Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/248

 

2018.02.20

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Б.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Бага харгай овогт Батсайханы Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0250 70126 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Бага харгай овогт Батсайханы Б.Х, 1993 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ******************** тоотод оршин суух хаягтай,

-урьд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/************/,

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны үүдэнд хохирогч О.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Мягмарцэрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон торгуулын ялыг 10 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч О.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...урд нэг намхан залуу нэг хүүхэнтэй явж байсан. Эргэж хараад шууд миний хамар руу цохьсон. Хамт явсан мэгтэй нь хүн андуурчихлаа гэж байсан...цагдаа нар ирээд тэр залууг авч явах гэтэл эсэргүүцээд зам гараад зугтаасан...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Харин тэр залуу нилээн уусан байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хх11-14/,

 

Гэрч Н.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би бааран доторх үйл ажиллагааг хянаад зогсож байсан чинь тэрүүгээр орж, гарч байсан хүмүүс гадаа чинь Гантулга гээд байгаа залуу Б.Х гэх залуутай барьцалдчихсан буюу бие биенээ заамдчихсан Гантулга нь миний хамрыг цохьчихлоо гэсэн зүйл яриад зогсож байхад нь цагдаа дуудсан. Ингээд салгаап зогсож байтал цагдаа ирээд цохьсон гэх залууг нь аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-65/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12698 тоот дүгнэлтэд: 

  1. О.Гантулгын биед тархи доргилт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-24/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны үүдэнд хохирогч О.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.Гантулга нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бага харгай овогт Батсайханы Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Хыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Хд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР