| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0105/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/183 |
| Огноо | 2017-05-17 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Иргэдийн төлөөлөгчид Б.Батцоож,
Улсын яллагч Д.Нямсүрэн,
Шүүгдэгч Л.Ж түүний өмгөөлөгч Ц.Батбаяр /ҮД:1002/
Хохирогч Ж.Т, Б.У, А. иргэний нэхэмжлэгч Ц.Г нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Жд холбогдох эрүүгийн 201525031273 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай амйгийн Цогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хан–Уул дүүргийн 4 дүгээр хороо Туул хотхоны 102-54 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн
Шүүгдэгч Л.Ж /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь өөрийгөө Хөрөнгийн биржид ажилладаг, мөнгийг чинь өсгөж өгнө гэж 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс 2015 оны 08 сарын 18-ны хооронд нэр бүхий 8 иргэний 335.050.000 төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Жаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би анх эдгээр хүмүүст өөрийгөө хөрөнгийн бирж дээр брокер ажилтай гэж хэлээд мөнгө авсан гэхдээ тухайн үед өөрсдөө надад мөнгө өсгөөд өгөөч гэж хэлээд өгдөг байсан. Анх Т.Мөнхтулгаас мөнгө авахдаа боломжоороо өсгөж өгнө гэж хэлж байсан бөгөөд Мөнхтулгад хөрөнгийн биржэд ажилладаг бөгөөд үүгээр дамжуулан мөнгийг сар бүр өсгөж хүүтэй өгнө гэж хэлсэн. Тухайн үед би цагаан сарын баяраар 600.00 гаруй сая төгрөгөөр рубль худалдаж аваад зарах гэж байгаад хадгалсан байсан. Тэгтэл цагаан сарын дараа рублын үнэ унаад 180.0 орчим сая төгрөгөөр шатчихсан юм. Тэгээд маш их хэмжээний өрөнд орсон учир хэрэг гарвал хэлээрэй гэж байсан өөрийн хамаатны хүмүүстэйгээ утсаар холбогдож мөнгө авч эхэлсэн. Тэгэхдээ эдгээр хүмүүсийн мөнгийг өсгөж өгнө гэж хэлдэг байсан. Анх бол цаг тухай бүрт нь өсгөж өгч байгсан тэгээд сүүлдээ өгч чадхааргүй болж эхэлсэн. Тэгхээр эхнэрийн эзэмшилд байх ХУД-ийн 4 хороо Шинэ өргөө хорооллын 601 байрны 20 тоотод байх 2 өрөө байрыг зарж борлуулаад байрны зээлийг төлж дуусгаад 30.0 орчим сая төгрөг үлдэхээр нь Турк улс руу явж дүү Хулангийн ажиллаж байсан газар очиж мөнгө зээлж ажиллаад эдгээр хүмүүсийн өрийг дарах гэж байсан боловч уг асуудал нь бүтэлгүйтээд буцаад Улаанбаатар хотод ирсэн. Ингээд үүнээс хойш мөнгө олох ямар ч боломжгүй болчихоод өдийг хүртэл явж байна гэсэн мэдүүлэг. /2 хх 102-105/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Анх хохирогч Ж.Т эгч над руу залгаад “би танай хамаатны хүн байна, чи мөнгө эргэлдүүлдэг ажил хийдэг юм байна, эгчид нь 20.000.000 төгрөг байна” гэж хэлэхээр нь “ашигтай юм гарвал буцаад хэлье” гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа Ж.Т эгч залгаад “миний дүү юу болж байна” гэхээр нь “би танаас ашиг авахгүйгээр 1 удаа мөнгийг чинь эргэлдүүлээд өгье” гээд 20.000.000 төгрөгийг нь авч 10 хоногийн дараа 20.700.000 төгрөг болгож өгсөн. Гэтэл Ж.Т эгч “20.000.000 төгрөг манай хадмын мөнгө байгаа юм, ашигтай юм гарвал хоёулаа ашиглаад хувааж авч байя” гэж хэлсэн. Би Ж.Т эгчийг урьд нь таньдаггүй байсан. Тэгээд бид нар бие биендээ мөнгө өгч авалцаад явж байтал сүүлдээ Ж.Т эгчийн мөнгийг өгч чадахаа байгаад үлдэгдэл мөнгө гарч ирсэн. Мөн Ж.Т эгч “манай хүү машинаа зарсан чинь машины мөнгөө үрээд байна, чи уг мөнгийг аваад банкны хүүгээс илүү өсгөөд өгөөч” гэж хэлэхээр нь өсгөж өгч байсан. Би Ж.Т эгчийн мөнгөнөөс ашиг авалгүйгээр өсгөж өгдөг байсан. Би Ж.Т эгчийг хамаатны хүн гэдгийг мэдэхгүй учраас нагац эгч Цоодол эгч руу залгаж асуухад манай ямар хамаатан болох талаар хэлж байсан. Ж.Т эгчид их хэмжээний хүү өгч байсан. Ж.Т эгчид мөнгө өгч, авалцаж байсныг эхнээс нь тооцвол бага хэмжээний хохирол гарч ирэх юм. Хохирогч А.Мөнхтуяа эгчийг танихгүй байсан бөгөөд Ж.Т эгчийн ажил дээр очиход Ж.Т эгч ширээн дээрээ 20.000.000 төгрөг тавьсан байсан. Би тухайн үед А.Мөнхтуяа эгчтэй мэндлээд л өнгөрсөн. Одоо яригдаад байгаа 40.000.000 төгрөгийг аваагүй. 2 удаагийн хүүг Ж.Т эгчийн дансаар дамжуулж А.Мөнхтуяа эгчид өгсөн. А.Мөнхтуяа эгчээс мөнгө гуйж аваагүй. Хохирогч Төмөрхуягийг танихгүй. 1 өдөр Ж.Т эгч над руу залгаад “хүрээд ир” гэж хэлэхээр нь гэрт нь очиход хохирогч Төмөрхуяг байсан бөгөөд надтай танилцуулсан. Надад Төмөрхуяг “ах нь чамд 10.000.000 төгрөг өгье, хоёулаа ажиллаж болохоор ажиллая” гэж хэлэхээр нь “та эхлээд 5.000.000 төгрөг өгчих гэхдээ байнга ашиг олоод байдаггүй, алдагдалтай байдаг, ашиг гарвал өгнө шүү” гэж хэлсэн. Тэгээд би 5.000.000 төгрөгийг нь аваад данс руу нь мөнгө шилжүүлж байсан. Тэгтэл Төмөрхуяг ах над руу залгаад “хоёулаа болох юм байна, чи мөнгө аваад ахдаа найдвартай өсгөөд байх юм бол мөнгө өгч авалцаж болох юм байна” гэж хэлсэн. Төмөрхуяг ах манай эхнэр рүү залгаад мөнгө авчих гэж хэлэхээр нь Б.Уранхас эгчээс 2 удаа мөнгө аваад хүүтэй нь хамт данс руу нь шилжүүлж байсан. Би Б.Уранхас эгчид хөрөнгийн биржид ажилладаг гэж хэлж байгаагүй. Төмөрхуяг гуай надаас яаж ашиг олдог талаар асуухаар нь вальют, улс төрийн байдлаас ашиг олдог гэж хэлсэн. Би Амар гэдэг хүний хөөргийг барьцаанд тавъя гэж хэлэхэд Ж.Т эгч, Төмөрхуяг ах хоёр ирж уулзсан. Тэгээд уг хөөргийг 90.000.000 төгрөгийн барьцаанд авах гээд гэрээ байгуулаад өгсөн. Хөөрөгний эзэн Амар гэдэг хүн хилээр гарсан байна гээд байцаалт авч чадаагүй. Б.Уранхасаас 15.000.000 төгрөг аваад 17.500.000 төгрөг болгож өгсөн бөгөөд Б.Уранхасаас авсан мөнгийг буцааж өгсөн. Төмөрхуягт 89.000.000 төгрөг өгөх ёстой байгаа. Хохирогч Мөнхтулгад хөрөнгийн биржид ажилладаг талаар хэлж байгаагүй бөгөөд хүнээс миний утасны дугаарыг аваад над руу залгаад “50.000.000 төгрөг байна, өсгөөд өгөөч” гэж хэлэхээр нь 50.000.000 төгрөгийг аваад хүүг нь сар бүр хийж байсан. Би Мөнхтулгад “их хэмжээний мөнгө учраас хоёулаа нотариат оръё” гэдэг саналыг тавихад “миний мөнгө биш, манай найзын мөнгө” гэж хэлсэн. Тэгээд тэр найзтай нь хамт нотариат орж 50.000.000 төгрөгийн хүүг яаж төлөх талаар гэрээ байгуулсан. 50.000.000 төгрөгөө авчихаад Мөнхтулга над руу залгаад “надад 6.000.000 төгрөг байна, чи авчих” гэж хэлэхээр нь аваад өгч байсан. Одоо үлдээд байгаа 30.000.000 төгрөг нь өмнө нь авч байсан 50.000.000 төгрөгийн үлдэгдэл юм. Мөнхтулга Урт цагаанд байдаг хүнд хөөргийг үзүүлчихээд ирье гэж авч явчихаад буцааж өгөөгүй бөгөөд усан манан хөөргийг Мөнхтулга барьцаанд авч 2.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн байдаг. Мөнхтулгын данс руу манай дүү 900.000 төгрөг шилжүүлсэн, судар өгөхөд 600.000 төгрөгөөр зарсан байдаг. Энэ мөнгөнүүдийг хохирлоос хасч тооцоогүй байдаг. Мөнхтулга иргэний гэрээ байгуулаад 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Би Сүрэн руу залгаад “10.000.000 төгрөг байна уу, 7 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хэлж байсан. Сүрэн нь намайг аваарт орсон байхад тоёото харейр, приус маркийн машинуудыг зараад зөрүү мөнгийг нь авсан бөгөөд машины зөрүү мөнгө хохирлоос хасагдаагүй байсан. Одоо Сүрэнд 60.000.000 төгрөг өгөх ёстой. Хохирогч нарт төлөөд явж байгаа мөнгийг хохирлоос хасаад өгөөч гэж хэлэхээр байцаалт авч байгаад хасна гээд хасаагүй. Хохирогч Хишигтогтохыг танихгүй бөгөөд Хишигтогтох нь Сүрэнгийн төрсөн дүү юм. Сүрэн манай дүү наймаа хийдэг гээд утасны дугаарыг нь өгсөн. Би Хишигтогтох руу залгаад “10.000.000 төгрөг өгөөч” гэхэд өгсөн. Хишигтогтох бид хоёр тооцоо нийлээд 33.000.000 төгрөг гэж тогтсон. Хишигтогтоход 1.000.000 төгрөг өгөөд гэрээ байгуулаад сар болгон 500.000 төгрөг төлөөд явж байгаа. Би Содбаярыг огт танихгүй. Содбаярын ах Баярсайхантай 2-3 жил ашгаа хувааж авч байсан. Баярсайхан ах над руу залгахаар нь очиход “11.000.000 төгрөгөө банкны хүүнээс арай дээгүүр өсгөөд өгөөрэй” гэж хэлэхээр нь аваад явсан. Баярсайханы данс руу сар болгон 550.000 төгрөг шилжүүлж байсан. Содбаяр руу нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. Батсүх над руу залгаад “10.000.000 төгрөг байна, хоёулаа мөнгөө эргэлдүүлж болох юм байна” гэж хэлсэн бөгөөд би тухайн үед рубль авч байсан болохоор “та мөнгө нэмж өгвөл өгөөрэй” гэж хэлэхэд 20.000.000 төгрөг өгсөн. Хүүнд нь 1.000.0000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд рублиэсээ шатаад мөнгийг нь өгч чадаагүй. Одоо 19.000.000 төгрөг өгөх ёстой гэсэн мэдүүлэг.
Хохирогч А.Мөнхтуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 06 сарын эхээр Төрийн бус байгууллагад хамт ажиллаж байсан Тунгалаг эгч Жаргалсайхан гэх хамаатныхаа дүүг брокерийн пүүст ажилладаг, тэр манай хамаатны ихэнх хүмүүсийн мөнгийг аваад өсгөж өгдөг чи мөнгө өгөөд өсгөөд аваач гэхээр нь Тунгалаг эгч өөрөө их найдвартай хүн болохоор нь итгээд 2015 оны 06 сарын эхээр Жаргалсайхан гэх хүний Голомт банкны дансанд нь 40 сая төгрөгийг хийж 2015 оны 06 сарын 28-нд 3 сая төгрөгний хүү нэмж авахаар тохиролцон шилжүүлсэн юм. Тэгээд мөнгө авахаас 2 хоногийн өмнө Тунгалаг эгчид хэлээд мөнгөө авах хугацаа болчихлоо гэхэд Жаргалсайхан аваарт орчихсон байна гэж хэлээд 14 хоног хүлээж бай гэхээр нь өвчтэй зовлонтой байгаа юм байна гээд хүлээсэн. Тэгээд 9 сард Тунгалаг эгч над руу яриад Жаргалсайханы биеийн байдал сайжирсан байна удахгүй мөнгийг чинь өгнө гэж байна гэж хэлсэн. Ингэж ярьсны маргааш нь Тунгалаг эгчээс Жаргалсайхан нь хил гарч зугтаагаад олон хүмүүсийг луйвардсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Жаргалсайханаас 4 сая төгрөгийг Тунгалагаар дамжуулан авсан байгаа дансны хуулгаа авчирсан, одоо түүнээс 36 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /1 хх 22, 67/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 05 сард Ж.Т эгч Л.Жыг танилцуулж байсан бөгөөд цаасан дээр хөрөнгийн биржид ажилладаг гэж бичээд 10.000.000 төгрөг авч байсан. 06 сард мөнгө хэрэг болоод байна гэж хэлэхээр нь 40.000.000 төгрөгийг Л.Жы данс руу шилжүүлж байсан. Л.Ж осолд орсон гээд мөнгө өгөхгүй болохоор нь Ж.Т эгчтэй хамт гэрт нь очоод “хөрөнгийн биржийн хүндээ хэлээд зогсоож болдоггүй юм уу” гэж хэлэхэд “нууц кодоор хурууны хээгээр орж зогсоодог болохоор болохгүй байна” гэж хэлж байсан. Одоо 36.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ж.Төмөрхуягаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 03 сарын манай эхнэр Уранхас надтай ярьж тохирч байгаад анх 10 сая төгрөг өгч байсан санагдаж байна. Ингээд түүнээс хойш тэр 2 хоорондоо өгч авч байсан удаа байгаа. Миний тооцоогоор 172 сая төгрөг өгч түүнээс мөнгөө эргүүлэн авсаар 99.850.000 төгрөгийн авлагатай ба Чүнчигноров хөөргийг 34 сая төгрөгөөр үнэлсэн байгаа. Энэ үнэлгээ нь хасагдаад одоо 55.850.000 төгрөгний авлагатай байгаа энэ мөнгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх 25/
Хохирогч Б.Уранхасаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Манай нөхөр Л.Жд мөнгө өгч байгаагүй. Би анх 5.000.000 төгрөг Л.Жд өгч байсан. Л.Ж ашигтай юм байна, мөнгө олоод өгөөч гээд яриад байсан учраас хүмүүсээс мөнгө зээлж аваад өгдөг байсан. Манай нөхрийн найзынх нь данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж байсан. Л.Ж аваарт ороод гэртээ хэвтэж байхад нь очиж уулзахад “хүнд байдалд оруулчихлаа, манай байрыг зараад хохиролд авчих” гэж хэлэхээр нь аваагүй. Нийт 196.000.000 төгрөг өгснөөс хүүтэй нийлээд 100.000.000 төгрөг авсан. Хөөрөгний үнийг хасаад одоо 55.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.Хишигтогтохоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 04 сарын сүүлээр хамаатны Жаргалсайхан ах над руу холбогдоод мөнгө байвал өгөөч ах нь мөнгийг чинь өсгөөд өгье гэсэн. Тэгхээр нь хамаатны ахдаа итгээд мөнгөө өсгөх зорилгоор эхний удаа 10 сая төгрөгийг өгөөд 7 хоногийн дараа 10.700.000 төгрөг болгон өсгөж авсан юм. Ингээд үргэлжлээд надаас мөнгө авч эргүүлж өгөөд л яваад байсан юм. 2015 оны 06 сарын 20-ны үеэр өгсөн мөнгөнүүдийн үлдэгдэл 45 сая төгрөгийг тэр хугацаанд авах ёстой байсан юм. Түүнээс мөнгөө нэхэхэд түр хүлээж байгаарай, хэсэг хугацаа шаардагдах юм шиг байна гэж явсаар миний утсыг авахаа больсон, утас нь ч холбогдохоо больсон. Би амралтаараа хөдөө явж ирээд Жаргалсайхан ахаас 13 сая төгрөгийг буцаан авсан. Одоо ингээд ямар нэгэн хүү нэмэгдээгүйгээр 32 сая төгрөгийг нэхэмжилж байна....Жаргалсайхан ах бид 2 банкныхаа дансаар тулгалт хийсэн, энэ мөнгөн дүн дээрээ тохирсон тул дахин ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн мэдүүлэг. /хх 27, 77, 157/
Хохирогч Т.Мөнхтулгаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай хамаатны хүн болох Л.Ж нь манай эмээгийн ажил явдал дээр ирээд надтай хэсэг юм ярьж сууснаа би хөрөнгийн бирж дээр брокер хийж байгаа манай компани нь хувийн мөнгийг эргэлдүүлэхийг зөвшөөрдөг, надад тодорхой хэмжээний мөнгө өгвөл би өсгөж өгье гэж хэлсэн. Нийт ашгийн 25 хувийг өөрөө аваад 75 хувийг мөнгө өгсөн хүмүүстээ ашиг болгож өгдөг гэж ярьдаг байсан. Тэр өдрөөс хойш Жаргалсайхан нилээн хэд хэдэн удаа над руу залгаад мөнгө байна уу гээд шалгаагаад байдаг болсон. Тэр үед машинаа зарсан байсан тул 2015 оны 04 сарын 30-ны өдрөөс 2015 оны 06 сарын 17-ны хооронд нийт 70 сая төгрөгийг Жаргалсайханы ХААН банкны 5429077255, 5622120815 тоот данс руу шилжүүлсэн. /2015 оны 04 сарын 30-нд 17.0 ам доллар шилжүүлсэн, ханш 1.962.33/ Түүнээс нийтдээ 34.850.000 сая төгрөгийг хүүний мөнгө гэж авсан, бэлнээр 9 сая төгрөгийг мөн сүүлд 2 сая төгрөгний хөөргийг авсан өгсөн ингээд одоо үлдэгдэл 28.650.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /2 хх 29, 66/
Хохирогч Т.Сүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 04 сарын дундуур манай ээж талын хамаатны Л.Ж над руу утасдаад би хөрөнгийн биржид ажиллаж байгаа, хувьцаа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, мөнгө байна уу байвал хүүтэй зээлээч гэсэн. Тухайн үед би мөнгөтэй байсан болохоор 16 сая төгрөг өгөөд 4-5 хоногийн дараа 18 сая төгрөг болгож авсан юм. Тэрнээс хойш над руу байнга мөнгө зээлээч гэж яриад байдаг болсон ба би итгээд мөнгө зээлүүлдэг болсон. Тэгээд 2015 оны 06 сарын 10-наас удаа дараагийн үйлдлээр 57 сая төгрөгийг өгсөн ба мөнгө төгрөг эргүүлэн авч явж чадаагүй байж байгаад 2015 оны 07 сарын 05-нд Жаргалсайхан над руу яриад би осолд орчихлоо 13 сая төгрөг олоод өгөөч Хан-Уул дүүрэгт байгаа байраа 54 сая төгрөгөөр зарах гэж байгаа юм ордерийг нь барьцаанд тавьчихсан байгаа, байраа зараад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь 57 сая төгрөгөө буцаагаад авчих юм чинь гэж бодоод 13 сая төгрөгийг түүний эхнэр Ууганцэцэгт өгч явуулсан. Тэгээд зээл нь 3 хоногийн дараа гарна гэхээр нь 3 хоногийн дараа ярихад зээл нь хойшлоод байна гээд элдвийн шалтаг хэлээд байсан. ...Би Жаргалсайхантай ХААН банкны дансаар тулгалт хийсэн ба түүн рүү 27 удаа нийт 173.300.000 шилжүүлэн өгсөн байдаг ба бэлнээр 13 сая төгрөг өгсөн баримтууд байна. /нийт 186.300.000 төгрөг/ Түүнээс би эргүүлэн 27 удаа нийт 126.050.000 төгрөгийг эргүүлэн авсан байгаа баримт байна. Ингээд зөрүү үлдэгдэл нь 60.250.000 төгрөг болж байна. Бид 2 энэ мөнгөн дүн дээрээ тохирсон тул өөр ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн мэдүүлэг /1 хх 35, 73/
Хохирогч Ж.Таас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манай бүл эгч Энхцэцэгийн төрсөн хүү Л.Ж 2015 оны 02 сард өөрийгөө Монголын хөрөнгийн бирж дээр ажилладаг гэж байсан. Тэгээд мөнгө төгрөгний бололцоо байвал хувьцааны бизнес хийж мөнгөө өсгөж авч болно гэж ярьж байсан. Дараа нь 2015 оны 03 сард над руу яриад одоо ашигтай үе байна шүү гэж 2-3 удаа хэлж байсан. Удаа дараа ярьсан учраас 2015 оны 03 сарын сүүлээр 20 сая төгрөг олоод Л.Жд өгч эргэлтэнд оруулаад 04 сарын сүүлээр 24 сая төгрөг болгож өсгөөд авсан юм. Сүүлд нь 2015 оны 05 сарын сүүлээр 5 сая төгрөг, 06 сардын эхээр 20 сая төгрөг, мөн сарын дундуур 10 сая төгрөг нийт 35 сая төгрөг өгчихөөд буцааж авч чадахгүй байна. ... ХААН банкны баримтаа тулгаж үзэхэд Жаргалсайхан руу нийт 3 удаа 34.150.000 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Түүнээс 5 удаа 10.850.000 төгрөгийг эргүүлэн авсан баримт байна. Ингээд зөрүү үлдэгдэл 23.300.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1 хх 35, 75/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би Л.Жтай хамаатан. Л.Жы хуриман дээр очиход эцэг, эх нь хөрөнгийн биржид ажилладаг талаар хэлж байсан. Би Цоодол руу яриад Л.Жы утасны дугаарыг авч залгаад “ягаан тасалбарын талаар” асуухад “дүү нь хөрөнгийн биржид ажилладаг талаар хэлээд та мөнгөө өсгөвөл ашигтай” гэж хэлэхээр нь эгчид нь “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Дараа нь Л.Ж над руу өөрөө байн байн залгаад байхаар нь 2015 оны 03 сарын 25-ны өдөр хадмуудаасаа 20.000.000 төгрөг аваад өгөхөд сарын дараа буцааж өгсөн. Л.Ж дахиад залгаад “яаралтай 10.000.000 төгрөг олоод өгөөч, маргааш зээл гарна, 1.000.000 төгрөг нэмээд өгье” гэж хэлэхээр нь ажлынхаа А.Мөнхтуяад Л.Жг ямар ажил хийдэг талаар хэлсэн бөгөөд Л.Ж манай ажил дээр ирж гэрээ байгуулаад 10.000.000 төгрөг аваад маргааш нь 11.000.000 төгрөг болгож өгсөн. 06 сарын 02-ны өдөр А.Мөнхтуяагаас 40.000.000 төгрөг аваад өгөөгүй. Л.Ж надад “байраа Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл авчих танд мөнгийг чинь өндөр хүүтэй болгоод өгье” гэж хэлэхээр нь “хүнээс мөнгө зээлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд найзаасаа 06 сарын 02-ны өдөр 20.000.000 төгрөг зээлээд өгсөн бөгөөд дээр нь хүүгийнхээ машины мөнгө болох 5.000.000 төгрөгийг өгсөн. Хамгийн сүүлд 06 сарын 16-ны өдөр эгчийнхээ 10.000.000 төгрөгийг өгсөн. Нийт надаас 35.000.000 төгрөг авсан бөгөөд одоо 23.500.000 төгрөг өгөх ёстой байгаа гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Содбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Франц улсаас 2014 оны 11 сард ирчихсэн байхад манай төрсөн ах Баярсайханы эхнэрийн дүү хөрөнгийн биржид ажиллаж байгаа, мөнгө байвал зээлчих гээд байна гэхээр нь би итгээд Жаргалсайханыг дуудаж уулзсан. Ингээд надаас 11 сая төгрөг бэлнээр өгчих сар болгон 5 хувийн хүүг өгнө гэсэн аман гэрээ хийгээд, энэнээс хойш хүүний мөнгө гэж сар бүр 550.000 төгрөг авсан. Дараа нь хүү гэж 300.000 төгрөг өгөөд үүнээс хойш алга болсон. Нийт 3.6 сая төгрөгийг буцаан авсан байна. Үлдэгдэл 7.400.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /2 хх 61/
Хохирогч Х.Батсүхээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 05 сарын эхээр Жаргалсайхан над руу залгаж мөнгө байна уу хэрэгтэй байна гээд залгаад байхаар нь мөнгө байхгүй гэхэд дахин дахин залгаад байхаар нь би хэзээ өгөх юм бэ, барьцаанд нь юу тавих юм гэхэд барьцаанд хөөрөг тавина гэхээр нь зөвшөөрч эхлээд хөөргөө өг гэхэд та хот руу хүрээд ирвэл би хөөргөө өгнө та эхлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь итгээд 2015 оны 05 сарын 25-нд ХААН банкны дансаар 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд 10 хоногийн хугацаатай өгнө гэсэн боловч өгөөгүй, сүүлд нь аваарт орж гэмтсэн гэхээр нь би хаясан. Надад хүүний мөнгө гэж 1 сая төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгөө олж аваагүй явна. 19 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг. /2 хх 138/
Иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Анх 2015 оны 04 сарын сүүлчээр манай нөхрийн найз Сүрэнгийн хамаатны залуу хөрөнгийн биржид ажилладаг гэж байна байнга хүүтэй мөнгө зээлээд өсгөж өгдөг юм байна гэхээр нь нөхөр бид 2 ярилцаж байгаад Сүрэнгээр дамжуулан эхний удаа 17 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай Жаргалсайханы дансанд хийгээд 19 сая төгрөг болгож авсан. Тэгхээр нь 5-6 удаа мөнгө өгч буцаан авсаар яваад 2015 оны 06 сарын 20-дын үеэр 23 сая төгрөгийг цувуулан өгчихөөд одоо болтол мөнгөө авч чадахгүй байна. ... 2015 оны 06 сарын 12-нд 18 сая төгрөг өгөөд 1.5 сая төгрөг буцаан авсан, дараа нь Сүрэнгийн дансаар дамжуулаад 5 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд би Жаргалсайханаас 21.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /хх 32, 178/
Иргэний нэхэмжлэгч Ц.Гантуяагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2015 оны 05 сарын 28-нд хамт ажилладаг Чуулган багш орж ирээд мөнгө байна уу гэхээр нь байна гэхэд өөрийнх нь хамаатай дүү хөрөнгийн биржид ажилладаг, манай ах дүү нар мөнгөө өгч өсгүүлж авч байгаа, найдвартай залуу, мөнгө хэрэгтэй байна гэж асуугаад байна гэсэн, ингээд гуйхаар нь би өөрт байсан 19.600.000 төгрөгийг буюу 2015 оны 06 сарын 10-нд 10 сая төгрөг, 2015 оны 06 сарын 25-нд 9 сая төгрөгийг Жаргалсайханы ХААН банкны дансаар шилжүүлсэн. Мөн дахин 2015 оны 08 сарын 16-нд бэлнээр 600.000 төгрөгийг өгсөн. Ингээд нийтдээ 19.600.000 төгрөгийг өгсөн байна. Түүнээс 12.100.000 төгрөгийг буцааж авсан, /тооцоо нийлж өр барагдуулах гэрээгээр 500.000 төгрөг төлөгдсөн/ одоо үлдсэн 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг. /2 хх 144/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 05 сарын сүүлд хамт ажилладаг багш орж ирээд “манай хамаатны дүү хөрөнгийн биржид ажилладаг бөгөөд манай ах, дүү нар бүгдээрээ мөнгөө өсгүүлдэг” гэж хэлж байсан бөгөөд эхлээд 10.000.000 төгрөг өгөөд 1.000.000 төгрөг нэмж авч байсан. Дараа нь дахиад мөнгө байна уу гэхээр нь 9.000.000 төгрөг шилжүүлж байсан. Л.Жы эхнэр рүү 600.000 төгрөг шилжүүлж байсан бөгөөд нийт 19.600.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 11 сард мөнгө төлөх талаар гэрээ байгуулсан боловч биелэгдээгүй байгаа. Одоо 6.460.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Гэрч А.Ууганцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2015 оны 07 сард манай нөхөр аваарт ороод гэртээ хэвтэж байхад Батболд гэдэг хүн ирээд уулзаж байсан. Энэ үеэс эхлээд би Батболдыг таних болсон. Тэгээд Батболд өөрийн эхнэр Тунгалагтай гэрээ хийлгэнэ гэж манай нөхөртэй ярьсан байсан. Манай нөхөр Жаргалсайхан Батболдын эхнэр Тунглагатай 40.000.000 төгрөгний гэрээ хийгээд байна гэж хэлсэн. Өөрөө аваарт ороод гэртээ хэвтэрт байсан. Тэгээд 2015 оны 07 сарын 16-ны өдөр би Батболдын эхнэр П.Тунгалагтай 3-р хороололд байрлах нэг нотариатын газарт очоод 40.000.000 төгрөгний гэрээ хийсэн. Танай нөхөрөөс 40.000.000 төгрөг авах ёстой гээд байсан. Манай нөхөр Жаргалсайхан чи очоод гэрээг нь хийчихээ гэж хэлсэн. Энэ мөнгө төгрөгийг хэзээ хаана өгч авсаныг би сайн мэдэхгүй байна. Дараа нь 2016 оны 08 сарын 26-ны өдөр манай нөхөр Жаргалсайхан Батболдоос 8.000.000 төгрөг авч байгаа юм чи очоод гэрээ хийгээд ир гэсэн. Тэгээд би Батболдтой Спортын төв ордоны нотариатын газарт 8.000.000 төгрөг бэлнээр аваад би гэрээ хийсэн. Ямар учиртай мөнгө гэдгийг би сайн мэдэхгүй, манай нөхөр аваад ир гэсэн мэдүүлэг /2 хх 94/
Гэрч Ц.Энхцэцэгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой. Манай хүүг Л.Ж, охинг Л.Хулан, миний бага хүүг Л.Загдсүм гэдэг. Л.Ж нь Говь-Алтай аймгийн Цогт сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй 2003 онд төгсөөд, Улаанбаатар хотод “Эрдэм Оюу” гэх дээд сургуулийг 2003-2007 онд төгсөж дээд боловсролтой болсон. Л.Ж нь хамаатан садангуудаасаа хүүтэй мөнг зээлж аваад буцааж өгч чадахгүй өрөнд орсон гэж мэдэж байгаа. Миний хүү Л.Ж нь хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй, харамлах сэтгэлгүй хүүхэд. Л.Ж нь аавынхаа хөөргийг 20 сая төгрөгийн барьцаанд аавынхаа садангийн хүүхдэд өгье гэж авсан. Бэлэглэсэн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /3 хх 87/.
Гэрч Ё.Лувсанжамцаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 3 хүүхэдтэй, 2 хүү, 1 охинтой. Манай хүүг Л.Ж, охинг Л.Хулан, миний бага хүүг Л.Загдсүм гэдэг. Л.Ж нь Говь-Алтай аймгийн Цогт сумын 10 жилийн сургуулийг онц дүнтэй 2003 онд төгсөөд, Улаанбаатар хотод “Эрдэм Оюу” гэх дээд сургуулийг 2003-2007 онд төгсөж дээд боловсролтой болсон. Хувиараа л ажил хийж байна гэдэг байсан. Миний хүү Л.Ж нь зан төлөвийн хувьд олон нийтэч, зөөлөн ааш араншинтай, хүнд тусч хүмүүжилтэй хүүхэд. Би Л.Жд 5 үе дамжин ирсэн шүрэн толгойтой, бөөрөн дээрээ 3 ширхэг хонхорхойтой, хөндлөн 1, босоо 1 зураастай усан манан хөөргөө бэлэглэсэн асуудал байхгүй, харин миний хөөргийг барьцаанд тавьж мөнгөө төлж дуусахаар эгүүлээд таны хөөргийг өгье гэхээр нь би хүүдээ өгсөн гэсэн мэдүүлэг /3 хх 88/.
Шүүгдэгч Л.Жы иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 44/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 65-66/, 40 сая төгрөг шилжүүлсэн банкны хуулга /1 хх 181/, 4 сая төгрөгийг буцаан авсан банкны хуулга /2 хх 68/, мөнгө шилжүүлсэн баримт /1 хх 138, 183, 212, 218, 220, 226, 228, 231/, 9.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хх 76/, Хөөрөгний үнэлгээ 34.000.000 төгрөг /3 хх 9/, мөнгө шилжүүлсэн баримт /хх 135, 208, 212, 217, 220, 225, 228, 229, 230, 231, 234/, мөнгө шилжүүлсэн тухай баримт /1 хх 204, 207, 211, 229-230, 233, 237/, 34.150.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх 183-185/ мөнгө шилжүүлсэн тухай баримт /1 хх 204, 207, 211, 229-230, 233, 237/, 20 сая төгрөгний баримт /2 хх 136/, мөнгө шилжүүлсэн тухай баримт /1 хх 174, 208/, 19 сая төгрөгийг шилжүүлсэн баримт /2 хх 141/, тооцоо нийлж өр барагдуулах гэрээ /3 хх 65/, Монголын хөрөнгийн бирж Төрийн өмчит хувьцаат компанийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан тоот /1 хх 80/, Монгол банкны ханшийн лавлагаа /2 хх 65/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №182 /2 хх 19/, гэрч А.Ууганцэцэг Э.Энхцэцэг /3 хх 87/, Ё.Лувсанжамц /3 хх 88/ нарын мэдүүлгүүд /2 хх 93-96/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 19/, хөрөнгийн үнэлгээний тооцоо /3 хх 9, 43/, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 27/, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 6-11/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Л.Ж нь 2015 оны 06 сарын 04-нд “өөрийгөө хөрөнгийн биржид ажилладаг, мөнгийг чинь өндөр хүүтэй өсгөж өгнө” гэж хуурч мэхлэн зарим тохиолдолд буцаан өгч итгэл эвдэн хохирогч А.Мөнхтуяагаас 40.000.000 төгрөгийг, 2015 оны 04 сарын 14-ний өдрөөс 06 сарын 15-ны хооронд хохирогч Б.Уранхасаас 99.850.000 төгрөгийг, 2015 оны 04 сарын 28-ны өдрөөс 2015 оны 06 сарын 17-ны хооронд “Хөрөнгийн бирж дээр брокер хийдэг” гэж хуурч мэхлэн зарим тохиолдолд буцаан өгч итгэл эвдэн хохирогч Т.Хишигтогтохоос 45.000.000 төгрөгийг, 2015 оны 04 сарын 30-ны өдрөөс 06 сарын 17-ны хооронд “би хөрөнгийн бирж дээр брокер хийж байгаа надад тодорхой хэмжээний мөнгө өгвөл би өсгөөд өгье” гэж хуурч мэхлэн хохирогч Т.Мөнхтулгаас 30.650.000 төгрөгийг, 2015 оны 06 сарын 10-ны өдрөөс 07 сарын 05-ны хооронд “би хөрөнгийн биржид ажиллаж байгаа юм хувьцаа авах гэсэн чинь мөнгө дутчихлаа” гэж хуурч мэхлэн хохирогч Т.Сүрэнгээс 65.250.000 сая төгрөгийг, 2015 оны 05 сарын 15-ны өдрөөс 06 сарын 16-ны хооронд “би хөрөнгийн биржид ажилладаг одоо л ашигттай үе нь байна” гэж хуурч мэхлэн 3 удаагийн үйлдлээр хохирогч Ж.Таас 23.300.000 төгрөгийг, 2014 оны 11 сарын 10-нд “хөрөнгийн биржид ажиллаж байгаа мөнгө зээлчих” гэж хуурч мэхлэн хохирогч С.Содбаяраас 11.000.000 төгрөгийг, 2015 оны 05 сарын 25-нд “мөнгө хэрэгтэй байна, барьцаанд нь хөөрөг тавина” гэж хуурч мэхлэн хохирогч Х.Батсүхээс 20.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 335.050.000 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Ж нь 2014 оны 11 сарын 10-ны өдрөөс 2015 оны 08 сарын 18-ны хооронд дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн бөгөөд шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тооцсон болно.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүх Л.Жыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар олж авч онц их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Жаас шүүхийн хэлэлцүүлэгт: “Содбаяр руу нэг ч удаа мөнгө шилжүүлж байгаагүй. Би Б.Уранхас эгчид хөрөнгийн биржид ажилладаг гэж хэлж байгаагүй” гэж мэдүүлэх боловч шүүгдэгчийн өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би анх эдгээр хүмүүст өөрийгөө хөрөнгийн бирж дээр брокер ажилтай гэж хэлээд мөнгө авсан гэхдээ тухайн үед өөрсдөө надад мөнгө өсгөөд өгөөч гэж хэлээд өгдөг байсан” мөн хохирогч А.Мөнхтуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2015 оны 05 сард Ж.Т эгч Л.Жыг танилцуулж байсан бөгөөд цаасан дээр хөрөнгийн биржид ажилладаг гэж бичээд 10.000.000 төгрөг авч байсан” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Мөн мөрдөн байцаалтын явцад Б.Уранхасын нөхөр Ж.Төмөрхуягийг хохирогчоор тогтоосон байх боловч шүүгдэгчийн залилан авсан 99.850.000 төгрөгийг хохирогч Б.Уранхасын данснаас шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Ж.Төмөрхуягийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгт “манай эхнэр Б.Уранхас мөнгөний тооцоог мэдэж байгаа тул манай гэрийн зүгээс эхнэр хохирогчоор тооцогдоно” гэж мэдүүлсэн зэргийг үндэслэж хохирогчоор давхар тооцогдсон Ж.Төмөрхуягийг хохироогүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хийгдээгүй, 2 хөөрөг хэний хөөрөг эсэхийг тогтоогоогүй мөн Ж.Тыг энэ хэрэгт шалгахын тулд мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна гэж маргах боловч мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийж мөн 2 хөөрөгний үнэлгээг Геологийн төв лабораторийн дүгнэлтээр /2 хх 230-232/, иргэн Т.Мөнхтулгын захиалгаар хийсэн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр иргэн Т.Мөнхтулга, иргэн Ё.Лувсанжамцын мөрдөн байцаалтанд өгсөн “Би Л.Жд 5 үе дамжин ирсэн шүрэн толгойтой, бөөрөн дээрээ 3 ширхэг хонхорхойтой, хөндлөн 1, босоо 1 зураастай усан манан хөөргөө бэлэглэсэн асуудал байхгүй, харин миний хөөргийг барьцаанд тавьж мөнгөө төлж дуусахаар эгүүлээд таны хөөргийг өгье гэхээр нь би хүүдээ өгсөн” гэсэн мэдүүлэгээр эцгийнх нь хөөрөг гэдгийг тогтоосон бөгөөд үнэлгээг хохирогч шүүгдэгч нар тухайн үед хүлээн зөвшөөрч хохиролд тооцон нэгэндээ шилжүүлсэн байна. Мөн Ж.Тыг энэ хэрэгт шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцаах санал гаргасан боловч Ж.Т нь мөн бусад хохирогч нарын адил шүүгдэгч Л.Жы “хөрөнгийн биржид ажилладаг” гэдэг үгэнд нь итгэн хэд хэдэн удаа мөнгөө өсгөж авч байгаад сүүлдээ залилуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул түүнийг шалгах шаардлагагүй байна.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Л.Ж нь хохирогч Х.Батболдоос мөнгө зээлсэн мэт болж эвлэрэлийн гэрээ байгуулан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж /3хх 93/ гаргуулсан байх бөгөөд прокуророос Л.Ж нь Х.Батболдыг залилаагүй, иргэний маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн түүнчлэн хохирогч нарт учирсан хохиролын хэмжээг тогтоохдоо сүүлд мөрдөн байцаалтын явцад хохирогч шүүгдэгч нарын хооронд тооцоо нийлсэн үлдэгдлээр тооцож ирүүлсэн нь шүүгдэгчид ашигтай байх хуулийн зарчимтай нийцэж байна.
Хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд мөн хохирогчоор тогтоогдсон Т.Сүрэн нь манай хамаатан “хөрөнгийн биржэд ажилладаг, би мөнгөө өсгөхөөр өгсөн байгаа чи мөнгөө өгч өсгүүл” гэж иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламын 21.500.000 төгрөгийг шүүгдэгч Л.Жы дансанд шижүүлсэн бөгөөд буцаан авч чадаагүй, мөн хэрэгт холбогдон шалгагдсан Х.Чуулган “манай дүү Л.Ж хөрөнгийн биржэд ажилладаг, мөнгийг чинь өсгөж өгнө” гэж иргэний нэхэмжлэгч Ц.Гантуяагийн 7500.000 төгрөгийг түүний дансанд шижүүлж буцаан авч чадаагүй болох нь тогтоогдсон бөгөөд прокуророос Т.Сүрэн, Х.Чуулган нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Даваадулам, Ц.Гантуяа нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь зөв бөгөөд хохиролыг шүүгдэгчээс гаргуулан тэдэнд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Ж нь хохирогч А.Мөнхтуяад 4.000.000 төгрөг, хохирогч Б.Уранхасад 10.000.000 төгрөг, 34.000.000 төгрөгийн үнэ бүхий чүнчигноров хөөрөг, хохирогч Т.Хишигтогтоход 13.000.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтулгад 2.000.000 төгрөгийн үнэ бүхий халтар манан хөөрөг, хохирогч Т.Сүрэнд 5.000.000 төгрөг, хохирогч С.Содбаярт 3.600.000 төгрөг, хохирогч Х.Батсүхэд 1.000.000 төгрөгийг тус тус хохиролд төлсөн байх тул одоо түүнээс 290.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Мөнхтуяад 36.000.000 төгрөг, хохирогч Б.Уранхасад 55.850.000 төгрөг, хохирогч Т.Хишигтогтоход 32.000.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтулгад 28.650.000 төгрөг, хохирогч Т.Сүрэнд 60.250.000 төгрөг, хохирогч Ж.Тт 23.300.000 төгрөг, хохирогч С.Содбаярт 7.400.000 төгрөг, хохирогч Х.Батсүхэд 19.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламд 21.500.000 төгрөг, Ц.Гантуяад 7.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.Жы 2016 оны 02 сарын 17-ны өдрөөс 2016 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоног, 2016 оны 07 сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоног, 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс 2017 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоног, нийт 177 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хуурч мэхлэн, итгэл эвдэж залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жыг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жы цагдан хоригдсон нийт 177 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жаас 290.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.М 36.000.000 төгрөг, хохирогч Б.У 55.850.000 төгрөг, хохирогч Т.Х 32.000.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтулгад 28.650.000 төгрөг, хохирогч Т.С 60.250.000 төгрөг, хохирогч Ж.Тт 23.300.000 төгрөг, хохирогч С.С 7.400.000 төгрөг, хохирогч Х.Б 19.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Даваадуламд 21.500.000 төгрөг, Ц.Г 7.000.000 төгрөг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Б.ХАЛИУН
Н.БАЯРМАА