Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 35

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, 
нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, 
Улсын яллагч  Б.Төрболд
Шүүгдэгч   Н.Сүхбат 
Хохирогч Б.Тахилмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сүхбатад холбогдох 201613000046 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, дүрслэх урлаг, шугам зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга багийн 6 дугаар хэсгийн 1-26 тоотод оршин суудаг, Дөрвөлжин сумын бүрэн дунд сургуульд багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Готов овогт Надалдоржийн Сүхбат РД: /ЦГ69101431/  
Н.Сүхбат нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэгт буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт  холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                           ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Готов овогт Надалдоржийн Сүхбат нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн орчим Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн нутаг “Галдангийн сээр” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Ланд Крузер-80 маркийн 01-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь осол гарах үед байсан ослыг харсан талаар мэдүүлсэн хохирогч С.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ....сум руу явж байсан...”Галдангийн сээр” гэх газар явж байтал машин бага зэрэг мургис гэх шиг болсон, хажуу тийш уналаа гээд дотор байсан хүмүүс орилоод байсан. Тэгтэл машин онхолдож 4 дугуй дээш харсан. Тэр үед жолоочийн талын хаалгаар хүмүүсээ гаргасан. Талийгаач Даваасүрэн тэр үед жолоочийн эсрэг талд дарагдсан байдалтай харагдсан. Тэгээд кабины дарагдсан талын хаалгыг татаад онгойхгүй байсан. Тэнд утасны сүлжээ байхгүй ойр хавиар айл байхгүй тул би 2 хүүхэд дагуулаад утасны сүлжээ хайгаад явж байтал нэг машин ирсэн... Тухайн үед 9-үүлээ байсан. Сүхбат машиныг жолоодож явсан, их хурдтай яваагүй... нэхэмжлэх зүйл байхгүй... Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, 
Хохирогч Р.Өлзийжаргалын мөрдөн байцаалтанд “...Яруу сумын нутаг Галдангийн Сээр гэх газарт явж байхад гэнэт машины руль далжигас гээд машин дотор байсан хүмүүс орилолдоод машин хажуу тийш унах шиг болсон... зөөлөн явж байсан. Хурд нь 40-50 орчим км/ц явж байсан. “...Эм тариа, эмчилгээний зардал болон хот дотор эмнэлэг хооронд явсан шатахуун бусад зардалд нийт 951.000 төгрөгний зардал гарсан... Эмчилгээний зардал болон бусад учирсан хохирлыг барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.Цогзолмаагийн “Сүхбатын машинтай сум руугаа явж байгаад машин онхолдсоны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан ... одоо хохирол гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгаас 15 цаг өнгөрч байхад сумын төв рүү багш Сүхбатын машинд суугаад явж байтал машин шарвасан. Тэгээд гэнэт л хазайгаад унасан. Би арын суудлын голын хэсэг дээр Цогзол эгчийн өвөр дээр сууж явсан. Сүхбат багш архи уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч О.Ширзанын мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн төвөөс ээжийнхээ хамт Сүхбат багшийн машинд суугаад явж байтал нэг мэдсэн унасан байсан, намайг машины жолоочийн хаалгаар жолооч гаргасан. Машинаасаа буугаад харахад машины 4 дугуй дээшээ харсан байсан...” гэсэн мэдүүлэг, 
Насанд хүрээгүй гэрч М.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ ...тэр өдөр ээжийнхээ хамт Сүхбат багшийн машинд суугаад явж байтал нэг мэдэхэд машин унасан байсан, намайг машины жолоочийн хаалгаар жолооч гаргасан. Машинаасаа буугаад харахад машины 4 дугуй дээшээ харсан байсан. Тэр үед би ээжтэйгээ Сүхбат ахын жаахан хүүхдийг хараад машинаас бага зэрэг зайтай сууж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Саранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Нямсүрэн эгч хүүхэдтэйгээ Батболд нар явж байсан. Нямсүрэн ярихдаа Сүхбатын машин унасан байна эхнэр Даваасүрэн нь дарагдчихлаа хурдан яваад очоорой гэхээр нь машин унасан газар очиход машин 4 дугуй дээш харсан байсан. Би тэнд машинаасаа үлдээд байж байтал хүмүүс машины урд хэсэг жолоочийн эсрэг талд дарагдсан байсан талийгаач Даваасүрэнг татаж гаргаж ирээд цээжин дээр дарахад чимээ гараагүй нас барсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Туулын мөрдөн байцаалтад өгсөн “...Машин унасан гэх газар очиход машин 4 дугуй дээш харсан байсан. Тэндээсээ буцаж 30 гаруй км Онцын худаг гэх газраас утсаар хамаатан садан болон эмнэлэг, цагдаа руу Амаржаргал багш мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Ч.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Сүхбат, Өлзийжаргал 2 машины шороог ухсан. Талийгаачийн цээжин хэсгийн шороог гаргаад Алтангэрэл, Туул, Саранцэцэг, Нямдорж машиныг түлхэж Саранцэцэг багш бид 2 талийгаачийг татаж гаргасан...” гэсэн мэдүүлэг болон гэрэл зургын үзүүлэлт, хэрэг учрал болсон газрын тэмдэглэлээр тогтоогдож байна. 
   Зам тээврийн ослын улмаас иргэн Б.Даваасүрэнгийн  амь нас хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 201630006 дугаартай “Талийгаач Бат-Өлзий овогтой Даваасүрэнгийн цогцсонд баруун зүүн нүдний алимны няцрал, цус хуралт, элэгний няцрал, баруун зүүн уушиг хатгагдаж цоорсон, баруун зүүн олон талын хавиргануудын хугарал, ууцны 3,4-р нугаламын хугарал, цээж хэвлийн хөндийд цус алдалт, духны зүүн талд, зүүн гарын сарвууны 2,3 дугаар хурууны арын үенд шарх, ууц бүсэлхийн хэсэгт, баруун тохойн үений хэсэгт зулгаралт, нүүрний хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, хүзүүний зүүн тал, өвчүүний хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, доргилтын улмаас үүсэж болно. Дээрхи гэмтлүүд нь талийгаачийг амьд байхад нь үүссэн гэмтлүүд. Талийгаач Бат-Өлзий овогтой Даваасүрэнгийн цогцсонд шууд үхэлд хүргэх архаг, хууч өвчин байхгүй байна. Талийгаач Бат-Өлзий овогтой Даваасүрэн нь баруун зүүн нүдний алимны няцрал, цус хуралт, элэгний няцрал, баруун зүүн уушиг хатгагдаж цоорсон, баруун зүүн олон талын хавиргануудын хугарал, ууцны 3,4-р нугаламын хугарал, цээж хэвлийн хөндийд цус алдалт гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдал, цус алдалтын шокын улмаас нас барсан байна” гэсэн дүгнэлтээр, 
Хохирогч Р.Өлзийжаргалын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 201620199 дугаартай “Р.Өлзийжаргалын биед гэмтэл учирсан байна. Р.Өлзийжаргалын багана нурууны 11-12-р нугаламын шахагдсан хугарал, тархины доргилт, толгойн орой хэсэгт хуйханд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун мөрөнд цус хуралт, хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрхи гэмтлүүд нь 2016.03.25-нд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь оношлогоо, эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, 
 Хохирогч С.Нямсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201620152 дугаартай “С.Нямсүрэнгийн биед гэмтэл учирсан байна. С.Нямсүрэнгийн биед баруун шуу яс доод 1/3 хэсгээрээ хугарсан, баруун богтос ясны мултрал, баруун шууны дотор урд талд зулгарч хавдсан, дээд уруулын зүүн талд зулгаралт, баруун шууны урд дээд хэсэгт цус хуралт, зүүн мөрөнд, зүүн далны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь 2016.03.25-нд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр,

 Хохирогч Т.Цогзолмаагийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 201620150 дугаартай “Т.Цогзолмаагийн биед гэмтэл учирсан байна. Т.Цогзолмаагийн биед тархины доргилт, зүүн нүдний гадна хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. 

         Шүүгдэгч  Н.Сүхбат  нь  Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.б д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээн: б/ жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин зорчигч тээвэрлэж явсан, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “жолооч  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн  нь Завхан аймгийн Авто тээврийн үндэсний төвийн” 2016 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн “... автомашинд учирсан гэмтлүүд нь осол болсны улмаас үүссэн ба хийн даралтгүй болсон дугуйнууд нь осол болохоос өмнө хөдөлгөөнд оролцож байх үед учирсан байж болох ба хөдөлгөөний тогтворжилтод нөлөөлсөн байж болох юм” гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн техникийн шинжээчийн “...Эрүүгийн 201613000046 дугаартай хэргийн сэжигтэн Н.Сүхбат Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн. 
 Тухайн замын нөхцөл байдал, техникийн бүрэн бүтэн байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. 
 Эрүүгийн 201613000046 дугаартай хэргийн материалаас уг тээврийн хэрэгсэл хэрэг гарах үед хэдэн км/ц хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. 
Зорчигч Б.Даваасүрэн, Т.Цогзолмаа, Р.Өлзийжаргал, С.Нямсүрэн нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.а-д заасан “Хамгаалах бүсээр тоногдлогдсон авто машинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх” гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтуудаар  тогтоогджээ.

            Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлинй 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах  нотлох баримтаар үнэлсэн болно.
    Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэллээ.  

    Шүүгдэгч Н.Сүхбатыг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.б дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2.д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Даваасүрэнгийн амь нас хохирч, иргэн С.Нямсүрэн, Р.Өлзийжаргал нарын биед хүндэвтэр, Т.Цогзолмаагийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.    

           Шүүгдэгч Н.Сүхбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар нотлогджээ.
             Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Н.Сүхбат нь хохирогч нарт нөхөн төлсөн болох нь хохирогч С.Нямсүрэн, Р.Өлзийжаргал, Т.Цогцолмаа нарын  шүүхэд ирүүлсэн  хүсэлтээр тогтоогдож байна. 
            Шүүгдэгч Н.Сүхбатад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн” 55.1.8 дахь хэсэгт зааснаар “бага насны хүүхэдтэй” мөн хуулийн 55.1.9 дэх хэсэг зааснаар” үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, түүнд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
              Шүүгдэгч Н.Сүхбат нь 3 хүртэлх насны буюу 9 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Сүхбатын Оюунцэцэгийн 8116000035 дугаартай төрсөн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Б.Тахилмаагийн “энэ хэрэг санамсар болгоомжгүй үйлдэгдсэн. Манай хүргэн ах Сүхбатад хорих ял оногдуулахгүй, түүнд хөнгөн ял оноож өгнө үү. Бага насны 9 сартай нялх хүүхэдтэй хоцорсон байгаа, бидэнд ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэсэн саналыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ.
          Шүүгдэгч Н.Сүхбатаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж   үзээд
             

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Готов овогт Надалдоржийн Сүхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид гэмтэл учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Н.Сүхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбатад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбатад 3 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн  байгууллагад үүрэг болгосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбат нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлдэг болохыг дурдсугай.  
6. Шүүгдэгч Н.Сүхбат тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 01-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Сүхбатад буцаан олгож, рентген зураг-3 ширхэг, СД-1 ширхэгийг хохирогч Р.Өлзийжаргалд буцаан олгож, Н.Сүхбатын жолоодох эрхийн “В” ангилалын үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбатын хувьд ногдох эд хөрөнгөөс 84 м/кв талбайтай 20000000 төгрөгийн үнэ бүхий, улсын бүртгэлийн Ү-0906000027 дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 13 өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.  
9. Хохирогч С.Нямсүрэн, Р.Өлзийжаргал, иргэний нэхэмжлэгч Т.Цогзолмаа нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно
11.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА