Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 158

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00829/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт холбогдох

          “Тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С-  түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С-ээс:

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийгмийн ажилтнаар ажиллах хугацаанд байгууллагын 7 хоног бүрийг мэдээ, сар бүрийн тайлан, улирлын тайлан, товч мэдээ, төсөл, төлөвлөгөө, судалгаа, тайлан гэх зэрэг бичиг хэргийн  ажлыг хийж өдөр бүр илүү цагаар суун ажилладаг байснаас гадна байгууллагын ерөнхий инженер Б.Батбаярт ажил үүргийн хуваарийг шинэчлээд өгөөч би зарим мэдээ тайланг хийж байя надад үлдсэн ажлаа хийх цаг гарахгүй байна гэж олон удаа хэлж байсан. Ажилд орсон өдрөөсөө хойш Нийгмийн ажилтан биш, бичиг хэргийн ажилтан хийж, цаасны тайлан бичиж, энэ олон хүний төлөө юуг ч хийх завгүй байгаадаа би харамсдаг байсан. Ерөнхий инженер Б.Батбаяр удахгүй    ажил    үүргийн   хуваарь   шинэчилнэ  гэж хэлдэг байсан болохоор тэвчээд ажилладаг байсан. Ажил үүргийн хуваарь буруу, урьдны шинэ залуу нийгмийн ажилтныг зөөлчилж бүх мэдээ тайлангаа хийлгээд сургачихсан бичигдээгүй хуулиас болж би үндсэн ажлаа хийх цаггүй байсан ба Ерөнхий инженер Б.Батбаяр даргын ажил үүргийн хуваарийг шинэчлэхийг хүлээж байсан. Ажиллаж байсан хугацаанд ажил таслах, ажлын хариуцлага алдаж байсан удаагүй. Ерөнхий инженер Б.Батбаяр нь Нийгмийн ажилтан ажлын дадлага туршлагатай, чадвартай, ямар ч ажил даалгасан цагт нь хийдэг, хамтарч ажиллахад нь амар байдаг гэж хэлдэг байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт орж туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 231.1-д зааснаар туршилтын хугацаа тогтоож болно гэж заасан заалтыг хариуцагч тал хэрэгжүүлээгүй, тушаалд тусгаагүй, хөдөлмөрийн гэрээнд ажилтны дадлагажих хугацаа 3 сар гэж заасныг туршилтын хугацаа заасан гэж үзэхгүй тул туршилтын хугацаагүйгээр гэрээ байгуулсан гэж үзнэ. Иймд тушаалд хууль буруу хэрэглэсэн, мөн 1 сарын хугацаанд ажилтанд сахилгын шийтгэл давхардуулан олгосон тул тушаал үндэслэлгүй гарсан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Д.С- нь НААҮГ-ын даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/60 тоот тушаалаар тус байгууллагын нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар 3 сарын туршилтын хугацаагаар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй буюу тус байгууллагын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх боломжгүй болсон. Д.С- нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүний нөөцийн менежер Б.Номин-Эрдэнийн шууд удирдлагад ажиллах ёстой бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд Б.Номин-Эрдэнийн зүгээс удаа дараа үүрэг даалгавар өгөхөд үл тоомсорлож, зохисгүй харьцдаг байсан. Нийгмийн ажилтан хүн байгууллага дотроо хамт олноо манлайлан ажиллаж эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллах, ажилчдынхаа ар гэр ахуй амьдралыг судлаж судалгаа бүртгэл гаргах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах үүрэгтэй байтал ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлдэггүй гадуур явж ажилчдын ажил амьдралтай нэг ч удаа танилцаагүй, ажлын 8 цагт конторт сууж ямар ч тодорхой ажил хийдэггүй байсан бөгөөд Д.С-ийг ажиллуулсан туршилтын 3 сарын хугацаа дуусах үед буюу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын удирдах ажилтны хурлаар хэлэлцэж Д.С- нь туршилтын хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж хуралд оролцсон ажилтнуудын олонхи нь дүгнэсэн тул Д.С-тэй цаашид хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар Д.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Д.С- нь туршилтын хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын даргын Б/89 тоот тушаалаар “Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан өдрүүдэд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүйн улмаас Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан мэдээг гаргаж өгөөгүй хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасны улмаас хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ болох сануулах арга хэмжээ авагдсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр Д.С- нь туршилтын хугацаанд ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3, 37.1.3, 38.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй  болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдсан гомдолдоо:

Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхад шүүх анзаарч үзэлгүйгээр хийсвэр ойлголтоор ажилтны дадлагажих хугацаа 3 сар гэж тусгасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:       

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь туршилтын хугацааны хугацаа дуусч хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

Нэхэмжлэгч Д.С- нь нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь туршилтын хугацаанд ажиллаж байгаагаа мэдээгүй гэж тайлбарладаг боловч 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ажилчдын хуралд  нийгмийн ажилтан Д.С-т гүйцэтгэх ажил, үүрэг болон туршилтын хугацааны талаар анхааруулж, хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан байдлаас үзэхэд туршилтын хугацааг мэдэгдээгүй гэх үндэслэлгүй. /хх-44/

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/60 дугаартай Д.С-ийг ажилд томилох тухай тушаалын 1 дэх заалтанд “Доржгочоо овогтой С-ийг ...нийгмийн ажил хариуцсан ажилтнаар туршилтын 3 сарын хугацаатай томилсон бөгөөд энэ тушаалыг үндэслэж нэхэмжлэгч Д.С-тэй 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба хариуцагч тал 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна. /хх-6/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Д.Саранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “дадлагажих хугацаа” гэж заасан нь туршилтын хугацаа биш гэж маргаж давж заалдах гомдол гаргасныг хянахад:

  1. Хариуцагч Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “....шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар ажиллуулж болно” гэсэн заалтыг баримтлан туршилтын хугацаа тогтоосон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.
  2. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-т шинээр ажилд орсон ажилтан 3 сар туршилтын болон сургалтын хугацаагаар ажиллана гэж заасныг ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмандаа туршилтын хугацааг тогтоож өгсөн  байна гэж үзнэ. /хх-46/
  3. Хариуцагч тал нэхэмжлэгч Д.С-ийг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар ажлаас түүнийг чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн ба дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй байна. /хх-6/
  4. Нэхэмжлэгч Д.Саранцэцэг нь ажиллах хугацаандаа буюу 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сахилгын шийтгэл хүлээсэн нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын Б/90 тоот тушаал зэрэг баримтаар тогтоогдсон ба Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг газрын дарга нь цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн бол туршилтын хугацааг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасантай нийцэж байна.
  5. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчдын дунд хөдөлмөрийн харилцаанаас үүссэн  маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧИД                                              Л.АМАРСАНАА

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ