Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 34

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Ч.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч    В.*******    нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох 201613000041 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 23-нд Завхан аймгийн сумд төрсөн, 18 настай эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, эцэх, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн сумын ******* багийн ******* хэсгийн 1-07 тоотод оршин суух овогт ийн *******/Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ч.******* нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн сумын ******* багийн Цэнгэлдэхийн урд хэсгийн задгайд оршин суух Б.*******гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга 1 ширхэг, Эмэгтэй хүний цагаан төмөр тоногтой шар өнгийн бүс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг, LG маркийн 2 сим карт ордог гар утас 1 ширхэг, Nokia маркийн 2 сим карт ордог гар утас 1 ширхэг, UBIQUAM гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг, G-Mobile гэсэн бичигтэй гар утас 1 ширхэгийг хулгайлж 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгчийн энэ үйлдэлд хамааралтай нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.ын мэдүүлэг, шүүгдэгчээс хураан авсан дээрх эд зүйлс зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Тухайлбал хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайд хулгай орсон талаар би мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас танайхаас эд зүйл алдагдсан уу гэж асуухаар нь л мэдлээ. Тэгээд юм аа бүртгэж үзсэн чинь манай гэрт цоожтой авдран дотор байсан Аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар 2012 он аймгийн арслан Т.д гэсэн бичигтэй 180.000 төгрөгөөр үнэлэх дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан төмөр тоногтой шар өнгийн суран бүс 1 ширхэг, Samsung маркийн ягаан гэртэй цагаан өнгийн утас 1 ширхэг, LG маркийн батерэй байхгүй 2 сим карт ордог хар өнгийн утас 1 ширхэг, хар өнгийн гар утас 1 ширхэг, Nokia D20 маркийн Bluetooth гэсэн бичигтэй 2 сим ордог гар утас 1 ширхэг, UBIQUAM гэсэн бичигтэй эвдэрхий утас 1 ширхэг, G mobile гэсэн бичигтэй саарал өнгийн эвдэрхий гар утас 1 зүйлүүд алга болсон байна. Яг хэзээ нь алга болсон юм гэдгийг мэдэхгүй. Би 2016 оны 03 сарын 06-ны өдрөөс 03 сарын 18-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед л алга болсон байх. Түүнээс биш би байхдаа гэрээсээ тэгж гараад байдаггүй юм... Би гэрээсээ алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг болон энэ талаар гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд “...Би гэртээ хулгай орсон талаар мэдээгүй байсан. Нэг өдөр манай гадаа цагдаагийн машин ирээд Хүрэлээ ах аа тантай уулзах гэсэн юм танай гэрээс эд зүйл алга болсон уу гэхээр нь би манай гэрээс эд зүйл алга болоогүй байх гэсэн чинь таны нэртэй мөнгөн аяга хулгайд алдагдсан юм биш үү гэхээр нь би гэртээ ороод эхнэрээ мөнгөн аяга байна уу үз гэсэн чинь манай эхнэр авдараа ухаж үзээд чиний мөнгөн аяга, миний мөнгөн бүс, хэдэн ширхэг хуучин гар утас зэрэг эд зүйл алга болчихсон байна гэсэн. Тэгээд цагдаа нар намайг цагдаа дээр очоод уулзаарай гэж хэлээд явсан. Тэр үед л манай гэрт хулгай орсон талаар мэдсэн. Манай гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиод цоожийг нь сугалаад гэрт ороод зүүн хойморт байсан авдар дотроос дээрх эд зүйлийг авсан юм байна лээ. Би Улаанаа буюу *******тэй өөртэй нь уулзсан чинь өөрөө надад манайхаас хулгай хийсэн талаараа ярьсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогджээ. Мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчим давтан үйлдлээр Завхан аймгийн сумын ******* багийн нутаг Цэнгэлдэхийн 1-4 тоотод оршин суух иргэн Т.гийн байшингийн цонхоор орж LG маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй телевизор 1 ширхэг, ДДШ антены хүлээн авагч 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, KEN гэсэн бичиглэлтэй төмөр тасдагч багаж 1 ширхэг, урт түрийтэй эмэгтэй хүний 36 размерийн ажлын гутал 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг, бага гарын хөөрөг 2 ширхэг, 4.5 метр урттай, 100 диаметртэй труба, модон иштэй түлээ хагалдаг сүх зэрэг эд зүйлүүдийг тус тус хулгайлж 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дээрх эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан байдал, хохирогч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”Би 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Баянхонгор аймагт байж байгаад 2016 оны 03 сарын 10-ны өдөр Завхан аймгийн сумд ирсэн юм. Ирсэн өдрөө гэртээ очиж үзэхэд зүгээр байсан Тэгээд би дүү гэдэг айлд хоноод тэнд амьдарч байсан юм. Өдөрт гэрээ эргэж тойрч байсан юм. Манай нөхөр Баянхонгор аймагт хүүхдийнхээ хүүхдийг хараад тэндээ 2016 оны 01 сараас хойш байгаа юм. Хамгийн сүүлд 2016 оны 03 сарын 14-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ орж индүүгээ авахад гэр зүгээр байсан. Тэгээд маргааш нь жижүүрт гараад нөгөөдөр нь буюу 2016 оны 03 сарын 16-ны өдөр 17 цаг өнгөрч байхад дүү ийн хамт гэртээ орж гал түлэх гэтэл гадаах үүдний амбаарын цүүг нь суга татаад цоожийг нь эвдээд хаясан байсан. Дотор хаалганы цоож нь онгойхгүй болсон байсан. Тэгэхээр нь цонхнуудаа шалгахад цонхнууд онгойсон шинж байгаагүй. Цас орж байсан учир мөр мэдэгдээгүй. Тэгээд таамбарны хаалганы цүүг нь сольж хадаад буцааж өөр цоожоор сольж цоожилсон. Тэгээд буцаад ийн гэрт очоод байж байгаад орой 22 цагийн үед ийг чи дахиад очоод эргээдэх гэж явуулсан чинь над руу буцааж утсаар залгаад хойд талын цонхны гялгар цаасыг хуулаад поорчиг нь онгорхой байна, цагдаа дуудаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явж байхдаа цагдаагийн байгууллагад утсаар энэ талаар хэлээд цагдаа нарыг ирэхээр нь хамт гэрлүүгээ орсон юм... Алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд хар өнгийн хавтгай дэлгэцтэй ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэл байхгүй 3 жил хэрэглэж байгаа 32 инчийн LG телевизор, хар өнгийн ДДШ антены хүлээн авагч, дунд гарын хээ байхгүй модон тагшийг бүрсэн мөнгөн аяга, дунд гарын ёроол доод бүслүүр хэсэгтээ товгор хээтэй модон тагшийг бүрсэн мөнгөн аяга, цахилгаанаар ажилладаг төмөр тасдагч багаж, хар өнгийн 36 размерийн урт түрийтэй ажлын гутал, дундаа улаан хуванцар шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, дөрвөлжин хэлбэртэй улаан хуванцар толгойтой дөрвөлжин чулуун бөгстэй бага гарын хөөрөг 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй улаан хуванцар толгойтой чулуун бөгстэй бага гарын хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон байна“... гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч С., С., Д. нарын мэдүүлэг ч мөн шүүгдэгчийн үйлдлийг нотолж байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ч.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгний хохирол учруулсан болох нь үнэлгээний дүгнэлтүүдээр нотлогджээ. Гэрч, хохирогчийг хуульд заасан журмаар байцааж мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдэлд хамааралтай, хохирогч нар болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан байна. Иймд шүүгдэгч Ч.ийг давтан үйлдлээр орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Ч.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл болгосон бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөлүүдээс гадна түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдэхийн өмнө, хойно зөв зан төлөвтэй байсан, ерөнхий боловсролын сургууль төгсч их дээд сургуульд элсэн суралцах шалгалтанд орж Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуульд суралцахаар урилга хүлээн авч суралцах боломжтой болсон зэрэг хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгчийн цалин орлогогүй болон цаашид их дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа зэрэг нөхцөлийг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ийн ийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******д оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ийн цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Ч.*******д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах байцаах шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.*******д 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгчийн эд хөрөнгө болох 200000 төгрөгний үнэлгээтэй,цагаан өнгөтэй, МИНСК 12F маркийн хуучин хөргөгч, 400000 төгрөгний үнэлгээтэй, YYT-2А108 гэсэн дугаартай угаалгын машин тус бүр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үзүүр хэсгийг нь тахийлгасан, 16 см-ийн урттай төмрийг устгаж, KEN гэсэн бичиглэлтэй, 2.40 метрийн хэмжээтэй уртасгагчтай, таслагч багажийг хохирогч Т.д буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

12. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                             ДАРГАЛАГЧ                     Д.НЯМ