| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/03264/И |
| Дугаар | 2879 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2879
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрхан 1-25 тоотод оршин суух, Сахалт овогт Отгон-Ерөөлтын Бямбадулам /РД:ЦВ80030162/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13/В-113 тоотод оршин суух, Сэд мээрэн овогт Дамдинсүрэнгийн Хосбат /РД:ЧИ82053017/-д холбогдох,
Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б , хариуцагч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б би Д.Х тай 2007 онд АНУ-д сурч байхдаа танилцаж улмаар хамтран амьдарч байгаад 2008 оны 11 дугаар сарын 29-ний өдөр хүү Хосбатын Энхбилгүүн төрсөн. Бид гэрлэлтээ АНУ-ын Вашингтон хотод байрлах Монгол улсын Элчин сайдын яамаар дамжуулан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 7 дугаар сард бид хоёр Монгол улсад ирсэн. Ингээд бид гурав миний төрсөн эцэг, эхийн хамт амьдарч байсан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай аав Д.Отгон-Ерөөлттэй муудалцаад хувцасаа аваад явсан. Үүнээс хойш нэг ч удаа ирээгүй. Би 2016 оны 9 болон 10 дугаар сард нөхөр Д.Х ыг “...гэртээ хүрээд ир, аавтай таарахгүй байгаа бол гурвуулаа тусдаа амьдаръяа” гэж зөндөө гуйсан боловч эргэж ирээгүй. Дараа нь 2016 оны 12 сард манай аав Д.Отгон-Ерөөлт нь нөхөр Д.Х аас “...аав нь согтуудаа олон юм ярисан байнаа, уучлаарай, надаас болоод та хоёр салаад яахав гэртээ хүрээд ир” гэсэн. Гэтэл Д.Х “...би тэр маргааныг мартсан,” гэж хэлсэн боловч гэртээ эргэж ирээгүй. Гэрээсээ явсанаасаа хойш 2017 оны цагаан сараар аав, ээжтэй ирж золгохдоо хүүхэдтэйгээ нэг удаа уулзсан бөгөөд үүнээс өөрөөр нэг ч удаа хүүхэдтэйгээ уулзаагүй, анхаарал халамж тавиагүй. 2017 оны 3 дугаар сард аав Отгон-Ерөөлт нөхөр Д.Х ыг дуудаж уулзан “...гэр орондоо ир, эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдар” гэж хэлсэн. Тэгсэн ч нөхөр маань гэртээ ирээгүй. Нөхөр Д.Х 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ явсанаас хойш хүү Х.Энхбилгүүн ээж О.Б миний асрамжинд өсөн хүмүүжиж байна. Миний зүгээс Д.Х тай цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Х.Энхбилгүүнийг өөрийн асрамжинд үлдээж Д.Х аас хүүхэддээ 18 нас хүртэл нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х миний бие О.Б ын гаргасан нэхэмжлэлийн дагуу Х.Энхбилгүүнд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Х.Энхбилгүүнийг О.Б ын асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.Х ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
О.Б , Д.Х нар нь 2007 онд танилцан хамтран амьдарч эхлээд 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Энхбилгүүн төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 4 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, 2016 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хүү Х.Энхбилгүүн одоо 8 настай, ба эх О.Б ын хамт амьдарч байх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа байдал болон хүү Х.Энхбилгүүн эхийнхээ асрамжид үлдэх тухай саналыг шүүхэд гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Энхбилгүүнийг эх О.Б ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Д.Х нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг Д.Х аас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Х.Энхбилгүүнийг тэжээн тэтгүүлж шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сахалт овогт Отгон-Ерөөлтын Бямбадулам /РД:ЦВ80030162/, Сэд мээрэн овогт Дамдинсүрэнгийн Хосбат /РД:ЧИ82053017/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Х.Энхбилгүүнийг эх О.Б ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү Х.Энхбилгүүнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Х аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгосугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА