Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 66

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Н.Эд холбогдох 1807006130217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овгийн  Н.Э, 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

          Н.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 64 дүгээр байрны 14 тоотод өөрийн эхнэр Ж.Гийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э нь хохирогч Ж.Гтэй 7 жил хамтран амьдарсан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийг гишүүдийг” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь  хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан.

          Гэтэл Н.Эы үйлдэл нь хуулийн дээрх заалтад хамаарч байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

          Мөн Ж.Гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Манай эгч өргөдөл бичсэн. Би тэр өргөдлийг сайн уншиж, танилцалгүйгээр гарын үсэг зурчихсан. ... би зодуулснаа охиндоо хэлэхэд манай охин эгчид хэлчихсэн байсан.

          ... Тухайн үед төрсөн эгч Цэцэгээ маань миний өмнөөс өргөдөл бичиж өгсөн юм. Тэгэхдээ баахан худлаа, үнэн юм оруулаад биччихсэн байсныг би сүүлд мэдсэн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд Цагдаагийн байгууллагад өргөдөл хэн бичсэн, урьд нь удаа дараа зоддог байсан талаар эгч Цэцэгээ болон охиноос нь гэрчээр мэдүүлэг авах нь зүйтэй.

          Иймд Н.Эд холбогдох хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ... гэж тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий хүний биед учирсан гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгохоор байна.

          Хэрэгт авагдсан хохирогч Ж.Гийн мэдүүлэгт “... манай нөхөр Н.Э нь намайг анх удаа цохисон, урьд өмнө нь зодож, цохиж байгаагүй, тухайн үед манай эгч миний өмнөөс өргөдөл бичиж өгсөн байсан ... гэсэн бол шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... манай нөхөр намайг урьд өмнө зодож байгаагүй болохоор би тухайн үед цагдаа дуудсан. Одоо бид хамт амьдарч байгаа, надад гомдол санал байхгүй, бид эвлэрсэн. Манай нөхөр намайг чанга барих үед миний бие хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Н.Э нь тухайн үед тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр Ж.Гийн биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

          Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Н.Эд холбогдох хэрэгт Налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 2015 оны дээрх хуульд шинэ заалтууд нэмэгдэж орж ирсэн. Энэ асуудалд хуульч бид хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх тал дээр Улсын Дээд шүүхийн практикийг хардаг. Н.Эы үйлдсэн гэх энэ төрлийн гэмт хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж байсан. Тус шүүх хуралдаанд оролцож байсан прокурор болон Улсын Дээд шүүхийн шийдвэр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг тохиолдлын шинжтэй буюу анх удаа үйлдэгдсэн байвал түүнийг хүндрүүлэн зүйлчлэхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ гэж үзээд тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж практик тогтсон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын газраас чиглэл өгч байсан. Тухайн чиглэлд байнгын шинжтэй биш, нэг удаа үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилнэ гэсэн байдаг. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар шүүгдэгч болон түүний эхнэр нь гэр бүлийн хамаарал бүхий хүн мөн. Гэхдээ мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд анх удаа цохиж зодсон, урьд нь ийм асуудал гарч байгаагүй гэдэг талаар мэдүүлэг өгч байсан. Анх цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гомдол гаргахдаа намайг урьд өмнө нь зодсон гэдэг талаар хэлж байсан учраас мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар асууж тодруулсан юм. Тэгэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь ямар тохиолдолд гэмт хэрэг болох вэ, байнгын шинжтэй байна уу, эсхүл үгүй юу гэдгийг бид анхаар ч үзэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Тийм учраас дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Эы үйлдэл нь гэр бүлийн дотор, тухайн цаг хугацаанд болсон тодорхой, нэг удаагийн маргаанаас үүссэн байх бөгөөд уг үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзэх үндэслэл байхгүй талаар гаргасан эсэргүүцэл үндэслэл бүхий байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг шалгах шаардлагагүй, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Э, хохирогч Ж.Г нар нь “... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт гаргажээ.

Гэтэл прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагааг хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.” гэж заасан.

Энэ тохиолдолд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянаад, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэх хуулийн зохицуулалттай.

Гэтэл прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан яллагдагч Н.Эы хүсэлтийг шийдвэрлэлгүй яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба яллагдагчийн өөрт ашигтай байдлаар хэргээ шийдвэрлүүлэх боломжийг хангаагүй, энэ нь түүний эрх зүйн байдалд нөлөөлж байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн холбогдогч өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд мөн хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4 дүгээр зүйлд тус тус заасан ажиллагааг хийсний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн зохицуулалттай.

Иймд дээд шатны прокурор Ц.Ариунболдын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох”-оор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                     

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР               

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН