| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0389/и |
| Дугаар | 451 |
| Огноо | 2017-11-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 451
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2017 оны 11 дүгээр
сарын 01-ний өдөр Дугаар 451 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: утасны дугаар 99320430, У.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвд холбогдох
“2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч ЭХХК-ийн Зүүн бүсийн худалдааны төвийн ерөнхий менежер О.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн үйлчлэгчээр 2015.5.01-ний өдөр ажилд орсон. Энэ ажилдаа 2017.9.02-ны өдрийг хүртэл ажилласан. Энд ажиллаж байх хугацаандаа Зүүн бүсийн А заал, махны заалыг хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байсан. Сард нэг удаа амардаг. Манай өмнө нь ажиллаж байсан дарга сард 10ш угаагч пээрий, 10ш шал угаах алчуур, бээлий зэрэг ажлын хэрэгслийг авч өгдөг байсан. Гэтэл одоо ажиллаж байгаа Л нь сард 4 пээрийг 1 сард хүргэ гэж өгдөг боловч энэ нь цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд хаана ч хүрдэггүй. Энэ байдлыг хэлэхэд яахаараа өгсөн материал хүрдэггүй юм бэ, хүрэх ёстой, чи илүүг нь гэрлүүгээ аваад явчихдаг юм уу гэж хэлдэг. Энэ асуудлаас болж бид хоёрт үл ойлголцол үүсээд удаж байгаа. Намайг 2017.8.18-ны өдөр ерөнхий менежер О.Л нь амралтаа ав, 2017.9.02-ны өдөр ажилдаа ороорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээлжийн амралтаа авсан. Гэхдээ би амралтын мөнгөө аваагүй. Амралтаа авч дуусчихаад ажилдаа орох гээд 2017.9.02-ны өдөр ажилдаа иртэл намайг ажлаас гэнэт халсан байсан. Би энэ байгууллагад ажиллахдаа ямар нэгэн зөрчил болон сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, хийх ёстой цэвэрлэгээ үйлчилгээгээ хугацаанд нь хийдэг байсан. Би ямар ч шалтгаангүйгээр гэнэт халагдсандаа гомдолтой байна. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговороо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ЭХХК-ийн “Зүүн бүсийн худалдааны төв”-ийн ерөнхий менежер О.Л шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Зүүн бүсийн худалдааны төвд 2016 оны 7 дугаар сарын 01-нээс няравын албан тушаалд, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байна. Энэ ажиллах хугацаанд У.М нь удаа дараа байгууллагын дотоод журмыг зөрчиж ажлын цаг баримтлахгүй, хамтран ажиллагсадаа байнга гүтгэж хэл амаар доромжлох, цэвэрлэгээ үйлчилгээг дутуу дулимаг хийдгээс үйл ажиллагаа эрхлэгчдээс байнга гомдол санал ирдэг. У.М нь ажиллах хугацаанд байгууллагын сард хүргэх ёстой хангамжийн материалыг байнга дутаадаг байсан. Удирдах албан тушаалтан болох миний биеийг удаа дараа доромжлон, хэлж ярьж ойлголцоход маш хэцүү зан авиртай ба худал гүтгэсэн нэрийдлээр оройн цагаар элдвийн хүнээр утсаар доромжлуулдаг. У.М нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр амрах хүсэлт гаргасан. Өөрийн хариуцсан талбайг хүлээлгэж өгөхөд бэлдэх, орны хүнийг олох, 2 хоног хүлээх үүрэг өгсөн боловч амрах тушаал гараагүй байхад ажил хаяж явсан. Иймд миний бие өөрийн албан тушаал, эрх мэдлийн хүрээнд У.Мийг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.М нь ЭХХК-ийн Зүүн бүсийн худалдааны төвд холбогдуулан “2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ажил олгогч нь У.Мийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч У.М нь хариуцагч ЭХХК-ийн Зүүн бүсийн худалдааны төвийн ерөнхий менежерийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Ажил олгогч ЭХХКомпанийн ерөнхий захирлын 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 05 дугаар тушаалаар У.М-ийг тус компанийн Зүүн бүсийн худалдааны төвд үйлчлэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй үндэслэлээ тодорхой заалгүйгээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.
2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь хэсэгт “сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол гэж байгаа боловч ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан заагаагүй байх тул нэхэмжлэгч У.М-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд ажил олгогч нь ажилтан У.М-ийг ямар зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь ач холбогдолгүй болно.
Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлс нь 300 000 төгрөг байх бөгөөд нэг өдрийн дундаж цалин хөлс нь 13 954 төгрөг болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч У.Мийн ажилгүй байсан 43 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 600 000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвөөс гаргуулж нэхэмжлэгч У.Мт олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “ажилтанд жил бүр ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ” гэж заажээ. Нэхэмжлэгч У.М 2 жил 3 сар ажилласан талаар талууд маргахгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.2 дахь хэсэгт зааснаар ажлын 15 хоногийн амралт эдлэх эрхтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллаагүй байх тул үүнээс хойш ажлын 15 хоногийн амралтыг тооцоход 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал ээлжийн амралт эдлэх эрхтэй байна. Иймд ээлжийн амралтын олговорыг тооцоход /300 000 /үндсэн цалин/ : 21.5 /ажлын хоног/ = 13 954 /нэг өдрийн цалин/ х 15 /ээлжийн амралтын хоног/ = 209 310 төгрөг /ээлжийн амралтын олговор/-ийг олгохоор байна. Гэвч нэхэмжлэгч ээлжийн амралтын олговорт 140 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 140 000 төгрөгийг ажил олгогч ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвөөс гаргуулан нэхэмжлэгч У.Мт олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 22 310 төгрөг, нийт 92 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.М-ийг ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвийн ерөнхий менежерийн 2017 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 15 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭХХКомпанийн Зүүн бүсийн худалдааны төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговорт 600 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 140 000 төгрөг, нийт 740 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.М-т олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 22 310 төгрөг, нийт 92 510 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ