Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0155

 

 “У ө б” ХХК-ийн нэхэмжлэлтэй  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “У ө б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, Ё.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У ө б" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 263696 дугаартай актыг хүчингүй болгуулаХ’ гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Улсын мөрдөн байцаах газрын албан бичиг, Татварын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу “У ө б” ХХК-ийн 2011-2012 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулахад “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн падаанаар 150.000 мянган төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн хий бичилттэй падаан ашиглан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-г зөрчсөн байсан тул Татварын ерөнхий хуулийн 74, 34.1-г үндэслэн акт тогтоосон.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "У ө б" ХХК-ийн "Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.З, ё.Э нарын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 263696 тоот актыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо.'“Тус компани нь ...өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, нэмэгдсэн өртгийн болон бусад албан татвар, хураамжийг цаг тухайд нь төлж, татварын байгууллагад мэдээ тайлангаа гаргаж, тогтмол тайлагнаж ирсэн.

...Тус компанийн зүгээс дараах үндэслэлээр 263696 тоот актыг зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Үүнд:

2012 оны 8-р сард манай байгууллага 44-ын гүүрний баруун талын төмрийн худалдааны газар буюу төмрийн захаас швиллер, булан төмөр болон ган яндан хоолой зэргийг худалдан авсан бөгөөд уг төмөр хийцийн борлуулагч бидэнд "Д" ХХК-ийн 8-р сарын 28-ны өдрийн 0012241572 тоот НӨАТ-ын падаан бичиж өгсөн. Уг падаан нь албан ёсны тамга, тэмдэг, гарын үсэг бүхий баримт байсан бөгөөд тухайн сарын НӨАТ-ын баримтыг зохих журмын дагуу тайландаа тусгаж, НӨАТ-ын тайлан болон НӨАТ-ын падаануудыг интернэтээр илгээхэд НӨАТ-ын падаан мөн, үнэн зөв гэж хүлээн зөвшөөрөгдөж татварын албаар баталгаажигдсан. "Д" ХХК-д дээрх материалын үнийг НӨАТ-ыг оролцуулан 165,0 сая төгрөгийг бид бэлнээр төлсөн. Энэ мөнгийг гэрээний мөнгө орж ирээгүй байсан тул Сүхбаатар овогтой Тамираас 130,0 сая, Бор овогтой Тэгшдэлгэрээс 20,0 сая төгрөг тус тус зээлж, мөн өөрт байсан мөнгөө нэмж төлсөн. "Д" ХХК-аас бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 0012241572 тоот падаан, материалын зарлагын падаан мөн "Д" ХХК-ны бэлэн мөнгө хүлээн авсан кассын орлогын падааныг хавтаст хэргийн материалд хавсаргагдсан. "Д" ХХК-аас авсан материалуудыг Захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн "У ө б" ХХК-ны орлого, зарлагын падаан, захиалагч байгууллагын орлогод авсан баримтыг хавсаргасан. Бэлтгэн нийлүүлсэн материалын тээвэрлэх асуудлыг хоорондын гэрээгээр барилгын гүйцэтгэгч компани хариуцаж байсан.

Манай компанийн 8 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалтын бүртгэл, III улирлын ерөнхий болон мөнгөн гүйлгээний кассын орлого, зарлагын тайлан, ХААН Банкны дансны хуулганы хуулбарыг хавсаргасан.

Бид зохих журмын дагуу үнийг төлж, материал авч, захиалагч байгууллагадаа гэрээ ёсоор материалаа нийлүүлсэн, холбогдох бүх зүйл тодорхой байхад хуурамч падаан авсан нэрээр бидэнд акт тогтоож, бусдын өмнөөс дахин НӨАТ болон торгууль, алданги төлөх нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна.

Санхүү, нягтлан бодох бүртгэл болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалт зөрчигдөөгүй болно. Тухайлбал:

- Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар 7.1, 7.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.3-д заасан дагуу бидний авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дээрх шаардлагад нийцэж байгаа. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон гзх 0012241572 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012.08.07-ны өдөр "Д" ХХК нь татварын албанаас авсан нь албан ёсоор нотлогдсон байна.

- Тухайн материалууд нь барилгын гүйцэтгэгч "А" ХХК-д нийлүүлэх гэрээний дагуу худалдан авсан бөгөөд "Д" ХХК-аас бичиж өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 0012241572 дугаартай, мөн материалын зарлагын баримт, бэлэн мөнгө хүлээн авсан "Д" ХХК-ийн кассын орлогын баримт, төлбөрийн' зарим эх үүсвэрийг хувь хүмүүсээс зээлсэн гэрээ, "У ө б" ХХК- аас зээлийг олгосон кассын зарлагын баримт, ХААНБ-ны дансны хуулгад байгаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дээрх заалтыг бид зөрчөөгүй гэж үзэж байна.

92 тоот шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар дараах тайлбар өгөх байна. Үүнд:

А. "Д" ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0012241572 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь татварын албанаас олгосон нэгдсэн дугаартай, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт мөн болохыг хариуцагч үгүйсгээгүй ба харин уг падаанд борлуулалт хийсэн гэх барааны нэр төрөл, тоо хэмжээ тодорхойгүй байна гэсэн тухайд, Тайлбар: 0012241572 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн швиллэр, яндан хоолой нь хэмжих нэгж, тоо хэмжээ болон нэг бүрийн ба бүгд үнэ, НӨАТ 10% тус тус бичигдсэн байгааг тодорхойгүй гэж үзэхгүй байгаа бөгөөд "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг"-ийн заалтыг зөрчөөгүй болно.

Б. "У ө б" ХХК нь "Д" ХХК-иас 165 000 000 төгрөгийн бараа, материал худалдан авч "А "ХХК-д нийлүүлсэн болох нь тогтоогдохгүй байна. гэжээ. Тайлбар: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ханбумбат нисэх буудлын барилгад тус компани нь 10 нэр төрлийн 337,7 сая төгрөгийн бараа материалыг нийлүүлэхээр "А" ХХК болон "У ө б" ХХК-ны хооронд 2012.06.24- ний өдөр 01/20 тоот аж ахуйн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу "Д" ХХК-иас зөвхөн швиллер, булан төмөр, ган яндан хоолой гэсэн 3 нэр төрлийн 150 000 000 төгрөгийн үнэ бүхий, нэмэгдсэн өртгийн албан татвар 10%-ийн 15 000 000 төгрөг орсноор бүгд 165 000 000 төгрөгийн бараа, материалыг худалдан авч, "А" ХХК-д нийлүүлсэн тухай гэрээ, зарлагын болон материалыг орлогод авсан баримт, мөн "А"ХХК-иас дээрх материалын үнэ 2012.10.02-нд 140 000 000 төгрөгийг, 2012.10.09-нд 28 000 000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн ХААНБ-ны дансны хуулга материалыг хавтаст хэрэгт хавсаргасан болно.

В.Хариуцагч "Д" ХХК-ийн 2012.08.28-ний өдрийн 0012241572 дугаартай НӨАТ-ын падаанд хий бичилт хийгдсэн гэж тайлбарласан, НӨАТ-ын падаанд бичигдсэн 165 000 000 төгрөгийн бараа, материалыг "Д" ХХК-иас "У ө б" ХХК бодит байдал дээр худалдан авалт хийсэн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй, гэрч "Д" ХХК-ийн захирал Ш.Ж, Н.Сарнай нараас өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг нэхэмжлэгч няцааж чадаагүй болно.гэжээ. Тайлбар: 2012.08.28-ний өдрийн 0012241572 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд "Д" ХХК-ийн албан ёсны тамга дарагдаж, гарын үсэг зурагдсан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тэнцэлд албан ёсоор тусгаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсээр баталгаажсан.

"Д" ХХК-иас худалдан авсан бараа, материалын үнийг хүлээн авсан кассын орлогын падаан, "У ө б" ХХК нь төлбөрийг хувь хүмүүсээс зээлсэн / гэрээ, зээлийг буцааж олгосон кассын зарлагын баримт, 0012241572 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан мөн "Д" ХХК-д олгосон тухай "У ө б" ХХК-ний 2012 оны 3 дугаар улирлын Ерөнхий журналын 98, 99 -т бичигдсэн, кассын зарлагын тайлан болон зээлээр авсан бараа материалын жагсаалтаар нотлогдоно.

"Д" ХХК-ний захирал Ш.Ж нь тамга, гарын үсэг бүхий баримтаа Н.Сарнайд өгсөн , 0012241572 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бичилтийг Н.Сарнайн бичиг мөн гэдгийг зөвшөөрсөн боловч бид "У ө б" ХХК-д материал худалдаагүй гэх боловч Н.Сарнайгаар НӨАТ-ын падаанаа бичүүлж, нэмэгдсэн өртгийн албан татварын 15 000 000 төгрөгийг хувьдаа завшсан гэж би бодож байна.

Мөн түүнчлэн Н.Сарнай гэдэг эмэгтэй хэлэхдээ Ш.Ж надаар хэд хэдэн падаан бичүүлсэн, 0012241572 дугаарын падааны бичилтийг өөрийн гэдгийг зөвшөөрсөн байдаг.Тухайн 0012241572 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг материал худалдагчдаа өгч, НӨАТ-ын 10% буюу 15,0 сая төгрөгийг "Д" ХХК-ны эрх мэдэл бүхий хүмүүс хувьдаа ашиглаж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэх үндэстэй байгаа юм.

2013 оноос одоог хүртэл манай компани нь барилга, засварын ажил олдохгүй байгаагаас санхүүгийн хувьд бэрхшээл учирч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байгаа билээ.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 92 тоот шийдвэрийг хянан үзэж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Золзаяа, Ё.Энх-Оюун нарын 2012.05.07-ны өдрийн 263696 тоот актыг хүчингүй болгож өгөхийг хүсч гомдлоо гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Золзаяа, Ё.Энхтуяа нар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу “У ө б” ХХК-ийн 2011-2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 05 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд иж бүрэн шалгалт хийж, 150000.0 мянган төгрөгийн зөрчилд 15000.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 4500.0 мянган төгрөгийн торгууль, 613.4 мянган төгрөгийн алданги, нийт 20113.4 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр акг тогтоожээ.

Хариуцагч нараас тус компани нь 2012 онд “Д” ХХК-ийн 0012241572 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан бараа материал худалдан авалт хийлгүйгээр хуурамч баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэж үзжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “У ө б” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 165.0 сая төгрөгийн швилер булан төмөр, ган хоолой худалдан авч “Арц суварга” ХХК-д нийлүүлсэн нь тогтогдсоноос гадна тухайн барааг худалдан авах үед худалдагчаас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан, худалдан авалтын талаарх баримтыг татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжуудад заасан журмын дагуу бүрдүүлж, санхүүгийн тайландаа тусгасан нь тогтоогдсон байна.

Гэтэл хариуцагч нар Татварын ерөнхий газарт Улсын мөрдөн байцаах газраас мэдэгдсэнээр “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бус болохыг мэдсэн атлаа урьд нь хуурамч эсэхийг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг анхааралгүйгээр дан ганц нэхэмжлэгч хуулийн этгээдийг буруутгасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас Татварын хууль тогтоомж зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байхад тухайн компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 /Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй дахь заалтыг зөрчсөн гэх боломжгүй.

Иймд татварын улсын байцаагч нарын тогтоосон акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3 дахь хэсгийг баримтлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Үүнээс гадна “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудалд Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч хэн нэг этгээдийг гэм буруутай талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна.

Анхан шатны шүүх эдгээр асуудлыг бүрэн дүгнээгүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 263696 дугаар актыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: