10 жил эзэмшсэн. Энэ хугацаанд цаашаа явах эрх нь байж байгаа талаар харагдаж байгаа. Ашиглалтын өмнөх гэрээ гэж байгуулсан. Гэрээний хугацаанд үйл ажиллагаа хязгаарлах зохицуулалт байхгүй. Зөвхөн дэд бүтэцтэй холбоотой харилцаа байсан. Үндсэн хайгуул хийгээд ашиглалт болгоод явах эрх нь өнгөрсөн. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасныг үндэслэл болгоод хүчингүй болгох үндэслэл авч байгаа. 106.3.5-д эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэж заасан. Эндээс харахад арай өөр зүйл байгаа. Нэхэмжлэгч тал болохоор тогтоолоор батлагдсан Амарбаясгалан хийдийн хамгаалалтын талбайтай давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй гээд ямар нэгэн уялдаа холбоо харагдахгүй байгаа. Цаашлаад үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсныг тогтоолгох гэж байгаа. Өнгөрсөн, одоо ирээдүй цаг дээр гаргаж ирж тайлбар хэлэх үндэслэл харагдаж байна. Үйл баримт одоогоос 6, 7 жилийн өмнө болоод өнгөрсөн. Гэтэл хууль дээр одоо эрх зүйн харилцаа байгаа гэдгийг тогтоолгох агуулгаар тайлбарлах боломж байна гэж харж байна. Тухайн компанид тогтоолтой давхацсантай холбоотойгоор үйл ажиллагаа хязгаарлаж үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын хүрээнд хандана уу гэдэг агуулгаар мэдэж байсан нөхцөл байдал харагдаж байна гэж дүгнэх бүрэн боломж байгаа. Эрх зүйн харилцаа байсныг тогтоолгосноор ямар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч-Э ХХК-иас “Ч-Э ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан.

              Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч-Э ХХК нь ХҮ-015341 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Ч-Э ХХК нь  ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын  2006 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1319 дүгээр шийдвэрээр иргэн Ч.А гаас шилжүүлэн авсан бөгөөд, Ашигт малтмалын газрын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6-8534 дүгээр албан бичгээр уг тусгай зөвшөөрлийг 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 1 жилээр сунгасныг мэдэгдсэн,  2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хавсралтаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгажээ.

            Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталснаар Ч-Э ХХК-ийн  ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдсан байна.

            Ч-Э ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын Кадастрын хэлтэст “...хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрөл Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэрээр Амарбаясгалант хийд улсын тусгай хамгаалалтын газарт хамрагдсанаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж компанид хохирол учирч байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийг Ашигт малтмалын газрын 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6-2945 дүгээр албан бичгээр “...Танай компанийн эзэмшилд буй ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамрагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ... заасны дагуу шийдвэр гаргагч Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хоорондоо тохиролцон нөхөн олговрын гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй. Танай компанийн нөхөн олговрыг тус агентлаг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариу өгч шийдвэрлэжээ.

Ийнхүү Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ Засгийн газрын тогтоолын дагуу тусгай хамгаалалтад авсан талбайд Ч-Э ХХК-ийн ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай хамрагдсантай холбогдуулан тус компанийн нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг  Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өөрчлөгдсөн/ төлнө.” гэж заасны дагуу Засгийн газарт хандан шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нөхөн төлбөрийн асуудлаа Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, түүнчлэн шийдвэрлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байжээ.

            Ч-Э ХХК-ийн гаргасан “ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэл хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны сонирхол хэрхэн сэргэх талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлоогүй.                                                                                                         

          Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт эрх зүйн харилцаа байгааг тогтоолгосноор “...компанийн засаглал сэргэх, дахин захиргааны байгууллагад хандах боломжтой болох” гэж дурдсан боловч эдгээр эрх, ашиг сонирхол нь сэргэх боломжгүй.

            Тодруулбал, ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хариуцагч Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ мэдэгдэж байсан боловч ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр цуцлаагүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан үйл баримтаас шалтгаалан нэхэмжлэгчийн үйл ажиллагаа зогсоогүй, харин ч 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газартай Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хавсралтаар 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч Ч-Э ХХК-ийн гаргасан “...ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд буцаан авсны нөхөх олговорт ... талбай дүйцүүлэн олгох шийдвэрийг Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгааг хууль бусад тооцож, дүйцүүлэн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2019/5556 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/ШТ2019/0564 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хариуцагч Ашигт малтмалын газраас мэдэгдсэнээс хойш нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрх нээлттэй байсан бөгөөд эрх зүйн харилцаа байгааг тогтоосноор эдгээр эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй юм.

            Иймээс Ч-Э ХХК-ийн гаргасан “ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5-д зааснаар Ч-Э ХХК-ийн гаргасан “ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч-Э ХХК-ийн ХҮ-015341 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН