Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00521

 

Т.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Т.Эгийн нэхэмжлэлтэй

“ГБ” ХХК-д холбогдох,

ГБны Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ГБ ХХК-ийн Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орсон. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр туршилтын хугацаа дуусч үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус банкны дотоод аудитын газраас шалгалт оруулж, дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр Т.Эг арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3 /Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан/ дэх заалт, ГБны Засаглалын кодексын Ёс зүйн кодын "Харилцан итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул ажлаас халах санал гаргасан. Улмаар дээрх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн ГБны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар ажлаас халах тухай тушаалаар Т.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох нь дараах нөхцөл байдлаас харагдаж байна. Үүнд: 1. Ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Тус заалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан. Гэтэл ГБ дээрх хууль зүйн үндэслэлээс алиныг нь баримталсан нь тодорхойгүй. 2. Тус тушаалд мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийн алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж дурджээ. Гэтэл менежер албан тушаалыг эрхэлж байсан Т.Эгийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод мөнгө хариуцах ажил үүрэг байхгүй. Түүний ажлын зорилго, чиг үүрэг нь банкны ВИП сегментийн бодлого, бизнес төлөвлөгөөний дагуу зорилтыг биелүүлэх, банк харилцагч хоорондын харилцааг нягт, эргэх холбоотой байлгаж, харилцагчийн банкнаас авах мэдрэмж, сэтгэл санааг нэмэгдүүлэх байдлаар банкны үр ашгийг өсгөх, судалгаа хийх, санал боловсруулах ажил юм. Гэтэл ямар үндэслэлээр Т.Эг мөнгө хариуцсан ажилтан болгож байгаа нь үндэслэлгүй байна. 3. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудас нь ямар зөрчил илрүүлсэн, илэрсэн зөрчил нь анхан шатны баримттай эсэх, тэрхүү зөрчил нь Т.Эд хамааралтай эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Т.Эг ажлаас халах ямар нэгэн шалтаг гаргахын тулд дотоод аудитын газраас шалгалт хийлгэж, зөрчил илрүүлсэн мэт харагдаж байна. Иймд ГБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугарын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ГБ ХХК-ийн Суваг удирдлагын газрын Хувийн банкны хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамаарах 2 зөрчлийг гаргасан. Энэ нь ГБны Дотоод аудитын газрын шалгалтаар батлагдсан. ГБны Дотоод аудитын газрын шалгалт ээлжит хуваарьт шалгалт байсан бөгөөд хэн нэгэнд зөрчил илрүүлэхээр хийгдсэн шалгалт биш болно. Иргэн Т.Э нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ГБны Хувийн банкны хэлтэст менежерээр ажилд орох хүсэлт гарган анкет бөглөж ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа дараах зөрчил гаргасан байна. -2018 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд зохион байгуулагдсан "Монголын нууц товчоо" үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг буруу хийж, давхцал үүсгэн, оролцоогүй харилцагчийг оролцсоноор, мөн тухайн өдрийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн тоог буруу бүртгэсэн. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан үнэнч шударгаар ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлээгүй зөрчил байсан. –“Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагч болох Б.Эрдэнэбилэгтэй хувийн харилцаа, найз нөхдийн холбоотой болох, ашиг сонирхол нэгдмэл болохоо илэрхийлээгүй. Б.Эрдэнэбилэг нь “Соломон инвестмент” ББСБ-ын эдийн засагч бөгөөд Т.Этай найз нөхөд, хамтарч ажилладаг, тухайн ББСБ-аас зээл авсан, мөн харилцан санхүүгийн гүйлгээ хийж мөнгө шилжүүлдэг болохоо нууж ашиг сонирхлын хамааралтай болохоо илэрхийлээгүй. /ГБны Засаглалын Кодексын Ёс зүйн код-1, 11- заалт/ -Т.Э нь 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 4 өдрийн ажлын ирцээ менежер С.Даваажаваар, 1 өдрийн ирцийг захирал Г.Баттулгаар бүртгүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, ГБны Хөдөлмөрийн Дотоод журам, мэдээллийн зохистой хэрэглээний журам зөрчсөн. Ийнхүү Т.Э нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т.Эг ГБ ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 109 072 төгрөгийг хариуцагч ГБ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т.Эгийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ГБ ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч ГБ ХХК-аас 144 695 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ГБ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч “ГБ” ХХК нь нэхэмжлэгч Т.Эг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 300 дугаар Гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугарын тушаалаар ажлаас халсан. Тус тушаалд Т.Э нь ГБны Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3 дахь заалт, Засаглалын кодексын Ёс зүйн кодын 1 дэх заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Дотоод аудитын газрын илтгэх хуудсаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж дурджээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ГБ нь Т.Эг дараах үндэслэлээр ажлаас халсан гэж ойлгохоор байна. 1. ГБны Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.18.3 /Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/ дахь заалтын зөрчсөн. Өөрөөр хэлбэл Т.Эг мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзсэн. Анхан шатны шүүх Т.Э нь мөнгө хариуцсан ажилтан биш тул энэ төрлийн ажилтан банкны итгэлийг алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаагүй болохоо тайлбарласан гэж дүгнэсэн. Учир нь нэг талаас Т.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод мөнгө эд хөрөнгө хариуцан ажиллах талаар чиг үүрэг байхгүй, нөгөө талаас хариуцагч ГБнаас энэ талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.18.3 дахь заалт үндэслэлтэй байгаа талаар огт дурдаагүй. 2. ГБны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 1 дүгээр зүйл /Харилцан итгэлцэл үндэслэсэн харилцаа/-ийг зөрчсөн. Тус зүйлд “ажилтан, банкны хоорондын харилцаа итгэлцэлд тулгуурлана. Бид албан үүргээ гүйцэтгэхдээ, харилцагч, хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа бие биендээ дээд зэргээр итгэж бүхий л чармайлтаа гаргаж ажиллана. Банкны эрх ашгийг хамгаалан бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулахын тулд бүтээлч, санаачлагатай ажиллаж, тодорхой хувь нэмэр оруулахад ажлын цагаа зарцуулна” гэж заажээ. Учир нь Дотоод аудитын газрын илтгэх хуудсанд Т.Э нь “Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчдын тоог бодит байдлаас зөрүүтэй бүртгэн буруу мэдээлж, зардлыг бодит бусаар нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх Т.Э нь уг бүртгэлийг хийж байгаагүй бөгөөд ямар баримтад үндэслэн дээрх бүртгэлийг хийсэн гэж ГБны Дотоод аудитын газар үзсэн нь тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ Т.Эгийн шууд удирдах албан тушаалтан болох Г.Баттулга дээрх бүртгэлийг заавал хийх шаардлагагүй тул бүртгэлийг давхар хянадаг байсан ч энэ асуудлыг зохих төвшинд чухалчилж үзээгүй талаар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна. Энэ нөхцөл байдлаас маргаан бүхий хугацаанд зохион байгуулагдсан Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцогчдыг менежер Т.Э бүртгэх үүрэгтэй байсан эсэх, бодитоор бүртгэсэн эсэх, илтгэлд дурдагдсан бүртгэл гэх жагсаалт нь бодит байдалд нийцээгүй явдалд нөхөж бүртгэх талаар удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх албан тушаалтан шууд гэм буруутай эсэхэд ГБны дотоод аудитын газар бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч дэмжин мэтгэлцээгүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Т.Э нь Монголын нууц уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагч болох Б.Эрдэнэбилэгтэй хувийн харилцаа, найз нөхдийн холбоотой болох, ашиг сонирхол нэгдмэл болохоо илэрхийлээгүй зөрчил гаргасан хэмээн дурдсан. Шүүх ГБны дотоод аудитын газрын уг зөрчилтэй холбогдуулан гаргасан дүгнэлтээ үндэслэсэн баримтаа хяналт шалгалтын илтгэл гаргах үедээ хууль ёсоор бүрдүүлсэн эсэхэд эргэлзэх үндэстэй гэж үзлээ. Учир нь зөрчилд холбогдогч этгээдүүдийг ГБинд эзэмшдэг дансны хуулгуудыг тэдгээрийн зөвшөөрөлтэйгээр олж авсныг гэрчлэх аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь банк өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагааны давуу байдлаа ашиглан дээрх мэдээллийг олж авсан гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ тохиолдолд банкны дээрх үйлдэл нь хувь хүний нууц, харилцагчдын хувийн эрх чөлөөнд халдсан үйлдэл байх боломжтой юм гэж тус тус дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх Т.Э нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хооронд зохион байгуулагдсан Монголын нууц товчоо уран зургийн Үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг буруу хийж, бүртгэл тайланг буруу мэдээлж зардлыг бодит бусаар нэмэгдүүлсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтан үнэн ч шударгаар ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнчлэн дээрх үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагч болох Соломон инвестмент ББСБ-ын эдийн засагч Б.Эрдэнэбилэгтэй найз нөхдийн холбоо хамааралтай болон тус ББСБ-аас зээл авсан, харилцан санхүүгийн төлбөр тооцоо гүйцэтгэн мөнгөн төлбөр хүлээн авсан зэрэг ашиг сонирхол нэгдмэл болохоо илэрхийлээгүй зөрчил гаргасан нь тус банкны дотоод аудитын газрын дүгнэлт, арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Б-Эрдэнэбилэгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Т.Эгийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. Мөн тус банкны дотоод аудитын газар нь хуулиар эрх олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт явуулж, холбогдох мэдээлэл гаргуулсныг хувь хүний нууц, харилцагчийн эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж буруутгах боломжгүй юм гэж тус тус дүгнэсэн. Гэтэл хариуцагч ГБ нь Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн нь ГБны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 1 дүгээр зүйл /Харилцан итгэлцэл үндэслэсэн харилцаа/-ийг зөрчсөн гэж нэхэмжлэгч Т.Эг буруутган мэтгэлцсэн байтал давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд заасан үнэн ч шударга ажиллах, байгууллагын хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулах үүргээ биелүүлээгүй гэж, мөн Б.Эрдэнэбилэгтэй арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээг нэхэмжлэгч Т.Э нь байгуулсан гэж үзэн ашиг сонирхлын зөрчилтэй мэтээр дүгнэсэн нь огт ойлгомжгүй байна. Учир нь Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээ нь анх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ГБны Санхүү, аж ахуйн хэлтсийн захирал Х.Пүрэвдорж баталж, хувийн банкны хэлтсийн захирал Г.Баттулга болон иргэн Б.Эрдэнэбилэг нарын хооронд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлаас өөр үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан төдийгүй арга хэмжээ зохион байгуулах гэрээ байгуулаагүй, байгуулах эрхгүй хүнийг ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй хэмээн гүтгэсэн. Үүнээс гадна энэхүү арга хэмжээ нь Т.Эг ажилд орохоос өмнө буюу 2017 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Угтаа бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзал гаргаж буй Засаглалын кодексын Ёс зүйн кодын 1 дүгээр зүйл үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой. Мөн анхан шатны шүүх Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Хувъ хүний нууцын төрөл/, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйл /Банкинд хориглох үйл ажиллагаа/-ийн 7.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйл /Банкны тухай хууль зөрчих/ болон Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/ гэж тус тус зүйл, заалтаар нэрлэн заагаагүй ч хариуцагч ГБийг өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны давуу байдлаа ашиглан дээрх мэдээллийг олж авсан байгаа нь хувь хүний нууц, харилцагчдын хувийн эрх чөлөөнд халдсан үйлдэл зүй ёсоор дүгнэсэн байтал давж заалдах шатны шүүх хуулийн дагуу олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн үйлдэл хэмээн хариуцагчийг хамгаалж буйд гайхаж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх ямар хуулиар хариуцагч харилцагчдын дансны мэдээлэлд халдаж, түүнийг ашиглаж, бусдад задруулж болох эрх олгогдсоныг огт дурдаагүй байна. Хэрвээ давж заалдах шатны дүгнэлтийг зөв ойлгосон бол хариуцагч ГБ хүссэн үедээ хэний ч дансны мэдээллийг хянан шалгаж, харилцагчид хэрхэн гүйлгээ хийж буй талаар гуравдагч этгээдэд нотлох баримт болгон задруулах бүрэн боломжтой гэж үзэхээр байна. ГБны Зохистой хэрэглээний журмын 2 дугаар зүйлийн 2.2.2 /Мэдээллийн системийн хэрэглэгчид нь шууд, шууд бусаар өөр ажилтанд өөрийн хандалтын эрхүүдээ шууд дамжуулахыг хориглох ба хэрэглэгч өөр ажилтны хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглахыг хориглоно/ дахь заалтыг зөрчсөн. Учир нь менежер Т.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагаас хожимдон, ирцийн бүртгэлийг бусад хүнээр бүртгүүлсэн гэжээ. Анхан шатны шүүх хариуцагч ГБны гаргаж өгсөн ирцийн бүртгэлийг баталгаажуулсан үр дүн гэх хүснэгт болон гэрч Г.Баттулгын мэдүүлэг зэргээс дүгнэвэл Т.Эгийн 192.168.93.46 гэх IР хаягтай компьютер асаалттай үед тус компьютерээр дамжуулан Г.Баттулга нь өөрийн алсын зайн эрхээ ашиглан системд нэвтрэн бүртгүүлсэн байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд Г.Баттулгын рэмөүт ашиглан системд нэвтэрсэн IР хаяг нь Т.Эгийн компьютерийн IР хаягаар харагдана гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байхын зэрэгцээ түүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан баримтад дурдагдсан С.Даваажав болон Т.Э нарын компьютерийн IР хаяг, системд нэвтэрсэн нөхцөл байдлын хувьд Т.Э болон С.Даваажав нарыг буруутгах зүйл байхгүй, энэ асуудлаар зөрчил үүссэн гэж үзээгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан гэж тус тус дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх хувийн банкны хэлтсийн захирал Г.Баттулга, менежер С.Даваажав нарын системд нэвтрэх нэр, нууц үгийг шилжүүлэн авч ирцийн бүртгэлийг өмнөөс нь хийж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагаас хожимдож ажил тасалсан гэх зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Э энэхүү зөрчлийг гаргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхдээ дараах нөхцөл байдлыг огт анхааралгүй орхисон. Үүнд:1. Т.Эг ажлаас халах тушаалыг ГБны гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугар гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 болон ГБны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3-т ажлаас халах сахилгын шийтгэлийг ажил олгогч буюу гүйцэтгэх захирал оногдуулах бүрэн эрхтэй. Түүнээс биш хэн нэгэн өөрийн дураар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй. Хавтаст хэрэгт авагдсан ГБны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Т.Эд сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Ө.Ганзориг байсан байна. Өөрөөр хэлбэл ГБны гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугар нь энэхүү байгууллагын ажилтан болохоос ажил олгогч биш бөгөөд тухайн байгууллагын нэг ажилтан нөгөө ажилтнаа ажлаас халах ойлголт байхгүй юм. Эцэст нь дүгнэхэд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Эгийн нэхэмжлэлийн эсрэг гаргасан хариуцагч ГБны татгалзал, түүнийг нотлох баримтад байхгүй үндэслэлээр магадлал гаргасан бөгөөд Т.Эг ажлаас халах бүрэн эрхтэй этгээд хэн болох талаар буюу 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг огт анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийг, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа “ажилтан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлийг заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Хоёр шатны шүүх “ажилтан ноцтой зөрчлүүдийг гаргасан эсэх” талаар нотлох баримтыг өөр өөр үнэлснээс зөрүүтэй шийдвэрийг гаргасан байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх ГБны дотоод аудитын газрын 2019 оны 4 сарын 26-ны өдрийн дүгнэлтээр ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон гэж үзэхдээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, албан тушаалын чиг үүрэг, аудит дүгнэлт гаргахдаа ямар баримтад үндэслэсэн талаар холбогдох баримтыг харьцуулан дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй ГБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.2.23, 4.2.12, тус банкны Зохистой хэрэглээний журмын 2.2.2  дэх хэсгийг баримталж, Т.Э нь хувийн банкны хэлтсээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцогчдын бүртгэлийг бодит бусаар хийн, тайлан мэдээг буруу мэдээлэх зөрчил гаргасан, хэлтсийн захирал Г.Баттулгын системд нэвтрэх нэр, нууц үгийг шилжүүлэн авч ирцийн бүртгэлийг өмнөөс нь хийсэн зөрчил гаргасан гэж, Т.Эг ГБны Суваг удирдлагын газрын Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалаас халжээ.

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын хугацаанд Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон банкны вип харилцагчдын бүртгэлийг Т.Э хийсэн гэж ГБны дотоод аудитын газрын дүгнэлтэд дурдсан боловч уг ажлыг түүнд хариуцуулсан гэх байдал тогтоогдоогүй, ажлын байранд аль нэг компьютер асаалттай үед аль ч ажилтан өөрийн алсын зайны эрхээ ашиглан системд нэвтрэх боломжтой байдаг тул Т.Эг хэлтсийн захирал Г.Баттулгын системд нэвтэрч, нэр, нууц үгийг ашигласан зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Т.Э нь ажлын байрны тодорхойлолтын дагуу олон улсын туршлага, чиг хандлагын талаарх судалгаа, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, түүнийг банкинд буулгаж үйл ажиллагааг сайжруулах боломжийг танилцуулах, ВИП сегментийн зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөгчийн судалгаа хийх нэгтгэн дүгнэх, танилцуулах, Стратеги болон борлуулалт, маркетингийн дэд сегментээрх харилцагчийн судалгаа хийх, эрэлт хэрэгцээг тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэлт, харилцагчийн орох гарах урсгалыг тодорхойлох, хянах, нэгтгэн дүгнэх, танилцуулах, ВИП сегментэд чиглэсэн бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, холбогдох чухал мэдээлэл, know-how судлах, танилцуулах чиг үүрэгтэй байх ба банкнаас зохион байгуулсан дурдсан арга хэмжээнд бүртгэл хөтлөх үүрэгтэй байсан болох нь баримтаар нотлогдоогүй байв.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, сахилгын ноцтой зөрчил, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон эсэх зэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69, 46 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА