Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгч Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 1919000000219 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөөний гудамжны 36 дугаар байрны 9 тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 03 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, М овогт Б-ийн Б, регистрийн дугаар РД:ЕЛ96011610

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Сидней” караокены орчим хохирогч Г.Баатармөнхийн “Huawei 6” маркийн гар утас, 20 000 төгрөгийг илээр, хүч хэрэглэн довтлох аргаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 8 цагийн орчим өөрийн найз болох Мөнх-Эрдэнэ , Одхүү нартай Сидней караоке орж хүн, хүний 2 пиво авч уугаад сууж байсан. Тэгээд гаднаас Баатармөнх орж ирээд хажуу талын ширээнд суусан. Мөн удалгүй Баатармөнхийн ээж ажлынхантайгаа орж ирж суусан. Тэгээд Баатармөнхтэй хамт явж байсан найз нь миний хийсэн 3 дууг эхэлж байхад нь зогсоогоод байсан юм. Тэгээд гарч тамхилчаад орж ирсэн чинь Баатармөнх нь ээжийгээ үг хэлээр доромжлоод байхаар нь болиоч гээд дундуур нь орсон, тэгсэн намайг таниад хамт ариун цэврийн өрөө ороод хамт бааранд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шил архи аваад өгчих манай хамт явж байгаа ах өнөөдөр аав болсон юм гэж хэлсэн чинь “за тэгье” гэсэн. Тэгээд байж байгаад гэнэт миний өөдөөс томроод чи намайг таних уу, би чамайг хүмүүс дуудаж зодуулна гээд байхаар нь би 75 худалдааны төвийн хойд талын харанхуйд Баатармөнхийг дагуулан орж юм ярьж байгаад 75 худалдааны төвийн махны лангуу руу ордог шатан дээр аваачиж 2, 3 удаа цээжин тус газар нь цохисон. Тэгээд баруун гар талдаа барьсан “HUAWEI-6” маркийн гар утсыг нь булааж аваад мөн түрүүвчнээс нь виза картыг нь авч пин кодыг нь хэлүүлээд “Сидней” худалдааны төвийн ATM орж данснаас нь 20 000 төгрөг авсан. Тэгээд Баатармөнхөд виза картыг нь буцаан өгч гар утсаа маргааш аваарай гэж хэлсэн…” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би манай ах аав болсон гэж хэлээд ганц шил архины мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь Баатармөнх буюу гар утасны эзэн “би бааранд ороод ганц шил архи аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд байж байгаад гэнэт миний өөдөөс томроод чи намайг таних уу, би чамайг хүмүүс дуудаж зодуулна гээд байхаар нь би 75 худалдааны төвийн хойд талын харанхуй руу Баатармөнх буюу гар утасны эзнийг дагуулан орж юм ярьж байгаад 75 худалдааны төвийн махны лангуу руу ордог шатан дээр аваачиж 2, 3 удаа цээжин тус газар нь цохисон. Тэгээд баруун гар талдаа барьсан “HUAWEI-6” маркийн гар утсыг нь булааж аваад мөн түрүүвчнээс нь виза картыг нь авч пин кодыг нь авч “Сидней” худалдааны төвийн ATM орж данснаас нь 20 000 төгрөг авсан. Тэгээд “HUAWEI-6” маркийн гар утасны эзэн буюу Баатармөнхөд виза картыг нь буцааж өгч гар утсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг / ххийн 28-30 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Сидней худалдааны төвийн хажууд байрлах нийтийн караокед найз Амарбаясгалангийн хамтаар орж пиво уусан. Тухайн үед караоке дотор Батхүүтэй таарсан. Батхүү нь танихгүй 2 залуутай хамт явж байсан. Бид нартай хамт суух гээд байх шиг байхаар нь би өөрийн найзын хамтаар караокенаас гараад Амарбаясагалан бид хоёр салаад би гэр рүүгээ урагшаа гараад алхаж, байтал Батхүү нь танихгүй 2 залуугийн хамтаар дуудсан. Би Батхүү дээр очиход надаас мөнгө байна уу гэж асууж, цааш жоохон алхаад харанхуйд орж, миний куртик болон өмдний халаасыг нэгжиж миний “Huawei-6” гар утсыг аваад, савхин куртикны дотор баруун халааснаас түрийвч аваад виза карт авч, картны кодыг асуусан. Би хэлэхгүй гэтэл миний цээжрүү зүүн гараараа 2 удаа цохисон, мөн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд виза картнаас 20 000 төгрөг аваад карт буцаан өгөөд хамт явсан 2 залуугаа дуудаж, гурвуулаа Номин худалдааны төвийн зүг зүүн тийш гараад явсан...Намайг гомдол гаргаснаас хойш 2 хоногийн дараа дуудаж, Энхмөрөн гэх цагдаа мэдүүлэг авсан. Би мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан. Тухайн цагдаа мэдүүлэг авсны дараа 2 танихгүй хүн байлгаж байгаад надад миний гар утас болон гаднах гэр, 20 000 төгрөг өгсөн. Би өөрийн эд зүйлээ авч гарын үсэг зурсан. Анх мэдүүлэг авсан цагдаагаас өөр мөрдөгч утсаар ярьж, намайг Дорноговь аймгийн цагдаа дээр ир гэж хэлсэн...Би муухан бичиг үсэг мэддэг юм. Би бүүр анхнаасаа ер нь Баатархүү гэж бичээд сурчихсан юм. Би бүх юман дээр л Баатархүү гэж гарын үсэг зурдаг юм... Надад гомдол санал байхгүй. Би өөрийн гар утас болон мөнгийг авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцож чадахгүй...’’ гэсэн мэдүүлэг /xx-ийн 36-40, 108-109 дүгээр хуудас/

Гэрч У.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Баатармөнх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим дуудаад найз Баатармөнхийн гэр болох 6 баатрын ард 2 литрийн сэрүүн пиво 4 ширхэгийг уугаад, дараа нь Сидней караокед 0.5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 шилтэй пиво уусан. Караокед байхад хажуу талын ширээнд сууж байсан, би сайн танихгүй, нэрийг нь Батхүү гэж байсан. Нөгөө хоёр залууг нь би танихгүй... Караокед байхад Баатармөнх Батхүү хоёр юм яриад байсан. Тэгээд тухайн 3 залуу караокенаас Баатармөнх бид хоёроос түрүүлээд гараад явсан. Бид хоёр араас нь гараад Баатармөнх бид хоёр гэр гэртээ харихаар караокены үүднээс салсан... Би Баатармөнхийг дээрэмдүүлсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын сарын 26-ны өглөө мэдсэн. Баатармөнх миний 89990257 дугаарын утасруу өглөө 08 цагийн орчим залгаж хэлсэн. Баатармөнхтэй уулзахад дээд уруул нь хавдчихсан байсан ба өөрийн ‘’Huawei 6” маркийн гар утсаа дээрэмдүүлсэн, виза картанд байсан 20 000 төгрөгөө дээрэмдүүлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 4-5 дугаар хуудас/

Гэрч Г.Мөнхбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз А.Мөнхэрдэнэ, Э.Мөнхэрдэнэ нарын хамт хоёр лаазтай “Хайт” пиво уусан. Тэр хоёр найзаасаа салаад сидней караоке ороход суудал байхгүй гэхээр нь Батхүүгийн ширээнд суусан. Тэгээд нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи худалдаж аваад уугаад байж байтал Батбаяртай таараад, Батбаяр, Батхүү бид 3 хувааж уучихаад тэндээс гарсан. Тухайн үед би нилээн согтуу байсан. Тэгээд Батхүүг хүнтэй маргасан болон утас авсан талаар мэдээгүй. Би сидней караокены урд байж байхад Батхүү хайчсан нь мэдэгдэхгүй байж байгаад хүрээд ирсэн...тухайн өдөр би Сайншанд суманд гэртээ байж байгаад хүүхэдтэй болоод сэтгэл жоохон хөөрөөд 22 цагийн орчимд Сидней гэх караоке рүү өөрийн найз Э.Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй орсон юм. Бид хоёр явж ороод 0.5 литрийн хэмжээтэй соёрхол нэртэй архи аваад тэнд суугаад Мөнх-Эрдэнэ 2-3 удаа рүнкэнд хийж тулгаж уусны дараагаар Э.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин тэр Сидней караокед миний эртний танил болох Алтанширээ сумын харъяат Батбаяр гэдэг найзтайгаа таарсан. Тэр үед Батбаяр ганцаараа явж байх шиг байсан. Тэр караоке нь нийтийн караоке болохоор багадаа бас хамт дуулж, уралдаан тэмцээнд оролцож явсан болохоор хамт суугаад дуу дуулсан. Тэгж байтал манай ширээнд Батбаяр бид хоёр дээр Батхүү гэдэг хүн хүрч ирээд цуг суугаад дуулсан. Архи уугаагүй. Тэр хүнийг би лав танихгүй юм байна лээ. Батбаяр ч гэсэн сайн таньдаггүй юм байна лээ. Караоке нь нийтийн караоке болохоор микрофон авах гэж ирээд л микрофон аваад хамт суугаад дуулсан. Харин тэр караокенаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд бид 3 хамт гараад явсан. Тэндээс гурвуулаа гараад Батбаяр бид 2 тамхилаад байж байх хооронд Батхүү гэх хүн алга болчихсон. Төд удалгүй ирээд “гурвуулаа Викториа баар луу очих уу’’ гээд хамт баар орцгоосон. Би Батхүүг огт танихгүй. Харж ч байгаагүй. Тэр сидней караокед дуулж яваад анх харсан. Сиднейгээс гараад тэр хүнтэй хамт баар орсон. Тэгээд л баарнаас гараад гэр гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 14-15, 110-112 дугаар хуудас/ Гэрч М.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бид 3 уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад караокенаас гараад байж байтал караоке дотор дуу зогсоогоод байсан залуу нэг найзтайгаа цуг ардаас гараад ирсэн. Тэгээд Батхүү караоке дотор дуу зогсоогоод байсан залууг урагшаа 75 худалдааны төвийн тийшээ аваад явсан. Би Батхүүг гар утас, мөнгө авсан талаар мэдэх зүйл байхгүй... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Энхмөрөнд мэдүүлэг өгсөн. Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сидней дэлгүүр орох гээд явж байтал манай багын найз, Яргуй наадамд цуг явдаг байсан Мөнхбадрах таараад намайг дуудсан. Бид хоёр уулзаад Сидней караоке ороод Батхүү гэх залуутай танилцаад бид 3, 1 шил архи, 3-4 пиво ууж, дуулж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад гарцгаасан. Караокены гадаа Батхүү нь танихгүй залуутай муудаж байхаар нь би хорьж болиулсан. Тэгээд би гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /xx-18-19, 113-114 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудаст: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны 23 цагийн орчимд хүнд зодуулсан гэнэ. Дээд уруул хавдсан, дээд үүдэн шүд эмзэглэлтэй, хөдөлгөж үзэхэд өвчүүний доод 1/3 хэсэгт 1см х 1см орчим хөхөрсөн эмзэглэлтэй байв...” / хх-ийн 6-7 дугаар хуудас/, Ял шийтгүүлсэн тухай Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 66-72 дугаар хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан’’ тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /xx-ийн 20-24 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тэмдэглэл /xx-ийн 16-17 дугаар хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний үнэлгээ хийсэн баримт /xx-ийн 73-74 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтаар шүүгдэгч Б.Батхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Сидней” караокены орчим иргэн Г.Баатармөнхийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг дуудаж мөнгө байна уу гэхэд нь байхгүй гэж хэлэхэд нь хүрэмний халаасыг нэгжиж утас, виза картыг авч нууц кодыг хэлэхгүй гэхэд нь цээжин тус газар нь 2-3 удаа, нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж хүч хэрэглэсний улмаас хохирогч нь нууц кодоо хэлж түүний данснаас 20 000 төгрөг, мөн “Huawei 6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн үйл баримт болсон нь хохирогч Г.Баатармөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батхүү нь танихгүй 2 залуугийн хамтаар дуудсан. Би Батхүү дээр очиход надаас мөнгө байна уу гэж асууж, цааш жоохон алхаад харанхуйд орж, миний куртик болон өмдний халаасыг нэгжиж миний “Huawei-6” гар утсыг аваад, савхин куртикны дотор баруун халааснаас түрийвч аваад виза карт авч, картны кодыг асуусан. Би хэлэхгүй гэтэл миний цээжрүү зүүн гараараа 2 удаа цохисон, мөн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд виза картнаас 20 000 төгрөг аваад карт буцаан өгөөд хамт явсан 2 залуугаа дуудаж, гурвуулаа Номин худалдааны төвийн зүг зүүн тийш гараад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч У.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тухайн 3 залуу караокенаас Баатармөнх бид хоёроос түрүүлээд гараад явсан. Бид хоёр араас нь гараад Баатармөнх бид хоёр гэр гэртээ харихаар караокены үүднээс салсан... Би Баатармөнхийг дээрэмдүүлсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын сарын 26-ны өглөө Баатармөнх миний 89990257 дугаарын утасруу 08 цагийн орчим залгаж хэлсэн. Баатармөнхтэй уулзахад дээд уруул нь хавдчихсан байсан ба өөрийн ‘’Huawei 6” маркийн гар утсаа дээрэмдүүлсэн, виза картанд байсан 20 000 төгрөгөө дээрэмдүүлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мөнхбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин тэр караокенаас шөнийн 00 цаг өнгөрөөгөөд бид 3 хамт гараад явсан. Тэндээс гурвуулаа гараад Батбаяр бид 2 тамхилаад байж байх хооронд Батхүү гэх хүн алга болчихсон. Төд удалгүй ирээд “гурвуулаа Викториа баар луу очих уу’’ гээд хамт баар орцгоосон. Би Батхүүг огт танихгүй. Харж ч байгаагүй. Тэр сидней караокед дуулж яваад анх харсан. Сиднейгээс гараад тэр хүнтэй хамт баар орсон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 3 уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад караокенаас гараад байж байтал караоке дотор дуу зогсоогоод байсан залуу нэг найзтайгаа цуг ардаас гараад ирсэн. Тэгээд Батхүү караоке дотор дуу зогсоогоод байсан залууг урагшаа 75 худалдааны төвийн тийшээ аваад явсан. Би Батхүүг гар утас, мөнгө авсан талаар мэдэх зүйл байхгүй... Сидней караоке ороод Батхүү гэх залуутай танилцаад бид 3, 1 шил архи, 3-4 пиво ууж, дуулж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад гарцгаасан. Караокены гадаа Батхүү нь танихгүй залуутай муудаж байхаар нь би хорьж болиулсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах, үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Б-гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Батхүү нь хохирогч Г.Баатармөнхийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж цээжин тус газар нь хоёр удаа, нүүрэн тус газарт нэг удаа цохиж биед нь хүч хэрэглэн довтолж, виза картны нууц дугаарыг өөрөөр нь хэлүүлж түүнээс 20 000 төгрөг, гар утсыг дээрэмдэн, дахин архи уух мөнгө олох гэсэн шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна гэж үзлээ. Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд зэрэг довтолдгоороо өмчийн эсрэг гэмт хэргээс хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 3 жил 6 сар хорих ял, 2016 онд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч М овогт Б-ийн Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруусайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэгш харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА