Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1556

 

 

 

2018           11               16                                                    2018/ШЦТ/1556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07131 1769 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн орчимд А.Мтай маргалдаж, түүнийг цохиж, эрүүл мэндэд хөнгөн

 

хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч А.Мын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч А.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Г.Г чи ер нь яг юу болоод байгааг мэдэж байна уу? гэхэд би чамд тайлагнах албагүй гэтэл чи яагаад эхнэр хүүхэд авж яваад байгаа юм бэ гэхээр нь би тайлбар хэлээгүй. Би Г.Гт чи яагаад зүгээр байгаа хүмүүсийг хардаад байгаа юм бэ гэхэд шөнө орой залгаад байхаар зүгээр юм уу гэж хэлээд л цохисон. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс салгасан. Би гар хүрээгүй. Миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би газар унах үед хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 10677 дугаартай:

А.Мын биед зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, баруун тохой, баруун гарын сарвуунд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/

 

Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн:

 

А.М танай эхнэр чинь надруу өдөр шөнөгүй залгадаг байсан гэхэд нь миний уур хүрч хацар руу нь гараараа цохисон. Тэр үед газар уначихсан. Тэгээд би 1-2 удаа өшиглөөд удалгүй салсан. А.Мөнбатын биед учирсан гэмтлийг би учруулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 17, 54/

 

-гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Гын иргэн А.Мын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нь ШШҮХ-д үзүүлэхэд төлсөн 8.000 төгрөг, толгойн КТГ-ийн зураг авахуулсан 120.000 төгрөг, ажилаагүй 2 өдрийн цалин 264.803 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүхээс 128.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгчээс гаргуулж, бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Учир нь хохирогч нь 2018 оны 08 дугаар сарын 30 болон 31-ний өдрүүдэд Капитрон банкны чөлөөний хуудсаар чөлөө авсан байна. Харин ямар шалтагааны улмаас чөлөө авсан болох нь тодорхойгүй байх ба шүүгдэгч Г.Гын үйлдэлээс шалтгаалан бие нь гэмтэж өвчилөн чөлөө авч байгаа бол эмч, эмнэлгийн байгууллагын магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөх ба ийм тохиолдолд хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинг олгох хууль зүйн зохицуулалттай болно. Мөн тус хэрэг нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад буюу тухайн өдрийн ажилын цаг дууссан үед үйлдэгдсэн байгааг харгалзав.

 

Хохирогч А.М нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,

 

шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг хохирогчийн гэмтсэн үеийн гэрэл зургийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч А.Мын зүй бус үйлдэл болох урьд нь хэлж сануулсан байхад шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэртэй нь уулздаг, шүүгдэгч Г.Гыг ажилдаа явсан хугацаанд эхнэрийг нь дагуулан амралтын газар очиж амрах, аялалаар явах зэрэг үйлдэлийг удаа дараа давтан гаргасан нь нөлөөлсөн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас хохирогч А.М нь шүүгдэгч Г.Гын эхнэртэй уулздаг болох нь тогтоогдож байх ба хохирогч нь үүнийг үгүйсгээгүй болно.

Шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэгээс Г.Г болон түүний эхнэр, хүүдүүд нь тус тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч С овогт Гийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

    1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
 
      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гаас 128.000 төгрөг гаргуулж хохирогч А.Мад олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.М нь хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг гэрэл зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БААСАНБАТ